Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1012

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч ___,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __төрсөн, эрэгтэй, _____ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ___ шар овогт ___ /РД:_____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн **** дугаар гудамжинд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бага насны хүүхэд болох 6 настай Ц.Н-гийн “LG” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Нэг охин гартаа утас барьсан явж байхад нь булаагаад зугтсан. Цааш яваад гудамжинд явж байсан ахад 120,000 төгрөгөөр зарсан. Хохирлыг төлнө. Гарыг нь мушгиж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Маш их гэмшиж байна” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Н-гийн: “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гараад Зүүнбаян уулын 16 дугаар гудамжинд 18 цагийн үед зогсож байтал манай гэрийн хойд талаар яваад байдаг зүс таних нэг ах миний гарыг мушгиад гар утсыг минь шүүрээд аваад явсан. Миний гар тухайн үед жоохон шалбарсан байсан. “LG” маркийн цагаан өнгөтэй, саарал өнгийн кейстэй гар утас байсан. 2021 оны 4 дүгээр сарын эхээр манай ээж хувь хүнээс Баянбүрдийн тойргийн тэндээс 280.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Манай гэрийн хойд талд гэр нь байдаг хааяа энүүгээр архи уугаад яваад байдаг Баярхүү ах миний гар утсыг миний гараас булаагаад явсан...” гэх мэдүүлэг (хх-11-12),

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ____ дугаар тайланд: “LG маркийн хуучин хэрэглэж байсан, 2021 оны 4 дүгээр сард худалдан авсан 1 ширхэг гар утас 270,000 төгрөг...” гэжээ (хх-22),

Гэрч Б.Э-ийн: “Өчигдөр 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хүүхэд хардаг эгчийн гэрт ороход “манай 6 настай Номингийн гар утсыг хүн шүүрээд аваад явчихсан байна” гэж надад хэлсэн. Араас нь яваад олдоогүй гэж хэлж байсан. Манай охин гадаа гудамжинд тоглож байхад нь хойд гудамжинд байдаг хүн гар утсыг нь булаагаад аваад явчихсан гэж байсан. Би охиндоо 2021 оны 4 дүгээр сард хүнээс 280,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-13-14),

Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 18-32 тоотод гэртээ байж байтал Ошин гээд манай найз орж ирээд пиво ууя гээд хойд уулан дээр пиво уусан. Гэртээ ирээд Д-тэй архи ууж байхад үл таних залуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад Зүүнбаян Уулын 16 дугаар гудамжинд байсан жоохон охины гар утсыг шүүрч аваад зугтаасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир дээрх гэмт хэргийг үйлдсэн. Тухайн гар утсыг 112-ын буудлын хажууд явж байгаад үл таних хүнд 50,000 төгрөгөөр зараад архи уусан. Би тэр хүүхдийн гарыг мушгиж утсыг аваагүй. Харин гараас нь булаагаад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-55),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-26), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-30) зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн ******дугаар гудамжинд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бага насны хүүхэд болох 6 настай Ц.Н-гийн “LG” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан 270,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Гар мушгиж авсан талаар насанд хүрээгүй хохирогч, гэрч Эрдэнэчимэг бас мэдүүлдэг. Мөн шүүгдэгч хүч хэрэглээгүй талаар мэдүүлэг өгсөн. Харсан, үзсэн хүн биш дамжмал байдлаар буюу хүүхэд хардаг хүнээсээ мэдсэн гэдэг. Шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй. Зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хүч хэрэглээгүй болох нь гэрч Б.Э-, насанд хүрээгүй хохирогчийн “шарх сорви учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогддог. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. 6 настай хүүхдийн хувьд хүч хэрэглэх шаардлага байхгүй. Хүч хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Хохирогч гомдолдоо “шүүрсэн” гэдэг бөгөөд булааж явсан гэдгийг мөн гэрч мэдүүлсэн. Шүүгдэгчийн мэдүүлэг мөн ийм агуулгатай байгааг анхаарна уу” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бага насны хүүхэд болох 6 настай хохирогч Ц.Н-гийн “LG” маркийн гар утсыг илээр буюу гараас нь булаасан, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ц.Н-гийн “...Б ах миний гар утсыг мушгиад гар утсыг шүүрээд аваад явчихсан. Миний гараас булаагаад явсан...” гэх мэдүүлэг (хх-11-12), гэрч Б.Э-ийн “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ...“манай 6 настай Номингийн гар утсыг хүн шүүрээд аваад явчихсан байна” гэж надад хэлсэн. Охин гудамжинд тоглож байхад нь хойд гудамжинд байдаг хүн гар утсыг нь булаагаад аваад явчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүгдэгч Б.Б-гийн “...би гудамжинд байсан жоохон охины гар утсыг шүүрч аваад зугтаасан. Тухайн хүүхдийн гарыг мушгиж утсыг нь аваагүй, би хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг(хх-55) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн “...Миний гарыг мушгиад гар утсыг шүүрээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-11) нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд гар мушгиж утас авсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...архи уудаг ах утас булаагаад явчихсан гэж хэлсэн...” гэх өргөдөл (хх-5), гэрч Б.Э-ийн мэдүүлэг (хх-13), шүүгдэгч Б.Б-гийн мэдүүлэг (хх-55) зэргээр няцаагдаж, үгүйсгэгдэж байна гэж үзлээ.     

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг ил аргаар бие махбодь руу хүч хэрэглэхгүйгээр, булаан авч байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хохирогч Ц.Н-гийн барьж явсан гар утсыг хажуугаар нь өнгөрөхдөө булааж авч байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл дээрмийн довтолгооны үед хэрэглэсэн хүчирхийлэл нь хохирогчийн амь насанд аюултай хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүдийн аль нэгийг учруулсан байдаг. Гэхдээ учирсан гэмтэл, үр дагаврын хувьд хүнд биш байсан ч эхэн үедээ амь насанд аюултай байсан бол дээрмийн хэргийн хүчирхийлэл гэж үзэх учиртай юм.

 Иймд шүүгдэгч Б.Б-гийн насанд хүрээгүй хохирогч Ц.Н-гийн гартаа барьж явсан “LG” маркийн гар утсыг шүүрээд зугтсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Б-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Н-д 270,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, учирсан хохирлыг бүрэн төлсөн баримт гаргаж өгснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, насанд хүрээгүй хохирогч болох 6 настай хүүхдийн барьж явсан гар утсыг шүүрч аван гэмт хэрэг үйлдсэн, /гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 270,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-гийн 2021.09.23-ны өдрөөс 2021.10.07-ны өдрийг хүртэл 14 (арван дөрөв) хоног цагдан хоригдсоныг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч _____ овогт ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгчид Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б- тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР