| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02295/И |
| Дугаар | 2220 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Франчайз, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******,******* давхарт оршин байх Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, *******,*******-д оршин байх Б******* ХХК-д холбогдох,
24.470.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гангаанай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б******* ХХК нь манай компанитай 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 015 тоот Франчайзингийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болгох санал гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцож гэрээг 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдөр барааны үлдэгдэлийг тооллогын баг тоолж хүлээн авах ёстой байсан боловч Б******* ХХК-ийн саналыг үндэслэн бараа бүтээгдэхүүнийг буцаан таталгүй Б******* ХХК-ийн зүгээс үлдэгдэл барааны үнийг төлөхөөр болсон. Үлдэгдэл барааны үнийг 2014 оны 4 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 31-ны өдрүүдэд хоёр хувааж бүрэн төлж барагдуулна гэсэн хугацааг удаа дараа сунгаж өдийг хүртэлх хугацаанд хүлээсэн. Иймд дээрх өр төлбөрийг төлөөгүй байгаа тул нийт 24.470.285 төгрөгийн хохиролыг Б******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Ш******* ХХК-иас гэрээний дагуу 25.000.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг, сүүлд олгосон 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Э ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 015 тоот Франчайзингийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээнд тохиролцсоны дагуу бид 2014 оны 01 дүгээр сараас эхлэн 2014 оны 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед 015 гэрээний 9.2.5-д заасны дагуу өдөр тутмын орлогыг тушааж 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ны өдрийг дуустал 59.016.383 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс Франчайзингийн гэрээ дуусгавар болоход манай талд өртгөөрөө 33.337.633 төгрөгийн бараа үлдсэн ба манай талаас 2014 оны 4 дүгээр сард 44.853 төгрөг, 2014 оны 6 дугаар сард 4.560.071 төгрөг, 2014 оны 8 дугаар сард 4.923.921 төгрөгийн барааг буцаан 2014 оны 9 дүгээр сарын байдлаар Франчайзингийн гэрээ-ний дагуу авч байсан барааны үлдэгдэл 23.808.838 төгрөг болсон. 015 гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байх 3 сарын хугацаанд гэрээний 4.2-т заасан үйл ажиллагааны зардлуудаас Э ХХК сар бүр гэрээний 4.4-т заасны дагуу хамтран ажиллах дэлгүүртэй холбоотой 6.600.000 төгрөг сар бүрийн 18-нд Бүхтхолдинг ХХК-ийн Хаан банк тоот дансанд шилжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй 19.800.000 төгрөг болсон. Бүхтхолдинг ХХК гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байх үед 2014 оны 01 дүгээр сард 3.442.683 төгрөг, 2014 оны 02 дугаар сард 3.408.588 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 4.796.184 төгрөг, нийт 11.647.456 төгрөгийн тус тус алдагдал хүлээсэн ба гэрээний дээрх заалтын дагуу уг алдагдалаас 50 хувьтай тэнцэх буюу нийт 5.823.728 төгрөгийг манай талд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд манай компани нэхэмжилж буй 24.470.285 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй ба гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 1.814.890 төгрөгийг харин гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-иас барааны үлдэгдэл төлбөр 24.470.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Э******* ХХК буюу франчайзор нь хамтран ажиллах дэлгүүр буюу Б******* ХХК буюу франчайзиатад Миний гэсэн хууль ёсны нэр хаягийг ашиглуулах, тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, тусгай программ сүлжээгээр хангах-аар харилцан тохиролцож 015 дугаартай франчайзинг гэрээ-г байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 3-7 дугаар тал/
Энэхүү гэрээгээр эрх шилжүүлэгч нь зах зээл дээр байр сууриа олсон бизнесийг хэрэглэх боломжийг эрх хүлээн авагчид олгох зарчимд тулгуурлах бөгөөд гэрээний зүйл нь эрх шилжүүлэгчийн үйлчилгээний болон борлуулалтын хамтын ажиллагааны цогц нэгдэл байх ба гэрээний зүйл нь бараа эсхүл үйлчилгээ байгаагаас хамаараад зах заалд танил болсон бараа бүтээгдэхүүний эсхүл үйлчилгээний франчайз байх боломжтой.
Талуудын хооронд байгуулсан гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал, буюу гэрээнд талуудын тохиролцсон тохиролцоо зэргээс дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт заасан франчайзийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байх бөгөөд хэдийгээр уг гэрээг франчайзингийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч талуудын хүсэл зориг, гэрээний агуулгад дүгнэлт хийж үзвэл гэрээний зүйчлэлийн хувьд Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд үндэслэн хийх хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэв.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Гэрээг талууд харилцан тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөр дуусгавар болгосон байх бөгөөд ийнхүү гэрээ дуусгавар болоход Э******* ХХК-иас хамтран ажиллах дэлгүүрт хүлээлгэн өгсөн 33.343.418,29 төгрөгийн бараа бүтээгдэхүүнээс Б******* ХХК-нд 24.470.285 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан санал, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх тухай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна талууд гэрээ дуусгавар болсон болон 24.470.285 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлдсэн үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 20-22 дугаар тал/
Хариуцагч татгалзалын үндэслэлээ ... гэрээний 4.3-т үйл ажиллагааны зардалд 8.650.000 төгрөгийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж, 4.4-т дээрх зардлуудаас Хамтран ажиллах дэлгүүртэй холбоотой 6.600.000 төгрөг сар бүрийн 18-нд Б******* ХХК-ийн ... дансанд шилжүүлнэ гэж тус тус тохиролцсноор үйл ажиллагааны зардалд 6.600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй улмаас хариуцагч үлдэгдэл барааг уг үнийн дүнд суутган авсан гэж тайлбарласан.
Хэдийгээр хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т заасан үйл ажиллагааны зардалд 25.623.728 төгрөгийг зарцуулсан талаарх баримтыг /х.х-ийн 41-99 дүгээр тал/ татгалзалын үндэслэлээ нотолж гаргаж өгсөн боловч гэрээнд заасан нэг үүргийг нөгөө үүргээр харилцан солих талаар талууд харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч гэрээний 4.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа бүтээгдэхүүнээр солилцох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д талууд нь гэрээ цуцалсан болон дуусгавар болоход харилцан тооцоо нийлж, үлдэгдэл барааг франчайзор эргүүлэн татна гэж тохиролцсноор нэхэмжлэгч үлдэгдэл барааг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үлдэгдэл барааг худалдан борлуулж үйл ажиллагааны зардалд зарцуулсан төлбөрт суутгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч барааг биет байдлаар бус мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б******* ХХК-иас 24.470.285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК-иас 24.470.282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 345.301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ