Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1016

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ төрсөн, _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ гол овогт _____ /РД:____/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч П.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр _____ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.С-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун шуу, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021  оны 8 дугаар сарын 05-ны шөнө ажлаас согтуу ирж, эхнэртээ агсам тавьсан. Толгойн ар дагз хэсэгт цохисон. Хохирогчийг юугаар цохисноо санахгүй байна. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.С-гийн: “2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ...манай нөхөр архи үнэртүүлчихсэн ирсэн. ...Шөнө 00 цагаас хойш Б- гэнэт босч ирснээ “тамхи хаана байна, тамхи аваад ир, хоол аваад ир” гээд орилоод байхаар нь би “хоол, тамхиар яах гээд байгаа юм бэ, унтаж амар” гэсэн чинь үгэнд орохгүй, орилоод байхаар нь би “цагдаа дуудна” гээд Самсунг нөт-4 маркийн гар утсаа гаргаад иртэл Б- “яасан их цагдаа дууддаг юм бэ” гээд миний утсыг булааж аваад хана руу саваад, дэлгэцийг нь хагалаад эвдчихсэн. Тэгээд Б- миний нүүр рүү хоёр, гурван удаа цохисон, толгойн ар дагз руу гараараа 2-3 удаа цохихоор нь би гараад зугтсан. Б- 03 цаг хүртэл агсам тавьж байгаад унтаад өгсөн. ...2021 оны 8 дугаар сарын 06-ны өглөө ...босч ирээд надаас тамхины мөнгө нэхээд байхаар нь би “байсан мөнгөө өглөө чамд өгсөн” гэтэл Б- “яах гээд байгаа пизда вэ, ална даа чамайг” гээд байхаар нь гэрээс гараад 102 руу дуудлага өгөөд эргээд хартал Б- гэрийн гадаа байсан хүүхдийн унадаг дугуй аваад шидэхээр нь би бултаад оногдоогүй. Зугтах гэтэл намайг барьж аваад нэг гараараа газраас чулуу аваад миний ар дагз руу нэг удаа цохисон. ...миний араас Б- чулуу аваад шидсэн би оногдоогүй. ...Б- намайг урьд өмнө нь айхтар зодож байгаагүй. Харин их агсам тавьдаг байсан. Би эхлээд цагдаад хэлдэггүй байсан харин сүүлийн үед он гарснаас хойш Б- агсам тавих нь ихэссэн ингээд сүүлд ингэж зодсон. ...Би нөхөртөө маш их гомдолтой байна. Би эвдэрсэн гар утас болон томографийн мөнгө, шүүх эмнэлэг явсан таксины мөнгө төгрөгөө нэхэмжилж байна. 2021 оны 04 дүгээр сарын 22, 30-ны өдрүүдэд архи уугаад агсам тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б-өд хоёр удаа торгуулийн арга хэмжээ авч байсан...” гэх мэдүүлэг (хх-11-12, 15),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.С-гийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, сарвуунд цус хуралт, буруун шуу, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хх-29-30),

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ийн: “Манай аав архи уугаад ээжид байнга агсам тавьдаг. Сая сүүлд аав агсам тавиад ээжийг зодсон гэсэн би хараагүй” гэх мэдүүлэг (хх-24),

Насанд хүрээгүй гэрч Б.Н-гийн: “2021 оны 8 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчим аав Б- хөдөө ажиллаад гэртээ согтуу ирсэн. ...Аав Б- шөнөжингөө агсам тавиад идэж уух юм, тамхи гэх мэт зүйл нэхэж орилоод байсан. Маргааш нь гэрийн гадаа байхад аав ээжийн толгойг чулуугаар цохисон гэсэн, би сүүлд ээжээс сонссон. Аав байнга агсам согтуу тавьж, гэрийн эд зүйл эвддэг байсан. Бид нарт маш хэцүү байдаг. Сүүлд ээжийн гар утсыг эвдээд, ээжийн толгойг чулуугаар цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг (хх-27),

               Шүүгдэгч П.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагаас хойш эхнэртээ агсам тавиад цагдаа дуудах гэлээ гэж гар утсыг нь эвдэж гар болон чулуугаар эхнэр С-г цохиж зодсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-47),

 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1631128, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1631154 дугаартай шийтгэлийн хуудсууд (хх-80, 89),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-48), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-53), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-54), банкны депозит дансны хуулга (хх-55), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-56-64), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-65), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-66-69), Асап сангийн лавлагаа (хх-91-97) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Б- согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр _____ тоот гэртээ эхнэр Б.С-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун шуу, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.С-гийн “...архи үнэртүүлчихсэн ирсэн. Б- миний нүүр рүү хоёр, гурван удаа цохисон, толгойн ар дагз руу гараараа 2-3 удаа цохисон. ...Б- гэрийн гадаа байсан хүүхдийн унадаг дугуй аваад шидэхээр нь би бултаад оногдоогүй, ...намайг барьж аваад нэг гараараа газраас чулуу аваад миний ар дагз руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-11-12), шүүх эмнэлгийн 7181 дүгээр “1. Б.С-гийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, сарвуунд цус хуралт, буруун шуу, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-29-30), насанд хүрээгүй гэрч Б.Ч-ийн: “...манай аав архи уугаад ээжид байнга агсам тавьдаг. Сүүлд аав агсам тавиад ээжийг зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хх-24), насанд хүрээгүй гэрч Б.Н-гийн “...гэрийн гадаа байхад аав ээжийн толгойг чулуугаар цохисон гэсэн...” гэх мэдүүлэг (хх-27), шүүгдэгч П.Б-ийн яллагдагчаар өгсөн “...эхнэртээ агсам тавиад цагдаа дуудах гэлээ гэж гар утсыг нь эвдэж гар болон чулуугаар эхнэр С-г цохиж зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг (хх-47) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Б-ийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.С-г хувийн таарамжгүй харьцааны улмаас гараар цохих, чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг тус тус харгалзан шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр _____ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.С-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун шуу, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийг мэдүүлгээр тогтоогдож байх тул 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна. Би сарын 2 сая төгрөгийн цалин авдаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэртэйгээ маргалдан олон удаагийн цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /5-17 насны 4 хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тодорхой орлоготой, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, удаа дараа гэртээ агсам тавьж байсан/-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг харгалзан шүүгдэгч П.Б-ийг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт ____ Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР