| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02766/И |
| Дугаар | 2286 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2286
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НФ88012907 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, амгалан, улаанхуаран гудамж, 14-р байрны 53 тоотод оршин суух Боржигон овогт Дорждэрэмийн Батхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЛЮ86112025 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, зүүн алтан өлгий гудамж 6 тоотод оршин суух Гончиг овогт Очирхуягийн Мөнхжаргал
Хариуцагч: Монгол улсын иргэн НР87090179 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, зүүн алтан өлгий гудамж 6 тоотод оршин суух Морьт ажаа овогт Хашбаатарын Төмөрбаатар нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4.846.160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Батхүү миний бие 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Миний зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нар нь гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлээ төлөхгүй байгаа болно. Миний зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж утсаар ярьж, мөн биечлэн уулзсан боловч үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандаж байна.
Иймд хариуцагч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нартай байгуулсан зээлийн гэрээний 1.2-д заасны дагуу бодсон хүү 324.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 4.081.600 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 440.560 төгрөг, нийт 4.846.460 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х.Төмөрбаатарын нэр дээр Миний ах ХЗХ-ноос 5.000.000 төгрөгийн зээл авсан. Гэрээнд заасны дагуу зээлээ төлж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлж чадаагүй. Учир нь миний охин хүнд өвчтэй түүнийг харж эмнэлэгт одоог болтол хэвтэж байна. Би өмнө нь төлж чадаагүй мөнгө 1.400.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлж барагдуулж үлдэгдэл мөнгөө гэрээнд заасны дагуу цаашид төлнө.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн 7 дугаар сарын 10-ны дотор 1.400.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үлдэгдэл 3.446.160 төгрөг байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батхүү нь хариуцагч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.846.160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь 1.400.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж үлдэгдэл 3.446.160 төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын тайлбарыг мөн хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Батхүүгийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.846.000 төгрөгийг хариуцагч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нар 1.400.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж үлдэгдэл 3.446.160 төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.500 төгрөгийн 50 хувь буюу 47.250 төгрөгийг улсын орлогоос, 47.250 төгрөгийг хариуцагч Х.Төмөрбаатар, О.Мөнхжаргал нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ