Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 48

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч С.Зоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230  дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лантуу овогт Самданцэрэнгийн Зоригтод холбогдох эрүүгийн 201615000141 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Лантуу овогт Самданцэрэнгийн Зоригт. РД: ЙВ73121016.

 

Шүүгдэгч С.Зоригт нь согтуурсан үедээ төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнбатын эрх чөлөөнд халдаж, улмаар зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

          Шүүгдэгч С.Зоригт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай суманд автын үзлэг явагдаж дуусаад аймгийн авто тээврийнхэн явах гээд байж байтал 17 цагийн орчим манай сумын иргэн С.Зоригт согтуу автын оношлогооны хүмүүстэй машин мотоциклийнхоо дугаарыг өврөөсөө гаргаж ирээд үзлэгт оруулах гэж байгаа машины дугаар солино гээд хэрүүл маргаан хийхээр нь оношлогооны 1 залуу Зоригтыг аймаг руу очиж машины дугаараа солиулаарай энд солихгүй гэж хэлсэн. Фургон машины хаалгыг гараараа хүчтэй хаагаад онгойлгоод хаалгыг нь хаалгахгүй өөрөө хөшиж зогсоод байхаар нь би машин дотроос бууж ирээд согтуу байна гэртээ харь гэж хэлээд холдуулах гэтэл Зоригт юм хэлэлгүйгээр миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон чинь миний уруулын дотор талын завьж хэсэг язарсан. Би Зоригтыг машин руу татаад оруулах гэсэн чинь Зоригт миний өмсөж явсан цагдаа малгайг авч шидээд толгойн тус газар 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Би Зоригтыг машин дотор оруулсан. Оношлогооны хүмүүсийн машиныг асаалгаад кобан байранд хүргүүлээд Зоригттой хамт машинаас буугаад кобан байр луу Зоригтыг аваад оруулах гэтэл орохгүй гэхээр нь би ажлынхаа өрөөг онгойлгоод Зоригтыг сугадаад ажлынхаа өрөө рүү дагуулж явж байтал Зоригт миний өмсөж явсан албаны хувцаснаас заамдаж аваад, үүрээд унагаах гэж байгаад өөрөө Зоригт миний дор ороод нүүрээрээ газар унаад баруун талынхаа шанаа хэсгийг зулгалсан. Миний өмсөж явсан албаны ноосон цамцны энгэрийг урчихсан. Зоригт босож ирээд миний баруун хөлний гуяны дотор тал руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь миний хөл алхаж чадахаа байсан. Би тэгэхээр нь албаны цахилгаан бороохойгоо гаргаад дуугаргасан чинь Зоригт цахилгаан бороохойг булааж аваад намайг цахилгаан бороохойгоор цохих гээд дайрахаар нь би Зоригтоос цахилгаан бороохойгоо авах гээд ноцолдсон чинь Зоригт цахилгаан бороохойг газар шидчихсэн. Би тэгэхээр нь аймгийн оношлогооны ажилтан Сугараа гэдэг залууг өрөөнд ороод гав олоод ир гэж хэлсэн. Сугараа гэдэг залуу өрөөнөөс гав олж ирээд өгөхөөр нь Зоригтыг гавлах гэтэл Зоригт миний гавыг надаас булааж аваад хол шидчихсэн. Би Зоригтыг аймгийн авто тээврийн оношлогооны машинд ноцолдож байгаад ганцаар оруулсан. Тухайн өдөр С.Зоригтыг авто тээврийн машинаар аймаг орж ирж Цагдаагийн газарт саатуулсан. Би яллагдагч С.Зоригтоос хохирлын мөнгө болох 92.000 төгрөгийг өөрийн голомт банкны 6000001717 гэсэн дугаарын дансаар авсан. Миний бие зүгээр болсон. Намайг ажил  үүргээ гүйцэтгэж явахад С.Зоригт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний эрх, чөлөөнд халдсан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Хохирлын талаар маргаан байхгүй. Зоригтын гаргасан үйлдэл дээр хуулийн байгууллагаар шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 хуудас/,

 

Гэрч У.Пүрэвдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Тарагт суманд авто үзлэг болоод Зоригт очсон байсан. Бид нар машинаа үзлэгт оруулах гэтэл автын үзлэгийн хүмүүс одоо цаг болсон, үзэхгүй гээд хэлсэн. Тэгээд Зоригт ажил төрөлтэй байна үзээд өгөөч гээд гуйж байсан. Тэгсэн тэр хүмүүс нь дээрээс цаг болсон гээд авто үзлэг хаа гэсэн. Тэгсэн чинь Эрдэнэбат цагдаа авто үзлэгийн цагаан фургоны хойд хажуу хаалганаас бууж ирсэн. Тэгтэл С.Зоригт нөгөө цагдаатай барилцаад авч байгаа харагдсан тэгээд цагаан фургон машинд Зоригтыг чирээд орж байгаа харагдсан. Машинаа асаагаад урагшаа захиргааны үүднээс хөдлөөд явсан. Фургон машинд суусан авто үзлэгийн хүмүүст л С.Зоригт машинаа үзлэгт оруулна гээд хэлээд цаадуул нь цаг болсон гээд байсан. 16 цаг болсон гээд хэлээд тэгсэн цагдаа фургоны дотроос гарч ирээд С.Зоригттой юм яриад байгаа харагдсанаа л хоорондоо зууралдаад авсан. Зоригт юу гэж цагдаад хэлснийг мэдээгүй. С.Зоригт их согтуу байгаагүй халамцуу байсан. Машинаа үзлэгт оруулна гээд С.Зоригт нь тэр авто үзлэгийн хүмүүстэй маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 хуудас/,

 

Гэрч С.Сугарсанжаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд Авто тээврийн улсын үзлэгийг сүүлийн өдөр хийж байхад 16 цагийн үед манай машин дээр Тарагт сумын иргэн С.Зоригт нь согтуу ирээд би машинаа үзлэгт оруулчихмаар байна. Ах нь машинаа өвөртлөөд ирлээ гээд машиныхаа номерыг өврөөсөө гаргаж ирсэн. Би Зоригтод та машинаа авч ирээгүй бол үзлэгт орох ямар ч боломж байхгүй, машинаа аймагт авч очоод үзлэгт оруулаарай гэж хэлсэн. Зоригт би мөнгө төгрөгийг нь өгнө гээд дайраад байсан. Би тийм юм байдаггүй юм гээд машиныхаа хаалгыг хаасан. Тухайн үед машин дотор Тарагт сумын цагдаа Эрдэнэбат манай ажилтан Пүрэвсүрэн бид 3 байсан. Зоригт байн байн манай машины хаалгыг онгойлгоод хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь сумын цагдаа Эрдэнэбат та одоо яагаад байгаа юм агсам тавиад байгаа юм уу та одоо яв гэж хэлсэн. Тэгсэн Зоригт агсам тавьсан ч яадаг юм гээд өмнөөс нь хэрүүл маргаан Эрдэнэбат цагдаатай хийгээд байсан. Зоригт машины хаалгыг ахиж онгойлгоод бариулаас нь тавихгүй байхаар нь гарыг нь түлхсэн чинь Зоригт шууд хойшоо бүдэрснээ эргэж хараад цагдаа Эрдэнэбатын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохьсон. Эрдэнэбат Зоригтыг барьж аваад машиндаа ноцолдож байгаад суулгаад кобан байр руу манай ажлын машинтай хүргэж өгсөн. Кобан байрны гадаа ирээд Зоригтыг Тарагт сумын цагдаа Эрдэнэбат машинаас буулгаад Зоригтыг баруун гараараа сугадаж бариад зүүн гараараа ажлынхаа гадна хаалгыг онгойлгож байтал Зоригт Эрдэнэбатыг тонгорч унагаах гэж байгаад өөрөө нүүрээрээ газар унаад Эрдэнэбат Зоригтын дээр унасан. Эрдэнэбат Зоригтыг босгож ирээд ажлынхаа өрөө рүү оруулах гээд Зоригтыг дагуулаад явтал Зоригт өрөөнд орохгүй гэж эсэргүүцээд Эрдэнэбатын баруун шанаа болон баруун чихний орчим гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн Эрдэнэбат цагдаа цахилгаан бороохой гаргасан чинь Зоригт цахилгаан бороохойг нь булааж аваад Эрдэнэбатын нүүр лүү нь цахилгаан бороохойгоор цохих гээд дайрч байгаад бороохойг нь хол шидсэн. Эрдэнэбат цагдаа намайг өрөөндөө ороод гав гаргаад ир гэхээр нь би өрөөнд нь ороод ширээн дээр байсан гавыг нь Эрдэнэбатад олж ирж өгөөд машиндаа суучихсан. Тэгсэн Зоригт Эрдэнэбат цагдаатай ноцолдож байгаад гавыг нь булааж аваад шидсэн. Эрдэнэбат Зоригтыг өрөө рүүгээ оруулахаа болиод буцаж машинд оруулж ирсэн. Ажлынхаа өрөөг онгорхой үлдээгээд бид нартай Зоригтыг аваад явж байгаад аймаг орж ирээд аймгийн цагдаагийн үүдэнд хамт буугаад үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Эрдэнэбат цагдаа С.Зоригтыг цохиж зодсон зүйл байхгүй. Зоригт их согтуу байсан. Манай машины хаалгыг байн байн онгойлгоод байхаар нь Эрдэнэбат боль гэж шаардлага тавихад биелүүлээгүй эсэргүүцснээс болж маргалдаж эхэлсэн. Зоригт нь цагдаа Эрдэнэбатыг Тарагт сумын захиргааны үүдэнд маргалдаж байхдаа нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод Эрдэнэбатын уруулаас нь цус гарч байсан. Кобан байрны гадаа Зоригтыг Эрдэнэбат ажлын өрөөндөө дагуулж орох гэтэл Зоригт эсэргүүцээд Эрдэнэбатын хөл рүү өшиглөхөд Эрдэнэбат доголоод байсан. Тарагт сумын захиргааны үүдэнд болон кобан байрны гадаа Эрдэнэбат Зоригт нар ойролцоогоор 30-40 минут маргалдсан. Зоригт цагдаа Эрдэнэбаттай маргалдаж дуусаад машинд орж ирээд цагдаа Эрдэнэбатыг намайг аймаг авч явах гэж байгаа бол манай хонийг чи хар хонь харах хүн явуул, Баттөгст хэл би чамайг сүүлд нь араас чинь хутгална гээд цагдаа Эрдэнэбатыг занаад байсан. Мөн өөрийнхөө зулгарсан шархыг Эрдэнэбат цагдаа намайг цохиж зодсон гэж хэлнэ гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэнэбатыг үзэхэд баруун гуя нь хавдартай эмзэглэл ихтэй явахад улам өвчин нэмэгдсэн байдалтай байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй, рентгэн зурагт ясанд гэмтэлгүй байсан учир зөөлөн эдийн гэмтэл гэж үзээд хөдөлгөөн хязгаарласан эмэн эмчилгээ хийлгэхээр зөвлөсөн. Дахиж ирж үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

 

Гэрч Т.Дүгэржавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шөнө 01 цагийн орчим унтах гэж байхад манай саахалтын Алтанхуяг Монгол даатгалын жолооч, Монгол даатгалд ажилладаг гээд бас нэг хүүхэнтэй гурвуулаа манайд 1 шил 0.75 литрийн Ерөөл архи, 2.5 литрийн Боргио пивотой орж ирсэн. Би тэд нарт хоол хийж өгсөн. Манай нөхөр Зоригт манай саахалтын Алтанхуяг нар архи пивыг нь хувааж уусан жолооч бага зэрэг уусан. Хамт явсан хүүхэн бид 2 архи пивоноос нь уугаагүй. Тэд нар манайхаас өглөөний 04 цаг өнгөрч байхад явсан. Зоригт 04 цаг өнгөрч байхад унтаад 08 цаг өнгөрч байхад босоод хонио бэлчээгээд Тарагт сум руу 11 цагийн орчим машин мотоциклийн дугаарыг солиулаад даатгалыг нь төлчихөөд ирнэ гээд явсан. Тэр орой ирж хоноогүй. Маргааш нь сумын төв дээр байдаг бэр эгчээс Зоригтыг асуухад цагдаатай маргалдсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр нэг согтуу хүн өглөөнөөс авахуулаад ноймроо авчихаад оношлогоонд оруулна гээд дайраад шаардлага тавихаар эсэргүүцээд байсан юм. Тарагтын цагдаа Эрдэнэбат, Сугарсанжаа бид нар фургон машинд сууж байхад нөгөө согтуу хүн фургоны хаалга онгойлгоод гэрчилгээгээ авчихсан машинаа авчраагүй оношлогоонд оруулна гээд байсан. Эрдэнэбат цагдаа машингүй бол болохгүй гэж байсан. Та согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд ажил хийлгэхгүй юм гэж хэлсэн. Нөгөө согтуу хүн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй.  Эрдэнэбат цагдаа буугаад шаардлага тавьтал нөгөө согтуу хүн барилцаад авсан. Нөгөө согтуу хүн Эрдэнэбат цагдаагийн толгой руу цохиод авч байгаа харагдсан. Фургонд суулгаж авч яваад цагдаагийн байрныхаа хажууд авч иртэл нөгөө согтуу хүн цагдаатай маргалдаад барилцаж аваад байсан. Тэгээд цагдаагийн байр луу авч орох гэтэл эсэргүүцээд байсан нэг харахад цагдаагийн гав бороохой зэргийг аваад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

 

Шүүгдэгч С.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “… 2016 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө гэртээ унтаж байтал манай нутгийн Батхуяг “Бага булаг”-т нутагладаг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй манайд шөнийн 02 цаг болж байхад төөрөөд гэж яриад орж ирсэн. Батхуягтай хамт байсан хүмүүс нэг шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гаргаж ирээд би тэр гуравтай архи, пивыг хувааж уусан. Би тэд нарт айраг өгөөд хамт уусан. Тэд нар өглөөний 04 цаг болж байхад манайхаас явсан. Би гэртээ бараг унтаагүй байж байгаад өглөө болгосон. Суман дээр автын үзлэг болж байна гэхээр нь хөдөө гэрээсээ ганцаараа өөрийнхөө 29-31 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 мотоцикльтойгоо Тарагт сумын төв дээр 13 цаг болж байхад очсон. Тухайн үед цайны цаг болж байсан. Гэрээсээ согтуу гарсан тул сумын төвөөр хаагуур явснаа сайн санахгүй байна. Мөн хэдэн цаг болж байсныг ч санахгүй байна. Сумын төвийн захиргааны үүдэнд мотоциклио үлдээчихээд мотоциклийнхоо номерийг өвөртөө хийгээд мотоциклио үзлэгт оруулж номерийг нь солиулах гээд автын үзлэгийн хүмүүстэй уулзах гээд фургон машины гадаа очтол баахан хүмүүс байсан. Би өөрийн 05-73 УБЯ улсын дугаартай машины дугаар, 29-31 ӨВЗ улсын дугаартай мотоциклийн гэрчилгээг солих гэсэн юм гээд хоёр дугаараа үзүүлсэн. Тэгтэл нэг залуу нь аймагт очоод солиул, энд солих боломжгүй гэж хэлсэн. Би тэгээд цагдаа Эрдэнэбаттай маргалдаад зодож, цохьсон. Эрдэнэбат цагдаа намайг цагдаагийн саатуулах байранд хонуулсан. Маргааш нь би нэг байцаагчид тайлбар өгсөн. Хэн гэж байцаагч байсан талаар мэдэхгүй байна. Би цагдаа Эрдэнэбатыг тонгорч унагаах гэж байгаад би өөрөө Эрдэнэбатын доор нь ороод нүүрээрээ унахдаа нүүрээ шалбалсан. Эрдэнэбат намайг цохиж зодоогүй. Би цагдаа Эрдэнэбатын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Хөлөөрөө хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Мөн өмсөж явсан цамцны энгэр хэсгийг ноцолдож байхдаа урсан нь үнэн. Эрдэнэбат цагдаагийн цахилгаан бороохой, гав зэргийг булааж авч шидсэн нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №130 дугаартай дүгнэлт: “...Б.Эрдэнэбатын биед завьжны язарсан шарх, баруун гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай...” гэх дүгнэлт /хх-ийн 44 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, 

 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Эрдэнэбатын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн рапорт /хх-ийн 4 хуудас/,

 

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10, 12, 20-21 хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11, 13 22 хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-83, 86 хуудас/,

 

Шүүгдэгч С.Зоригтын иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 050291 дугаартай шийдвэр /хх-ийн 58, 61-63, 64 хуудас/

Шүүгдэгч С.Зоригтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 85 хуудас/,

Шүүгдэгч С.Зоригтыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 51-55 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Зоригт нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтуурсан үедээ төрийн албан хаагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбатыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Эрдэнэбатын ... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай суманд автын үзлэг явагдаж дуусаад аймгийн авто тээврийнхэн явах гээд байж байтал 17 цагийн орчим манай сумын иргэн С.Зоригт согтуу автын оношлогооны хүмүүстэй машин мотоциклийнхоо дугаарыг өврөөсөө гаргаж ирээд үзлэгт оруулах гэж байгаа машины дугаар солино гээд хэрүүл маргаан хийхээр нь оношлогооны 1 залуу Зоригтыг аймаг руу очиж машины дугаараа солиулаарай энд солихгүй гэж хэлсэн. ...Би машин дотроос бууж ирээд согтуу байна, гэртээ харь гэж хэлээд холдуулах гэтэл Зоригт юм хэлэлгүйгээр миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон чинь миний уруулын дотор талын завьж хэсэг язарсан. Би Зоригтыг машин руу татаад оруулах гэсэн чинь Зоригт миний өмсч явсан цагдаа малгайг авч шидээд толгойн тус газар 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. ...Миний өмсөж явсан албаны ноосон цамцны энгэрийг урчихсан. Зоригт босож ирээд миний баруун хөлний гуяны дотор тал руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн миний хөл алхаж чадахаа байсан. ...Намайг ажил үүргээ гүйцэтгэж явахад С.Зоригт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний эрх чөлөөнд халдсан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Хохирлын талаар маргаан байхгүй. Зоригтын гаргасан үйлдэл дээр хуулийн байгууллагаар шийдүүлмээр байна...” /хх-ийн 24-27/, гэрч У.Пүрэвдаваагийн “... С.Зоригт нөгөө цагдаатай барилцаад авч байгаа харагдсан тэгээд цагаан фургон машинд Зоригтыг чирээд орж байгаа харагдсан. Машинаа асаагаад урагшаа захиргааны үүднээс хөдлөөд явсан...”/хх-ийн 30/, гэрч С.Сугарсанжаагийн “... Зоригт машины хаалгыг ахиж онгойлгоод бариулнаас  тавихгүй байхаар нь гарыг нь түлхсэн чинь Зоригт шууд хойшоо бүдэрснээ эргэж хараад цагдаа Эрдэнэбатын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохьсон. Эрдэнэбат Зоригтыг барьж аваад машиндаа ноцолдож байгаад суулгаад кабон байр руу манай ажлын машинтай хүргэж өгсөн. ... Эрдэнэбат Зоригтыг босгож ирээд ажлынхаа өрөө рүү оруулах гэтэл Зоригт өрөөнд орохгүй гэж эсэргүүцээд Эрдэнэбатын баруун шанаа болон баруун чихний орчим гараараа нэг удаа цохьсон. ...Цагдаа Эрдэнэбат манай машины хаалгыг байн байн онгойлгоод байхаар нь Зоригт боль гэж шаардлага тавихад биелүүлээгүй эсэргүүцсэнээс болж маргалдаж эхэлсэн. ...Кабон байрны гадаа Зоригтыг Эрдэнэбат ажлын өрөөндөө дагуулж орох гэтэл Зоригт эсэргүүцээд Эрдэнэбатын хөл рүү өшиглөхөд Эрдэнэбат доголоод байсан...” /хх-ийн 31-32/,  гэрч Б.Оюунбилэгийн “...Эрдэнэбатыг үзэхэд баруун гуя нь хавдартай эмзэглэл ихтэй явахад улам өвчин нэмэгдсэн байдалтай байсан...”/хх-ийн 33/,  гэрч Б.Пүрэвсүрэнгийн “... Эрдэнэбат цагдаа машингүй бол болохгүй гэж байсан. Та согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд ажил хийлгэхгүй юм гэж хэлсэн. Нөгөө согтуу хүн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй.  Эрдэнэбат цагдаа буугаад шаардлага тавьтал нөгөө согтуу барилцаад авсан. Нөгөө согтуу хүн Эрдэнэбат цагдаагийн толгой руу цохиод авч байгаа харагдсан...” /хх-ийн 41/, гэрч Т.Дүгэржавын “... Зоригт 04 цаг өнгөрч байхад унтаад 08 цаг өнгөрч байхад босоод хонио бэлчээгээд Тарагт сум руу 11 цагийн орчим машин мотоциклийн дугаарыг солиулаад даатгалыг нь төлчихөөд ирнэ гээд явсан. Тэр орой ирж хоноогүй. Маргааш нь сумын төв дээр байдаг бэр эгчээс Зоригтыг асуухад цагдаатай маргалдсанг мэдсэн...”/хх-ийн 37/,  Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн №130 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10, 12, 20-21/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11, 22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаал, ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч С.Зоригтыг сэжигтэн,  яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 51-55/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч С.Зоригтод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс С.Зоригтыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж,  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 92000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Зоригт  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-85/,

 

Хохирогч Б.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын цагдаагаар ажилладаг болох нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 тоот тушаалаар тус тус тогтоогдож байна.

 

 Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгөтэй амбулаторийн карт 1 ширхэг, хар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг зэргийг хохирогч Б.Эрдэнэбатад буцаан олгож, амбулаторийн картны хуулбарыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лантуу овогт Самданцэрэнгийн Зоригтыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Лантуу овогт Самданцэрэнгийн Зоригтод 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Зоригтод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгөтэй амбулаторийн карт 1 ширхэг, хар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг зэргийг хохирогч Б.Эрдэнэбатад буцаан олгож, амбулаторийн картны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Зоригтод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч С.Зоригтод хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Зоригтод  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ