Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1057

 

 

 

 

2021        10          15                                   2021/ШЦТ/1057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

Улсын яллагч  Б.Өнөрбаяр,

Хохирогч М.П,

Шүүгдэгч Г.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Г-н О холбогдох эрүүгийн 2106 02696 1825 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ...............

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-207 тоотод хохирогч М.П-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутгаар баруун бугалга хэсэгт нэг удаа хутгалж, цээж, зүүн шуунд хөлөөрөө өшиглөж баруун бугалганд шарх, цус хуралт, цээж, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр П эхнэртэйгээ хамт манайд ирж архи уугаад явсан. П нь манай гэрт бичиг баримтаа үлдээгээд буцааж авах гэж байхдаа гэрийн хаалгыг эвдсэнээс болж тухайн хэрэг гарсан. Тухайн үед болсон явдалд харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн өдөр болоод тухайн өдөр эхнэрийн хамт О-н гэрт очсон. Бид нарыг гэрт нь очиход О-н эхнэр 1 шил архи гаргаж ирээд бид хамтдаа сууж төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд явах болоод үүднийх нь таампарт сууж байгаад бичиг баримт, гар утсаа авах гэтэл бидний дунд маргаан болсон. Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 94.450 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Эрүүгийн 2106 02696 1825 дугаартай хэргээс:

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол хх-ийн 28-29 дүгээр хуудас,

Хохирогч М.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед О ахын гэрт очсон. О ах намайг гэрээсээ хөөгөөд хутга гаргаж ирээд баруун гарын булчин хэсэгт хутгаараа хатгасан. Би тэр үед хаалганы босгонд тээгэлдэн унасан. Тэр үед цээж болон зүүн гарт өшиглөсөн” гэх мэдүүлэг хх-ийн 13-14 дүгээр хуудас,

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О, П нар маргалдаж ноцолдох үед О шургуулганд байсан бор өнгийн иштэй хутгыг авч харагдсан. Тэгээд харахад Пгийн гараас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7494 дугаартай, “...М.П-гийн биед баруун бугалганд шарх, цус хуралт, цээж, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.О-н ял шалгах хуудас /хх-ийн дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.О-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Хохирогч М.П-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

Прокурорын санал /хх-ийн 57 дугаар хуудас/,

Хохирогч М.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Г.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Г.О нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-207 тоотод хохирогч  М.П-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутгаар баруун бугалга хэсэгт нэг удаа хутгалж, цээж, зүүн шуунд хөлөөрөө өшиглөж баруун бугалганд шарх, цус хуралт, цээж, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.П, гэрч Х.Э нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7494 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч М.П-гийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.О-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.О-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч М.П гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 94.450 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Г.О-с 94.450 төгрөгийг гаргуулж хохирогч М.П-д олгох нь зүйтэй байна.  

Хохирогч М.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд Г.О-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Очирхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.П гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Г-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.О-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-с 94.450 төгрөгийг гаргуулж ...................  тоотод оршин суух, утас:.......... РД:.......... регистрийн дугаартай хохирогч Х овогт М-н П-д олгосугай.

7. Хохирогч М.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд Г.О-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.  Ялтан Г.О нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА