Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1659

 

Г.Сампилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01522 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч: Г.Сампилын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Атимос трейд ХХК-д холбогдох

 

            Орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүүд 1.400.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний төлбөрөөс дутуу төлсөн 4.600.000 төгрөгийг алданги 33.074.500 төгрөгийн хамт нийт 37.674.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                    Б.Зулбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:            М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Сампилын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 54 м.кв орон сууцыг 49.000.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгаар барих гэрээ хийсэн. Төлбөрийг гэрээ хийсэн өдөр 12.000.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 27.000.000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохирсон бөгөөд нийт 44.400.000 төгрөгийг төлсөн, 4.600.000 төгрөг төлөөгүй нь үнэн. Учир нь орон сууцаа хүлээн авахад талбайн хэмжээ илэрхий дутуу байсан учраас маргаан гарч, үлдэгдэл төлбөрт асуудал үүссэн. Анх гэрээ хийх үедээ авч байгаа орон сууцаа үзэхэд дотоод засал нь дуусаагүй байсан, тэгээд ч энгийн хүний нүдээр харахад талбайн хэмжээ дутуу эсэх нь мэдэгдэхгүй учир 54 м.кв-аар гэрээ хийсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Тоонто Гранд ХХК-аар хэмжилт хийлгэхэд орон сууцны талбайн хэмжээ 54 м.кв биш 47.321 м.кв буюу гэрээгээр тохирсноос 6,7 м.кв дутсан. Орон сууцны 1 м.кв нь 907.407 төгрөг гэж үзэхээр 47.3 м.кв нь 42.920.351 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч нь нийт 44.400.000 төгрөгийг хариуцагчид төлсөн тул авсан орон сууцны үнээс 1.479.649 төгрөг илүү төлсөн гэж үзэхээр байгаа юм. Тиймээс үлдэгдэл 4.600.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин илүү төлсөн 1.400.000 төгрөгөө “Атимос трейд” ХХК-аас буцаан авах эрхтэй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцыг 2012 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр доголдол мэдсэн үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан байна. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд ч м.кв дутуу байгаа нь эд хөрөнгийг бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг шаардлагын тухайд гэрээний төлбөрөөс нэхэмжлэгч 4.600.000 төгрөгийг дутуу төлсөн байгаа. Тэгэхээр хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй бөгөөд энэ хугацааны алданги нь 33.074.500 төгрөг болж байгаа. Гэхдээ алдангийн хэмжээ нь 4.600.000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийн хэмжээг 2.300.000 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэгчээс нийт 6 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасныг тус тус баримтлан Атимос Трейд ХХК-аас 1.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Сампилын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Сампилаас 6.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн Атимос Трейд ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 37.350 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 346.323 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сампилаас шинжээчийн зардалд 104.522 төгрөгийг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005009 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Сампил нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа метр квадратын зөрүү болон байрны гэрчилгээг гаргуулж өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ нь миний зүгээс "Атимос трейд" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй гомдолтой байдаг. Ийм учраас байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар буюу өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ асуудлыг хянан хэлэлцээгүй орхигдуулсан. Мөн метр квадратын зөрүү буюу орон сууцны доголдлын асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг доголдол нь мэргэжлийн албан ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага хэмжиж байж тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл доголдлыг хүлээн авах үед болон хэмжилт хийлгэхээс өмнө мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж байж байрны метр квадрат дутуу гэдгийг баттай мэдэж авсан. Шүүхээс мөн талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах худалдан авах гэрээ байсан гэж дүгнэсэн. Харин би уг барилгыг барьж байх үед, улсын комисс хүлээн аваагүй байхад "Атимос трейд" ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах" гэрээ байгуулсан байхад бидний хооронд байгуулсан уг гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмлэлийг бүрэн гүйцэд хянан хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                                                

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Сампил нь хариуцагч “Атимос трейд” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 1.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний төлбөрөөс дутуу төлсөн 4.600.000 төгрөгийг алданги 33.074.500 төгрөгийн хамт нийт 37.674.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ 7 м.кв-аар дутсан учир орон сууцны тайлбайн зөрүү үнийг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын хооронд 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Орон сууц захиалгаар  барих” гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь Багануур дүүргийн 1 дүгээр хороолол, 72 дугаар байрны 4 тоот, 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн нэг м.кв-ийг нь 907.407 төгрөгөөр тооцон нийт 49.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Сампил “Тоонто Гранд” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтээр маргааны зүйл болж буй орон сууцны талбай нь 47.32 м.кв гэж гарсан байна. /хх5-7/

 

Зохигчид 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч уг байрыг хүлээн авч, өөрийн өмчлөлдөө авсан талаар зохигчид маргаагүй, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Сампилыг тухайн орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт доголдолтой эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол хариуцагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүргийн талаар заажээ.

 

Эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255.1.1-т нөхцөл үүсээгүй бол мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 

 

Нэхэмжлэгч Г.Сампил тухайн орон сууцыг хүлээн авах үед хэмжилт хийлгэх болон доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний орон сууцны талбайн зөрүү үнэд 1.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй болно. 

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдан-худалдах авах гэрээ гэж буруу дүгнэсэн” гэсэн үндэслэл заасан.

 

Худалдан авагч нь урьдчилан төлөвлөлт, зургийн дагуу баригдсан хотхоноос орон сууц худалдан авсан байх тул орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Сампилын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Сампилаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                    Ц.ИЧИНХОРЛОО