Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0624

 

 

 

 

 

 

    

 

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын

                           хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа    

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Б.Б

Шаардлага: “Т.Бат-Эрдэнэд холбогдох 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар  сарын 16-ны өдрийн 0043 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Б

Хариуцагч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 159/2023/0044/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0043 дугаар шийдвэрээр: “ Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан   прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-н 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

2.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Ингэж шийдвэрлэхдээ иргэн Т.Б-эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр эзэмшүүлсэн газрын 15 жилийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болж, сунгуулах хүсэлт гаргаагүй, 2 жил эрх бүхий байгууллагын зөвшөөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаад 2023 оны 03 дугаар сард зөрчлөө өөрөө илчлэн ирж хүсэлт гаргасан тул зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан болно.

2.2. Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт ... газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “... Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан байна.

2.3. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхйи албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэн тухайн газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогчоор татсан нь хуульд нийцэж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг... мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасан.

2.4. Нийслэл болон бүх аймгийн Газар, геодези, зураг зүйн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан хэм хэмжээг үндэслэн зөрчилд шийтгэл оногдуулж шийдвэрлэж байгаа учир миний тухайд хэн нэгнийг торгож хохироох санаа зорилго огт байхгүй, хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх ганцхан зорилготой байгаа юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0043 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Б-с гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хэрэг үүсгэн, улмаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй байна.

2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д энэ хуульд заасан гомдол гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дээрх байдлаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх талаар заасан боловч хугацааг тусгайлан заагаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэхээр байна.

2.3. Гэтэл анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр прокурорын дүгнэлт үйлдэж, шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлж дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.

2.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор А.Баясгалангийн дүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-н 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550263 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлт /гомдол/-ыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ