| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1235/И |
| Дугаар | 00751 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Цагаан Уул тэрхэн ХХК-ийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 3ах-13 тоотод оршин суух, Огоо овогт Жамсрангийн Алтанхуяг /РГ- 59081901/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-31 тоотод оршин суух, Баатрууд овогт Цэнд-Аюушийн Чулуунцэцэг /РГ-59082307/-т холбогдох,
Дулааны төлбөр нийт 2.025.350 /хоёр сая хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ц.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл Дулаан” ХК-ны ажилчин байсан Ц.Чулуунцэцэг нь тус компаний борлуулалтын ажил хариуцан дулааны төлбөр надаас авч санхүүгийн баримт өгөн цааш нь байгууллагдаа тушаадаг байсан. Гэтэл надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай нь тооцоо нийлэх үеэр илэрсэн юм. Ц.Чулуунцэцэг энэ талаар өөрөө ч хүлээн зөвшөөрч би мөнгийг чинь цувуулаад буцааж өгнө гэж амалсан боловч 2015 оны 3 сард 100000 өгсөнөөс хойш дахин мөнгө өгөөгүй, хуурсаар байгаа бөгөөд утсаар нь залгахад авахаа ч больсон...
...Ц.Чулуунцэцэг нь зөрүү гарвал төлнө гэж надад гарын үсэг зурж өгсөн баримт ч байгаа бөгөөд 2014 оны мөнгөний баримтууд нь “Хөвсгөл Дулаан” болон бидний хооронд байгуулсан гэрээг тооцох үед тус компаний дансанд тушаагдаагүй байсан.Түүний хувьдаа завшсан нь тооцоогоор илэрсэн боловч 714400 төгрөгийг би дахин буюу давхар төлж байгууллагатай нь тооцоо дуусган, түүний өөрийнх нь хүсэлтээр өөрөөсөө барагдуулсан.Иймд Ц.Чулуунцэцэгийн дулааны төлбөр нэрээр надаас авч байгууллагадаа төлөлгүй замаас нь завшин намайг хохироосон 714400 төгрөгийг түүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
...хариуцагч Ц.Чулуунцэцэг нь халаалтын хөлсөнд бэлнээр мөнгө авахдаа оронд нь гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулан өгсөн мөнгөний баримтууд эх хувиараа надад байгаа боловч миний өгсөн халаалтын хөлсүүд “Хөвсгөл Дулаан” ХХК-нд сар бүр орлого болон ороогүй нь тус компаний архивт үлдсэн санхүүгийн баримтуудаар нотлогдож байх тул Ц.Чулуунцэцэгээс нийт 2.130.035 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Хөвсгөл Дулаанд байцаагч нийж байхдаа Цагааннуур зочид буудлыг 2009-2013 он хүртэл хариуцаж байсан. 2014 онд ажлаа өгөхөд дээрх нэхэмжлэл бүхий тооцоо байгаагүй. ...Нэхэмжлэлд хавсаргасан материал нь 2009-2012 оны төлбөр тооцоо байна. Энэ хүү төлбөр тооцоо нь тухайн он жилүүдийн санхүүгийн шалгалтанд улирал, хагас бүрэн жилээр тооцоо нийлэн шалгуулж байсан учир надтай холбоотой зөрчил тооцоо илэрч байгаагүй. Илэрсэн тохиолдолд санхүүгийн хуулийн дагуу ажлаас чөлөөлдөг дүрэмтэй. Мөн 2011-2012 онд “Хөвсгөл Дулаан” ХХК-д санхүүгийн албанд Авилгатай тэмцэх газраас шалгалт орж бүх албан байгууллага, ААНэгч, айл өрхийг нэг бүрчлэн шалгахад надтай холбоотой зөрчил гарч байгаагүй болно. Байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан тул ийм зөрчил гарах үндэслэлгүй. Имйд шинэчилсэн гэх тооцоогоо тухайн үед хариуцах ерөнхий санхүүч Лхамсүрэнтэй нийлэн нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Би 2014 онд тэтгэвэрт гарахдаа компанитай холбоотой тооцоогоо дуусгаад гарсан тул надтай холбоотой ийм тооцоо гараагүйя агаад компани татан буугдсны дараа, холбогдох хүмүүс нь гарсан хойно 8-9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж хүний нэр төрд халдаж бүтэн жил шүүхээр явуугаад байгаад гомдолтой бөгөөд хохиролтой байна.Иймд Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийг нягтлан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чулуунцэцэг нь Хөвсгөл Дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид дулааны төлбөр хариуцсан байцаагчаар ажиллаж байхдаа миний дулааны төлбөрт төлсөн мөнгөнөөс 2009 онд 280.000 төгрөг, 2010 онд 351.850 төгрөг, 2011 онд 480.000 төгрөг, 2012 онд 346.500 төгрөг, 2013 онд 567.000 төгрөг буюу нийт 2.025.350 төгрөгийг байгууллагадаа тушаах нэрийдлээр үндэслэлгээр олж авсан гэж үзэж уг мөнгийг түүнээс нэхэмжилж байна. Миний бие шүүхэд анх 714.400 төгрөгийг Ц.Чулуунцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.130.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Харин одоо баримтын хэмжээнд 2.025.350 төгрөг болгож багасгаж байна. Ц.Чулуунцэцэг нь надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгдөг атлаа байгууллагадаа тухайн мөнгийг бүрэн тушаадаггүй байсан байдаг. Ц.Чулуунцэцэг энэ талаар өөрөө ч хүлээн зөвшөөрч ярихдаа одоохон би тэтгэвэрт гаргах гэж байгаа үүнээсээ өмнө ажилгүй болчихвол надад хэцүү би төлнө гэж ярьдаг байсан бөгөөд нэг удаа 100.000 төгрөг өгч байсан.Миний хувьд өгчих болов уу гэж харсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй бөгөөд дээрх мөнгийг би давхар Хөвсгөл Дулаан ХХК-нд давхар төлж хохирсон. Миний бие “Хөвсгөл Ус Суваг“ хязгаарлагдмал хариуцлагатай компани дээр очиж баримтуудыг тулгаж нягталж байж нэхэмжлэл гаргасан. “Хөвсгөл Ус Суваг “ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн лавлагаатай миний нэхэмжлэл яагаад зөрж байгааг сайн мэдэхгүй байна. Би тооцоог буруу зөрүүтэй гаргаж ирсэн байж магадгүй юм. Гэхдээ үүнийг шүүх нягтлаж шалгах ёстой. Мөн Ц.Чулуунцэцэг ч гэсэн тулгаж нягтлах ёстой шүү дээ гэв.
Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан. Би тухайн үед дулааны байцаагч байсан учир мөнгө хурааж аваад тооцоо нийлж байгуулагадаа тушаадаг байсан. Би 2014 онд тэтгэвэрт орсон. Хэрвээ тухайн үед байгууллагатайгаа тооцоо байсан бол байгууллага намайг ажлаас гаргах үед надаас нэхэх учиртай, тэгээд ч аль 2009-2013 оны төлбөр тооцоог одоо 8-9 жил өнгөрсөн хойно яагаад гаргаж ирж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр дууссан баймаар юм. Хэрвээ үнэхээр тооцоо байгаа бол байгууллагатай ярих юм биш үү. Тэгээд дараа нь байгууллага нь надаас нэхдэг юм байгаа биз. Алтанхуягт 100.000 төгрөг өгсөн нь үнэн. Ажлаасаа гараад удаагүй байсан. Тухайн үед Алтанхуяг надад чи бид хоёрын хооронд нэг сарын төлбөрийн тооцоо байна гэхээр нь би тийм юм баймааргүй юм даа гэсэн боловч Алтанхуяг нэхээд утасдаад байхаар нь 100.000 төгрөг юм бол за яахав гэж бодоод өгсөн. Гэтэл дараа нь мөнгөний тоо нэмэгдэж нэхэж эхлэсэн тул би Ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж байж учрыг нь олно гээд өгөөгүй. Одоо бодоход би өгөхгүй байсан мөнгийг өгсөн байна лээ. Би ганцаараа тооцоо нийлдэггүй миний дээр ерөнхий нягтлан бодогч давхар тооцоо хийж төлбөртэй бол төлбөртэй байна гээд л гараад ирдэг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь хариуцагч Ц.Чулуунцэцэгт холбогдуулан дулааны төлбөр 2.130.350 /хоёр сая нэг зуун гучин мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны үед 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 60.000 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 55.000 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 40.000 төгрөг, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 45.000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 35.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 45.000 төгрөг, 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 130.000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 121.850 төгрөг, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 60.000 төгрөг, 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 40.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, 2011 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 80.000 төгрөг, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 50.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 131.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 115.500 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 105.000 төгрөг, 2013 оны 2 дугаар сард 231.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 231.000 төгрөг буюу нийт 2.025.350 төгрөгийг тухайн үед “Хөвсгөл Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компаний дулааны төлбөр хариуцсан байцаагч Ц.Чулуунцэцэгт өгснийг Ц.Чулуунцэцэг нь байгууллагадаа тушаах нэрийдлээр үндэслэлгээр олж авсан гэж үзэж уг мөнгийг түүнээс нэхэмжилж байна.
Хариуцагч Ц.Чулуунцэцэг нь нэхэмжлэгч Ж.Алтанхуягаас дулааны төлбөрт дээр дурьдсан мөнгийг авсан талаараа маргахгүй бөгөөд тухайн төлбөрийг байгууллагадаа тушаасан гэж тайлбарлаж байна.
“Хөвсгөл Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь татан буугдаж шинээр “Хөвсгөл Ус Суваг“ хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгууллагдсан байх бөгөөд тус компаниас нэхэмжилд дурьдсан хугацааны дулааны төлбөр төлсөнтэй холбоотой лавлагааг авахад 2009 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 55.000 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 60.000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг, 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 130.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100.000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 50.000 төгрөг тус тус төлсөн баримтууд байна гэжээ.
Дээр дурьдсан лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан зарим хэсэг хугацааны төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна.
“Цагаан-Уул” зочид буудлын дулааны төлбөрийг төлсөнтэй холбоотой “Хөвсгөл Ус Суваг“ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн баримт нь нэхэмжлэлд дурьдсан хугацааны төлбөр төлсөн болон төлөөгүй гэх үйл баримттай зөрүүтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “яагаад зөрж байгааг сайн мэдэхгүй байна. “Хөвсгөл Ус Суваг“ хязгаарлагдмал хариуцлагатай компани дээр очиж баримтуудыг тулгаж нягталж байж нэхэмжлэл гаргасан. Би тооцоог буруу зөрүүтэй гаргаж ирсэн байж магадгүй юм. Гэхдээ үүнийг шүүх нягтлаж шалгах ёстой” гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд зөрүүтэй гэх дээрх баримт нь зохигч өөрөө олж авах боломжгүй баримт биш тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурьдсан шаардлага нь нотлогдохгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Ц.Чулуунцэцэг дулааны төлбөрт авсан мөнгө байгууллагадаа тушаагаагүй гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Хөвсгөл Ус Суваг“ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн лавлагаанаас зөрүүтэй байх тул уг мөнгийг төлөөгүй гэж үзэж Ц.Чулуунцэцэгээс гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд дулааны төлбөрийг төлөхөөр төлбөр хариуцсан байцаагчид өгсөн атал байцаагч төлбөрийг байгууллагадаа төлөөгүй тул уг мөнгийг нэхэмжилж байна хэмээн нэхэмжилсэн бөгөөд эхний болон сүүлийн төлбөр төлсөн хугацаагаар авч үзвэл 2009 оны 9 дүгээр сард төлсөн дулааны төлбөрийг нэхэмжлэхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 9 сард, 2013 оны 5 сард төлсөн дулааны төлбөрийг нэхэмжлэхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 5 сард тус тус дууссан байна.
Мөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Чулуунцэцэгт холбогдох дулааны төлбөр 2.025.350 /хоёр сая хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 21.770 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанхуягт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон