Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Хохирогч Т.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 109 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Уд холбогдох эрүүгийн 2107000000111 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, *******  мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ......................................................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт О.У /РД:................./,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.У нь 2020 оны 08 дугаар сард Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Оөөс өөрийн хүү О.Аийн Хаан банкны ................... дугаарын дансаар 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.У нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 08 дугаар сараас өмнө Б гэдэг хүнтэй таарсан. Тухайн үед Судан улс руу явах хүмүүс бүртгэж авч байсан. Энэ ээлжид энгийн хүмүүс явах юм билээ. Тэгээд Б Н.У гэх найздаа хэлсэн байсан. Харин Н.У нь Т.О гээд хүнийг тухайн үед надтай холбож яриулсан. Яриад 2.300.000 төгрөгийг аваад тэр явуулж өгч чаддаг гэх хүнтэй уулзаад ярьж байсан чинь одоо мөнгөө бүтнээр нь өгөхгүй бол бүтэхгүй юм билээ гэж хэлсэн. Тэгээд 7-8 хоногийн дараа Т.О үлдэгдэл 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр хүнд өгөх гэсэн боловч энэ асуудал дууссан, одоо бүтэхгүй болсон гэсэн. Буцааж мөнгийг нь өгөх гэж байсан чинь тэр үед нөхрийн бие муудсан. Тэр мөнгийг нь эмчилгээний зардалд хэрэглэчихсэн. Тэгээд мөнгийг нь өгч чадахгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Дараа нь 07 дугаар сард нөхрийнхөө тэтгэврийн зээлийг аваад мөнгийг нь өгөх гэсэн боловч 02 дугаар сард хагалгаанд орохдоо зээл авчихсан байсан болохоор жилд нэг л удаа зээл гаргана гээд зээл гараагүй. Өгч чадахгүй байж байгаад ээжээрээ тэтгэврийн зээл авхуулж, найз нөхдөөсөө зээлээд Т.Оийн 5.500.000 төгрөгийг нь буцаан өгсөн” гэв.

Хохирогч Т.О нь шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  2020 оны 7 дугаар сарын эхээр манай анагаахын сургуулийн найз Н.У над руу ярьсан. Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч хэрэгтэй, дутагдалтай байгаа юм байна чи явах юм уу гэхээр нь би сонирхоод үзье гэхэд надад О.У гээд энэ хүний дугаарыг өгсөн. Түүн рүү утсаар яриад би цэргийн ангийн ажилтан биш юм чинь явж болох юм уу гэж асуухад болно, намайг бичиг баримтынхаа бүх дугаарыг явуул гэхэд нь би төгссөн сургуулийн диплом, эзэмшсэн туршлага, нарийн мэргэжил эзэмшсэн зэргээр мэдээллээ явуулахад та манай шалгуурт тэнцэж байна. Гэхдээ та эрүүл мэндийн үзлэгээс хоцорсон байна. Анх өөрөө надад би Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилладаг. Судан улс руу явах нарийн мэргэжлийн сувилагч нарыг сонгон шалгаруулж байгаа гэсэн. Таныг би таньдаг хүнээрээ яриулаад аргалж болно. Гэхдээ мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Эхний ээлжид 2.300.000 төгрөгийг надаас авсан. Хэсэг хугацааны дараа Нэгдсэн Үндэсний Байгууллага руу мэдээллийг чинь явуулах гэж байна. Орчуулгын зардал болон бусад зардал гээд 3.200.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Гадаад паспортын дугаар явуулахад хугацаа нь дуусаж байгаа юм байна гээд шинээр паспорт авхуулсан. За одоо болчихлоо мөнгөө хийчих гэсэн. Тэр бүх мөнгийг өгөхийн тулд өөрийн эзэмшлийн приус-20 маркийн автомашиныг 5.500.000 төгрөгөөр зарсан. Намайг яаруулаад байсан. Түр хүлээлгэж болохгүй юу би машинаа багахан засварлаад 7.500.000 төгрөгт өгчихмөөр байна гээд Н.Уд хэлэхэд өөр хүн оронд нь явах гээд байна гэж хэлсэн. Би Мөнгөнхүлэг гээд авто худалдааны төвийн хуучин машин зардаг хүнд 5.500.000 төгрөгөөр маш хямд зараад мөнгөө 2 хувааж явуулсан. Мөнгөө явуулснаас хойш чиний бүх юм болсон. Бичиг баримтаа явуулах хэрэггүй би болгочихсон гэж хэлсэн. Тэгээд 10 сарын дундуур хамгийн сүүлийн ээлж нь явсан юм билээ. Тэгээд би Н.У луу залгаад хэлтэл харин тиймээ энэ удаа гаднаас эмнэлгийн ажилчдыг явуулахгүй гэсэн юм билээ гэж хэлсэн. Би О.У гэх хүн рүү залгаад асуутал харин тиймээ явуулж чадсангүй ээ, уучлаарай гэсэн. Тэгэхээр нь би явуулж чадаагүй юм бол буцааж мөнгөө авъя гэж хэлэхэд дараа өгнө гээд янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж өдийг хүрсэн. Ээжийгээ хоёр удаа нас барсан гэж хэлсэн. Нөхөр нь өвчтэй болж, хагалгаанд орсон гэсэн. Дараа нь баахан шалтаг шалтгаан хэлээд байхаар нь аргаа бараад 2021 оны 05 сард цагдаад өргөдөл өгсөн. Ер нь анхнаасаа худлаа байсан юм шиг байна лээ. Н.У, Б гээд хүмүүс бас мөнгө өгсөн юм шиг байна лээ. Тэд нарын хохирлыг барагдуулсан эсэхийг мэдэхгүй байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.Уын өгсөн: “...Би 2020 оны 08 cap хавьцаа өөрийн танил Бтэй уулзаж ярилцаж байхдаа тухайн үед алба хаагч нар Судан улс руу ажиллагаанд явж байгаа талаар ярьж миний нэг танил хүн явуулах тал дээр хөөцөлдөөд өгөх сурагтай байлээ гэж хоорондоо ярилцаж байсан юм. Үүний дараахан над руу У гэх бас танил маань залгаж “Б эгчээс таныг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн найдвартай явуулж өгч чадна гэж сонслоо, манай нэг найз байгаа юм, түүнийг Судан улс руу явуулмаар байна” гэхэд нь би тэр найзыг нь өөрийнхөө таньдаг хүнээр яриулж байгаад явуулчих санаатай зөвшөөрсөн. Ингээд удалгүй 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр над руу өөрийгөө О гэх эмэгтэй залгаж “Таныг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн явуулж өгч чадна гэж өөрийн танилаасаа сонссон юм. Та намайг найдвартай явуулж өгч чадах уу?” гэхэд нь өөрийн танил найзаараа дамжуулж чиний бичиг баримт бүх юмыг чинь зохицуулаад өгье эхний ээлжинд шаардагдах 2.300.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд түүнээс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүү О.Аийн дансаар шилжүүлж авсан. Дараагаар нь хэд хоногийн дараа дахиж Отэй холбогдон түүнээс бичиг баримтны чинь асуудлыг хөөцөлдөхөд дахиад яаралтай мөнгө хэрэг болчихлоо гэж хэлээд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бас хүү О.Аийнхээ дансаар 3.200.000 төгрөг авсан юм. Уг нь би энэ мөнгөөр нь түүний асуудлыг шийдээд танилаараа бичиг баримтуудыг нь хөөцөлдүүлчихье гэж бодоод тэр хүн рүүгээ запгаж ярьхад надад наад асуудал чинь бүтэхгүй, тэгэж хамаагүй хүн явуулж болохгүй гэсэн хариу өгсөн. Ингээд тухайн үедээ Оөд өөрийг чинь Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулах асуудал бүтсэнгүй гэж үнэнийг хэлж буцааж түүнээс авсан нийт 5.500.000 төгрөгөө өгөх ёстой байсан ч ар гэрийн асуудлаас болоод энэ мөнгийг нь өөрийн нөхөр Очирвааны ходоодны хорт хавдарны эмчилгээ төлбөр болон төрөлхийн оюуны хүндэвтэр сааталтай хүү О.Аийн эм тарианы зардалд хэргэлчихсэн юм. Энэ байдлаасаа болоод хэсэг хугацаанд үнэнийг хэлж чадахгүй явсаар сүүлд нь яалтчгүй баригдсан. Уг нь бол надад жаахан хугацаа олгочих юм бол нөхөр Очирвааны тэтгэвэрийн зээлийг нь аваад Оийг хохиролгүй болгох санаатай түүнээс хугацаа гуйж явсан асуудал бий. ...Тухайн үед би цалингийн зээлтэй байсан учир өөрийнхөө дансаар уг мөнгийг авчихаар цалингийн зээлэнд шууд татагдчих гээд болохгүй байсан юм. Тэгэхээр нь өөрийн төрсөн хүүхэд болох О.Аийн ................... дугаартай Хаан банкны дансыг Оөд өгч уг дансаар Оөөс мөнгө шилжүүлж авсан юм. Уг мөнгийг нь би нөхөр болон хүүхдийнхээ эм тариа, эмчилгээний зардалд зарцуулаад дуусгасан юм. Би Оөд учруулсан 5.500.000 төгрөгөө удахгүй нөхрийнхөө тэтгэвэрийн зээлийг авч төлнө.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Т.Оийн өгсөн: “...У гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй утсаар ярьсан. Түүнээс “У гэх найз маань надад өөрийг чинь Судан руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж байгаа гэсэн юм” гэхэд надад “Би Уоос өөрийн чинь тухай сонссон та надад эхний ээлжинд өөрийнхөө холбогдох бичиг баримтуудыг явуул, би тэрийг чинь үзэж байгаад өөрийг чинь Судан руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулах боломжтой эсэхийг нь шийднэ” гэхээр нь би “за би танд өөрийнхөө холбогдох бичиг баримтуудыг өгье гэхдээ яаж өгч үзүүлэх вэ?” гэхэд “зүгээр над руу мессежээр хэдэн онд аль сургууль төгссөн, ямар мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ хэдэн жил ажилласан, регистрийн дугаар, дипломын дугаараа явуулчих” гэхээр нь би тэр хүний ................. дугаар луу нь мессежээр өөрийнхөө бүх мэдээллийг явуулсан. Ингээд удалгүй надад “Та манай шалгуурт тэнцэж байгаа боловч эрүүл мэндийн үзлэг болон хээрийн бэлтгэл сургуулилтаас хоцорчихсон юм байна. Би яах вэ эрүүл мэндийн үзлэг болон хээрийн бэлтгэл сургуулилтыг чинь өөрөө зохицуулаад аргалаад өгье. Чи харин надад 2.500.000 төгрөг өгчих тэгэх юм бол зохицуулах боломжтой байна” гэхээр нь түүнд итгэж үнэхээр намайг Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулчих юм болов уу? гэж бодоод өөрийнхөө нөхөр Т.Мтай энэ асуудлаар хоорондоо ярилцаж хэлэлцээд 2004 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан өөрийн нэр дээр бүртгэлтэй Приус-20 маркийн автомашинаа зарж Улаанбаатар хотод нэг үл таних ченжид 5.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнөөсөө 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Монгол-Японы эмнэлэгт ажил дээрээ байхдаа 2.300.000 төгрөгийг У руу шилжүүлэхээр болж түүнээс дансыг нь асуухад надад Хаан банкны ................... дугаартай О.А гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь утасныхаа Мобайл банкийг ашиглаж шилжүүлж байсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа /өдрийг нь сайн санахгүй байна/ У дахиж надтай холбогдон “Надад өгсөн 2.300.000 төгрөгөөр чинь эрүүл мэнд үзлэг болон хээрийн бэлтгэл Нэгдсэн Үндэсний байгууллага руу оруулж явуулна дээрээс нь онгоцны тийзийн мөнгө шаардлагатай байна. Нийтдээ дахиж 3.200.000 төгрөг хэрэг болж байна энэ мөнгийг яаралтай хурдан цуглуулж өгөхгүй бол чи хасагдах гээд байна шүү” гэхээр нь би Уын энэ үгэнд итгэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр .......................................................................................... тоот гэртээ байхдаа өөрийнхөө ..................... дугаартай Хаан банкны данснаас Уын надад анх өгч байсан Хаан банкны ................... дугаартай О.А гэх хүний данс руу 3.200.000 төгрөгийг гар утасныхаа Мобайл банкийг ашиглан шилжүүлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг өгсөн. Энэ өдрөөс хойш У руу өдөр бүр л залгаж “миний явах асуудал юу болж байна гэж асуухад чиний явах асуудал шийдэгдэж байгаа, чи тайван хүлээгээд байж бай эмнэлгийн багийнхан угаасаа хамгийн сүүлд нь нисдэг юм” гэж хэлээд 2-3 сараар хойшлуулсаар байгаад удчихаар нь би У руу залгаж “миний асуудал бүтэхээргүй болчихсон юм биш үү, Судан улс руу нисэх 2020 оны сүүлийн нислэг болоод дуусчихсан гэж байна, би өөрөөс чинь мөнгөө авъя” гэхэд “харин тиймээ эгчийгээ уучлаарай, чинийх бүтэхээргүй болчхоод энэ талаар чамд хэлж чадахгүй байсан юм. Би чиний мөнгийг өөрөө үрээд дуусгачихсан удахгүй буцааж өгнө” гэсээр өдийг хүрч намайг энэ асуудлаар цагдаад хандах гэхээр л ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж мөнгийг чинь удахгүй буцаагаад өгчихнө гэсээр байсан. Арга буюу цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 9 дүгээр тал/,

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Уы өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын эх хавьцаа /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ найз Т.Оийн утас руу залгаж “найзаа Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар хүн явуулж байгаа юм байна. Миний нэг таньдаг хүн бичиг баримтыг нь хөөцөлдөж явуулж чадах хүнийг мэднэ гэнэ. Судан улс руу явчхаад ирэхэд энд байгаагаас хавь илүү цалин хөлс олгодог гэж байна. Тэгэхээр миний найзын амьдрал ахуйд нь ч хэрэгтэй юм болов уу гэж бодоод чамд хэлж байгаа юм гэхэд Т.О зөвшөөрч надаас Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж өгдөг гэх О.У гэх хүний ................. дугаарыг авсан юм. Би өөрөө У гэх хүнийг сайн танихгүй миний бас нэг таньдаг хүн болох хуучин хамт цэргийн ангид ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан Б.Б гэх хүн надад О.У гэх хүний талаар хэлж удахгүй Судан улс руу ажиллагаанд хүмүүс явах гэж байна. Үүнд нь нарийн мэргэжлийн сувилагч сонгон шалгаруулж авах гэж байгаа юм байна. Чамд таньж мэдэх нарийн мэргэжлийн сувилагч мэргэжилтэй хүн байна уу байна гэвэл би О.У гэх Судан улс руу хүмүүс явуулж байгаа хүнтэй нь холбоод өгье” гэж анх надад хэлж түүнийг О.Уын холбогдох утасны дугаарыг өгч байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Мын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын дундуур шиг санагдаж байна /cap өдрийг нь сайн санахгүй байна/ манай эхнэр Т.Оийн найз У нь манай эхнэр лүү залгаж “Зэвсэгт хүчний жанжин штабаас Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулах гэж байгаа юм байна, надад нэг найдвартай явуулж өгч чадах нэг хүн байна, миний найз сонирхох уу? гэж ярьсан юм байна лээ. Үүнийг нь тухайн үед манай эхнэр Т.О сонирхож найз Угоосоо нөгөө хүнийх нь холбогдох утсыг авч ярихад өөрийгөө манай эхнэрт намайг С.У гэдэг би Зэвсэгт хүчний жанжин штабт ажилладаг хүн гэж ойлгуулж чамайг найдвартай баталгаатай явуулж өгөхөд шаардлагатай мөнгө гэж манай эхнэрээс эхлээд 3.200.000 төгрөг дараагаар нь дахиж мөнгө шаардлагатай болчихлоо гэж 2.300.000 төгрөгийг яаралтай, хурдал гэж нэхэж шаардаж байгаад авсан юм байна лээ. С.У гэж хүн манай эхнэрээс нийт 5.500.000 төгрөгийг авснаасаа хойш ямар ч хэл сураггүй алга болчихсон. Эхэндээ утсаар ярьж юу болсон талаар асууж лавлахад удахгүй чиний Судан явах ажил чинь бүтнэ, хүлээгээд байж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад сүүлдээ чиний ажил чинь бүтэхээргүй болчихсон, чамаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө” гэсээр өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төгрөг буцааж өгсөн зүйлгүй байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/,

 

  1. Т.Оийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 63 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

           /хх-ийн 35 дугаар тал/

 

      7. О.Уын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-77 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, О.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.У нь 2020 оны 08 дугаар сарын 19-24-ний хооронд хохирогч Т.Оийг “Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өгнө” гэх шалтгаанаар зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн хүү О.Аийн Хаан банкны ................... дугаарын дансаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2.300.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 3.200.000 төгрөг буюу нийт 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг санаатай үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Уын “...Тэгээд эхлээд хэдэн төгрөг хэрэг болох байх ямар ч байсан хүнээс юм гуйж байгаа юм чинь гэж бодоод 2.300.000 төгрөг авсан... Та зохицуулаад явуулаад өгөөч гэсэн боловч 2.300.000 төгрөг арай болохгүй байх гэсэн. Гэхдээ надад тэдэн төгрөг гэж хэлээгүй л дээ. Тэгэхлээр нь би Оөөс 3.200.000 төгрөг авсан. Нийт 5.500.000 төгрөг авсан нь үнэн... Тэрнээс нь би 520.000 төгрөгийг нь үрчихсэн байсан. За гүйцээж өгнө дөө гэж бодож байтал нөхөр маань дахиж муудахад нь тэр мөнгийг нь хэрэглэчихсэн. Тэгээд өгч чадахгүй явсаар байтал өдий зэрэгт хүрчихсэн.” гэх,

Хохирогч Т.Оийн “...эхлээд 2.300.000 төгрөг дараа нь дахиад 3.200.000 төгрөг авсан...нэг үл таних ченжид 5.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнөөсөө 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Монгол-Японы эмнэлэгт ажил дээрээ байхдаа 2.300.000 мянган төгрөгийг У руу шилжүүлэхээр болж түүнээс дансыг нь асуухад надад Хаан банкны ................... дугаартай О.А гэх хүний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь утасныхаа Мобайл банкийг ашиглаж шилжүүлж байсан...дахиж 3.200.000 төгрөг хэрэг болж байна энэ мөнгийг яаралтай хурдан цуглуулж өгөхгүй бол чи хасагдах гээд байна шүү” гэхээр нь би Уын энэ үгэнд итгэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр .......................................................................................... тоот гэртээ байхдаа өөрийнхөө ..................... дугаартай Хаан банкны данснаас Уын надад анх өгч байсан Хаан банкны ................... дугаартай О.А гэх хүний данс руу 3.200.000 төгрөгийг гар утасныхаа Мобайл банкийг ашиглан шилжүүлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг өгсөн... гэх,

Гэрч Н.Уы “...Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагч явуулж өгдөг гэх О.У гэх хүний ................. дугаарыг авсан юм. Би өөрөө У гэх хүнийг сайн танихгүй миний бас нэг таньдаг хүн болох хуучин хамт цэргийн ангид ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан Б.Б гэх хүн надад О.У гэх хүний талаар хэлж “удахгүй Судан улс руу ажиллагаанд хүмүүс явах гэж байна. Үүнд нь нарийн мэргэжлийн сувилагч сонгон шалгаруулж авах гэж байгаа юм байна. Чамд таньж мэдэх нарийн мэргэжлийн сувилагч мэргэжилтэй хүн байна уу байна гэвэл би О.У гэх Судан улс руу хүмүүс явуулж байгаа хүнтэй нь

холбоод өгье” гэж анх надад хэлж түүнийг О.Уын холбогдох утасны дугаарыг өгч байсан юм.” гэх,

           Гэрч Т.Мын “...Эхэндээ утсаар ярьж юу болсон талаар асууж лавлахад удахгүй чиний Судан явах ажил чинь бүтнэ, хүлээгээд байж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад сүүлдээ чиний ажил чинь бүтэхээргүй болчихсон, чамаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө” гэсээр өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төгрөг буцааж өгсөн зүйлгүй байгаа юм...” гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч О.Уыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.О нь баримтаар 5.500.000 төгрөгийг нэхэмжилсэн гэм хорын зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Үүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Хуулийн энэ үзэл баримтлал нь хэрвээ “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар солих гэсэн ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зэргийг/ гэсэн санаа юм.

Иймд шүүгдэгч О.Уыг -д холбогдох хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх шаардлагагүй байсан болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичжээ.

Мөн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг тогтоож прокурорын санал үйлдэж ирүүлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон шүүхэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлж байгаа зэрэг зөрчлүүдийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ......................................................................................... тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

6. Шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

                

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ