Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2267

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2075377 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, Голомт банкны төв байр, Сүхбаатарын талбайд оршин байрлах “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЕС81101611 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13-20 тоотод оршин суух Цэнгэл ван овогт Борягийн Ганзориг,

Хариуцагч: Монгол улсын иргэн СФ81102421 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13-20 тоотод оршин суух Батжаргалын Солонго нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64.020.223,10 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн 2204012856 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 13 дугаар байрны 20 тоот 44 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Голомт банк” ХХК нь Б.Ганзориг, Б.Солонго нартай 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдөр ЗГ3100003000 тоот “орон сууцны зээлийн гэрээ”-ээр 66.500.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Ганзориг, Б.Солонго нартай 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдөр БГ3100003000 тоот “ипотекийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн 2204012856 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 13 дугаар байрны 20 тоот 44 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч тал нь ЗГ3100003000 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн зээл төлөх үүргээ зөрчин нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 173 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Банкны зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 61.501.916,33 төгрөг, зээлийн хүү 2.513.589,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4717,11 төгрөг нийт 64.020.223,10 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн 2204012856 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 13 дугаар байрны 20 тоот 44 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Ганзориг, Б.Солонго нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкнаас нэхэмжилсэн ипотекийн зээл болох 64.020.223,10 төгрөгийг зөвшөөрч байна. Хэрвээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Ганзориг, Б.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64.020.223,10 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн 2204012856 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 13 дугаар байрны 20 тоот 44 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч Б.Ганзориг, Б.Солонго нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 64.020.223,10 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн 2204012856 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 13 дугаар байрны 20 тоот 44 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ганзориг, Б.Солонго нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ганзориг, Б.Солонго нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478.052 төгрөгийн 239.026 төгрөгийг улсын төсвөөс, 239.026 төгрөгийг хариуцагч Б.Ганзориг, Б.Солонго нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ