| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02540/И |
| Дугаар | 2266 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2266
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2075377 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, Голомт банкны төв байр, Сүхбаатарын талбайд оршин байрлах “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЕС81101611 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13-20 тоотод оршин суух Цэнгэл ван овогт Борягийн Ганзоригт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.257.842,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Голомт банк” ХХК нь иргэн Б.Ганзоригтой 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр КТ/12/219 тоот “картын зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Ганзоригт 2014 оны 8 дугаар сар хүртэл 1.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгосон. Гэтэл зээлийн карт эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 760 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 1.215.138,81 төгрөг, үндсэн хүү 744.557 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298.147,18 төгрөг нийт 2.257.842,99 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банкны 2.257.842,99 төгрөгийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй хугацаа болон эргэн төлөлтийн хэмжээг харилцан тохиролцож төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.257.842,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч Б.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.257.842,99 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн 2.257.842,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ганзориг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.076 төгрөгийн 25.538 төгрөгийг улсын төсвөөс, 25.538 төгрөгийг хариуцагч Б.Ганзоригоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ганзориг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ