Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/582

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Балжинням хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ийн  Г--д холбогдох эрүүгийн 2110013720600000 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн  аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “******* Б-” ХХК-д ажилладаг, ам бүл-4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 84-0000 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б- овогт Б-ийн Г-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г-нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхон Г-эмч нарын байранд салсан эхнэр Б.И-ийг бусадтай хардаж, толгойн тус газарт нь 4 удаа цохиж, газраар чирч, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал,  баруун гарын алганд зулгаралт, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн гарын бугуйнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г-шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

Эрүүгийн 21100137200000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/

Хохирогч Б.И-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

Гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 6707 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа/хх-ийн 57-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58-р хуудас/,хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар /хх-ийн 59-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 60-64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Г-нь 2021 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхон Г-эмч нарын байранд хамтран амьдарч байсан хохирогч Б.И-ийн толгойн тус газарт нь 4 удаа цохиж, газраар чирсний улмаас “баруун хацар, шанаа, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн гарын бугуйнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 8-р хуудас/,

Хохирогч Б.И-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ******* хотхоны урдаас харсан онцгой байдлын байранд буюу гэртээ ганцаараа байж байсан. 02 цагийн орчим манай салсан нөхөр Г- над руу залгаад “гараад ир” гэсэн. Би гарахгүй гээд байж байтал манай жижүүр ******* гэх хүнийг манай гэр рүү орно гээд зовоогоод байсан. Жижүүрийн хажууд над руу утсаар ярьсан. Би гараад очсон чинь манай гэр рүү орно гээд байхаар нь “оруулахгүй, чадахгүй” гэж хэлсэн чинь миний араас чирээд байрны гаднах хашаанаас гарах гээд байсан. Би эсэргүүцсэн чинь Г- шууд миний толгой руу цохисон. Намайг тонгойгоод суусан чинь миний гар утсыг аваад газар шидэж эвдлээд дахиад толгой руу 2-3 удаа цохисон. Би газар унахад намайг өшиглөсөн. Хашааны гадаа танихгүй хүмүүс хараад байсан чинь “үхсэндээ хараав” гээд Г- хэрэлдэж байх зуур би жижүүртэй хамт байр руугаа зугтааж ороод цагдаа дуудсан юм. Г- бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн 1 жил гаран хамтран амьдарсан дундаасаа нэг хүүтэй юм.

Г- өмнө нь хамтран амьдардаг байхад нэг удаа гутлаа миний толгой руу шидэж байсан. Өөр зүйл байхгүй. Г- 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр намайг зодохдоо нэлээн согтуу ирсэн. Манай орцны жижүүр ******* гэх хүн харж байсан. Миний толгойд учирсан зөөлөн эдийн няцралууд тархи доргилт зэрэг гэмтлүүд Г- намайг цохих үед учирсан. Харин хөл гарын зулгаралт болон цус хуралтууд нь Г-ад цохиулаад газарт унахад учирсан гэмтлүүд юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг Г- барагдуулсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны шөнө би ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ******* хотхоны урд талын оюутны байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажлын байран дээрээ байсан. Намайг 2021 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед өрөөндөө байж байтал үүд нүдэх чимээ гарахаар нь очоод хэн бэ? яах гэж байгаа вэ? гэж асуутал “өрөөндөө оръё” гэж нэг согтуу залуу хэлсэн. Тухайн залуугаас би хаашаа орох гэж байгааг нь асуухдаа *******ийн өрөөний жагсаалтыг харсан чинь өрөөндөө ганцаараа байдаг хүүхэд байсан. Үүний дараа тухайн залууд ******* ганцаараа амьдардаг юм байна гэж хэлтэл хаалга татаад ороод ирсэн. Би оруулахгүй гээд байж байтал ******* өөрөө бууж ирсэн. Тэр үед тэр залуу намайг хараагаад байсан. ******* намайг өмөөрсөн чинь нөгөө залуу *******ийг гараас нь татаад цаашаа хашаа руу авч яваад зодож цохиод эхэлсэн. Үүний дараа хүмүүс явж байхдаа тэр үйлдлийг харж таараад тэр согтуу залуутай хэрэлдсэн. Тэр үед нь ******* зугтааж амжаад бид хоёр хаалга цоожлоод цагдаад дуудлага өгсөн. *******ийн нүүр ам руу цохиод өшиглөж байхыг нь би харсан. Сүүлд анзаарахад *******ийн нүүр амнаас нь цус гарч байсан. Хөл гар нь шалбарчихсан байсан. Мөн тэр охины гар утсыг нь эвдчихсэн байх шиг харагдсан. Тэр залуу “чи яахаараа надтай хамт байдаггүй юм бэ” гээд зодоод байх шиг байсан. Тэр залууг хэн гэдгийг нь мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. ******* хэлэхдээ хуучин нөхөр өөр хүнтэй хардаад зодоод байгаа юм. Уг нь салчихсан юм гэж хэлсэн. Би одоо харвал танихгүй байх шөнө дунд хальт харсан. Дундавтар биетэй, шар царайтай залуу байсан. Хуулийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 6707 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.И-ийн биед баруун хацар шанаа, зүүн чамархайн хуйханд, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн бугуйнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа, би гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ба хохирлоо төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Г-, хохирогч Ж.И нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2019 оноос хойш 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээд байна.

Шүүгдэгч Б.Г-нь согтуурсан үедээ хамтран амьдарч байсан хохирогч Ж.И-ийн биед халдаж эрүүл мэндэд нь “баруун хацар шанаа, зүүн чамархайн хуйханд, зөөлөн эдийн няцрал,баруун гарын алганд зулгаралт, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн бугуйнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.И-ийн  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.Г-нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-ад мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-ад мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч Б.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР