Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1133

 

2021        10         26                                   2021/ШЦТ/1133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 02536 1871 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Сэргэлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Таван толгой түлш ХХК-нд ээлжийн галч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн Баянбүрд гэх газар оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын амын 2 дугаар гудамжны 1 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, *******-д

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Чулуутын гүүрний хажууд иргэн Н.Орхонтой бөгжөө нэхлээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой руу нь цохин, газар унагааж Н.Орхоны биед баруун, зүүн тохой, зүүн бугуй, зүүн өгзгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Орхоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 08 дугар сарын 09-ний өдөр 14 цагийн үед найз болох *******тэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын гүүрний хажууд тааралдсан. Би найз Алтангэрэлээс бөгжөө авъя гэтэл миний бөгжийг гаргаж ирсэн. Би бөгжөө бүртгэтэл миний 1 ширхэг бөгж дутуу надад 2 ширхэг бөгж өгсөн. Тэгэхээр нь би “чи миний 1 ширхэг бөгжийг өгөөч ямар муухай  хүн вэ” гээд хэлтэл чиний наад бөгжнүүд чинь хулхи биз дээ би аваагүй чи угаасаа надад 2 ширхэг бөгж өгсөн гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл Алтангэрэл намайг заамдаж аваад толгой руу 1 удаа цохиод намайг өргөж аваад дүүгэрдээд газарт шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч Э.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр танил дүү болох Орхонтой 14 цагийн үед дэлгүүр ороод гэр лүүгээ буцаад алхаж явтал манай хөрш айлын эзэн болох Алтангэрэлтэй гудамжинд таартал Орхон Алтангэрэлээс бөгжөө авъя гээд хэлтэл Алтангэрэл машинаасаа бууж ирээд байхгүй гээд хэлтэл Орхон, Алтангэрэл хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгтэл Алтангэрэл Орхоныг заамдаж барьж аваад  толгой руу нь цохиж аваад газарт унагааж байсан тэгэхээр нь би чи одоо эмэгтэй хүн зодохоо болиоч чамайг цагдаа дуудаж өгнө шүү гээд хэлтэл Алтангэрэл салаад яваад өгсөн. Ямар гэмтэл учирсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед цус гараагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7338 дугаартай “Н.Орхоны биед баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугуй, зүүн өгзгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын гүүрний хажууд явж байтал манай найз эмэгтэй Орхонтой таарсан. Тэгтэл Орхон надаас бөгж өг гээд нэхээд байсан. Тэгэхээр нь би машинаасаа Орхоны 2 ширхэг бөгжийг гаргаж өгсөн. Тэгтэл Орхон 1 бөгж дутуу байна гээд уурлаад намайг хулгайч, гуйлгачин гээд орилоод байхаар нь би уур хүрээд Орхоныг түлхээд газарт унагаасан. Орхон намайг зуураад тавихгүй болохоор нь би Орхонтой зууралдаад 3-4 удаа газарт унагаасан. Тэр үед Орхоны хөл гар нь зулгарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.Орхонтой бөгжөө нэхлээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой руу нь цохин, газар унагааж Н.Орхоны биед баруун, зүүн тохой, зүүн бугуй, зүүн өгзгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Н.Орхоны мэдүүлэг /хх 8-9/, гэрч Э.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7338 дугаартай дүгнэлт /хх 24-25/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Н.Орхоноос гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эсэх талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Орхон нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ