Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Х.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 11 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан,  ам бүл 1, ганцаараа амьдардаг, Д аймгийн З сум ...-р багийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь амйгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09-р сарын 14-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Э овогт Х.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод хохирогч Б.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь шаазан аягаар цохиж , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10-р сарын 26-ны өдөр Ө.У-ын гэрт нь орсон чинь А.С, С, У, Б нар архи уугаад сууж байсан. А.С дэлгүүр яваад 0.75 литрийн хараа архи, 2.5 литрийн “Сэнгүр” пиво аваад , би пивыг нь ганцаараа уусан. Мөн тэдний ууж байсан архинаас нь нэмж уусан, С бид 2 спортын талаар яриа нийлэхгүй маргалдаж байснаа санаж байна. ...түүнтэй яг хэрхэн маргалдаж зодолдсоноо сайн санахгүй байна. Гэхдээ миний бие С-ийг аягаар цохьсон асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой Ө.У-ын гэрт Б.Б бид 3 архи ууж байгаад унтсан. Тэгээд 2021 орны 10 дугаар сарын 26-ны өглөө эрт А.С ганцаараа ороод ирсэн, бид 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи нэгийг ууж шараа тайлчихаад бид тэндээс 9 цаг өнгөрч байхад А.С-ын таньдаг ахын овъёосыг ачиж зеөж байгаад эргээд 13 цагийн үед Ө.У-ын гэрт буцаад ирсэн, тэгтэл Б гэх залуу ганцаараа ороод ирсэн. А.С гарч яваад 2.5 литрийн "Сэнгүр" пиво 0.75 литрийн “Хараа" архи авчраад бид ууж сууж байгаад орой 17 цагийн үед Б бид 2 бие биенийгээ ер нь сайн танихгүй бөгөөд яриа хөөрөө нийлэхгүй бага зэрэг үг сөрж сүүлдээ маргалдаж эхэлсэн Б нь надтай муудах гээд хөл рүү өвдөглөж байсан тэгээд хоёулаа барьцалдаж авсан тэгтэл Б нь миний цээж тус газар хазсан тэгтэл С ах дундуур ороод салгасан тэгтэл Б нь эргэж аяга барьж байгаад миний толгойн зүүн чихний дээд талд аягаар цохиод аяга нь хагарсан тэгтэл цус доошоо урсаж орж ирээд байсан тэгтэл Б нь дахин өөр аяга барьж аваад миний толгой хэсэг мөн баруун нүдний дээд хэсэгт мөн аягаар цохиж надад гэмтэл учруулсан. Б нь цагаан алаг, мөн цайвар ногоон өнгийн 2 аягаар цохьсон” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С, Б нар бие биенийгээ сайн танихгүй тэд гар барилдаан хийнэ, хийхгүй гээд мөн спортын талаар хоорондоо яриад үг сөргөлдөөд байсан. Тэгээд 16,17 цагийн үед тэд маргалдаж эхэлсэн. ...Б С нар үг сөрж босож ирээд Б нь С-ийн хөл рүү өвдөглөсөн чинь муудаж эхэлсэн. Тэгтэл С нь Б-ыг түлхээд хоймор хэсэгт гудсан дээр унасан. Тэгээд Б босож ирээд “за муу бацаан минь давраад байгаарай” гэж хэлээд С-ийг хавираад унагаасан. ...Б нь ширээн дээрээс дахин цайвар ногоон өнгийн аяга барьж аваад дахин түүний толгой дээд хэсгээр нь цохьсон тэгтэл С-ийн  толгойноос нэмээд маш их цус гараад байсан” гэжээ. /хх-ийн 15-16/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22, 28-29/

2021 оны 10-р сарын 28-ны өдрийн 04/247 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

- Б.С-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

- Б.С-ийн толгойн баруун чамархай талд, зүүн чамархайд, зулай дээр язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.  

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

- Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 23-24/

Шүүгдэгч Х.Б нь урьд эрүүгийн хариуцлага, захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-45/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 61/

Шүүгдэгч Х.Б-ны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Э овогт Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод хохирогч Б.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь шаазан аягаар цохиж , эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай талд, зүүн чамархайд, зулай дээр язарсан шарх  бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Х.Б-ны энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.Б-ны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... орой 17 цагийн үед Б бид 2 бие биенийгээ ер нь сайн танихгүй бөгөөд яриа хөөрөө нийлэхгүй бага зэрэг үг сөрж сүүлдээ маргалдаж эхэлсэн Б нь надтай муудах гээд хөл рүү өвдөглөж байсан тэгээд хоёулаа барьцалдаж авсан тэгтэл Б нь миний цээж тус газар хазсан тэгтэл С ах дундуур ороод салгасан тэгтэл Б нь эргэж аяга барьж байгаад миний толгойн зүүн чихний дээд талд аягаар цохиод аяга нь хагарсан тэгтэл цус доошоо урсаж орж ирээд байсан тэгтэл Б нь дахин өөр аяга барьж аваад миний толгой хэсэг мөн баруун нүдний дээд хэсэгт мөн аягаар цохиж надад гэмтэл учруулсан. Б нь цагаан алаг, мөн цайвар ногоон өнгийн 2 аягаар цохьсон” гэх мэдүүлэг, гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С, Б нар бие биенийгээ сайн танихгүй тэд гар барилдаан хийнэ, хийхгүй гээд мөн спортын талаар хоорондоо яриад үг сөргөлдөөд байсан. Тэгээд 16,17 цагийн үед тэд маргалдаж эхэлсэн. ...Б С нар үг сөрж босож ирээд Б нь С-ийн хөл рүү өвдөглөсөн чинь муудаж эхэлсэн. Тэгтэл С нь Б-ыг түлхээд хоймор хэсэгт гудсан дээр унасан. Тэгээд Б босож ирээд “за муу бацаан минь давраад байгаарай” гэж хэлээд С-ийг хавираад унагаасан. ...Б нь ширээн дээрээс дахин цайвар ногоон өнгийн аяга барьж аваад дахин түүний толгой дээд хэсгээр нь цохьсон тэгтэл С-ийн  толгойноос нэмээд маш их цус гараад байсан” гэх мэдүүлэг,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  яаралтай тусламжийн хуудас,  2021 оны 10-р сарын 28-ны өдрийн 04/247 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн аяганы хагархай 5 ширхэг, цагаан өнгийн цэцгэн хээтэй аяганы хагархай 4 ширхгийг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй,  хяналтын прокурортой харилцан тохиролцож, хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  нөхцөл байдлуудыг зөрчөөгүй байх тул  шүүгдэгч Х.Бял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг  нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Х.Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Х.Б-ыг  800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар ногоон өнгийн аяганы хагархай 5 ширхэг, цагаан өнгийн цэцгэн хээтэй аяганы хагархай 4 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст  даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Ц