Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын тоотод оршин суух Жолоо овогт С*******гийн Б*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******, Энхтайваны өргөн чөлөө 47/2 тоотод оршин байрлах “Х*******” ХХК-нд холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 1.431.818 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, М.Цэндпүрэв нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Б******* нь тус компанид зарын дагуу бүртгүүлэн, сонгон шалгаруулалтад тэнцэж 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хуульч, хүний нөөцийн менежер албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон. Тушаалд заасан 3 сарын туршилтын хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, компаний захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-16 дугаар бүхий тушаалаар дахин 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл туршилтын хугацааг сунгасан. Гэтэл тус компаний ТУЗ хуралдан гүйцэтгэх захирал Г.Лхагва-Очирыг ажлаас нь чөлөөлсөн гэх яриа гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр пүрэв гаригт шинэ захирал Баярсайхан гэдэг хүн ирсэн байсан. Ирсэн өдөртөө албан хаагчдаас ганц нэгээр нь дуудаж уулзаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу ажлаа авсан өдрөөсөө 4 хоногийн дараа Даваа гаригт бүх албан хаагчтай уулзсаны дараа миний биеийг өрөөндөө дуудан уулзсан. Уулзалтын агуулга нь надтай хамт ирсэн энэ эмэгтэйд өнөөдөр ажлаа хүлээлгэж өг, цаашид хамтран ажиллах боломжгүй гэсэн зүйл хэлсэн. Тийм бол надад ажлаас халсан тушаал гаргаж өг, тэтгэмжийн талаар ярилцья гэхэд чи эр хүн шиг зүгээр ажлаа хүлээлгэж өгөөд яв, эр хүний замын хүзүү урт, дараа таарах байх гэсэн. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх бол сарын өмнө мэдэгдэх ёстой, надад мэдэгдээгүй, тийм учраас халсан тушаалаа өг гэхэд би олон жил компани удирдаж байна хүмүүс зүгээр л гараад явдаг чи хуульч байж болно, хуулиа мэддэг болохоор ингэж ярьж байна, чамаас өөр хүмүүсийг зүгээр л өргөдлийг нь өгүүлээд гаргадаг, чи ажлаа өгч байгаа шинэ хуульчтай тохир гэсэн хариуг өгсөн. Тухайн ажлыг хүлээж авч буй М.Цэндсүрэн гэх хуульчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар би тэтгэмж авна би 2 сарын үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоно гэвэл асуудалгүй ажлаа өгөөд явлаа гэхэд туршилтын хугацаа дуусах хүртэлх цалинг чинь бодуулж өгье гэсэн хариу өгсөн. Ажлаа хүлээлцсэний дараа тушаалаа авах болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтаар харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гардуулсан. Би харилцан тохиролцоогүй байхад яагаад ийм тушаал гаргаж байгаа юм бэ гэхэд “тушаал гаргахгүй, өгөхгүй ч байж болно” гэсэн. Уг тушаалд талууд тохиролцсноор С.Б*******д 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосугай гэж заасан байх ба ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж байж тохиролцсон мэтээр тушаалын үндэслэл болгож байна. Тохиролцоонд хүрээгүй байхдаа шууд тушаал гаргаж байх бөгөөд бид бусад хүмүүсийг шууд халдаг энэ 1 сарын тэтгэмж аваад дуугай яв гэсэн. Уг тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдээгүй зэргийг үндэслэн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс туршилтын хугацаа дуусах 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх нийт ажлын 31 хоногийн цалин болох 1.431.818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б******* нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажил тасалж, байгууллагын дугаарын дуудлага аваагүй сахилгын зөрчил гарган хөдөлмөрийн тухай хуульд заасан сануулах сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байсан. Мөн компаний дотоод аудитаар хуульч, хүний нөөцийн менежерийн ажил, үүргийг хангалтгүй гүйцэтгэж буй нь тогтоогдсон байсан. Иймд энэхүү учир байдлыг лавлахаар гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар ярилцсан. Ярилцлагын үеэр С.Б******* нь дотоод аудитын дүгнэлтийг эрх зүйн ач холбогдолгүй, бөгөөд зөвхөн зөвлөмжийн шинж чанартай гэж өөрийнхөө алдаа дутагдалыг хүлээгээгүй болно. Иймээс түүнийг туршилтын хугацаагаа дуустал ажиллаж, тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага тохирох эсэхээ ажил олгогчид үзүүлэх, эсхүл харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох саналыг тавьсан. Тэгэхэд тэрээр 2 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж өгөхийг гуйсан, ажил олгогчийн зүгээс түүний саналыг зөвшөөрөөгүй бөгөөд туршилтын хугацаагаа дуустал ажиллахыг шаардсан. Тэгтэл тэрээр туршилтын хугацаа дуусахад та нар намайг үндсэн ажилтанаар авахгүй байх тиймээс 1 сарын тэтгэмжээ аваад ажлаас гармаар байна гэсэн. Улмаар С.Б*******тай 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон болно. С.Б*******тай тохиролцсоны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөхөөр тохиролцсон юм. Тухайн өдөр С.Б*******ыг “ажлаас чөлөөлөх тухай” гүйцэтгэх захирлын 3/24 тоот тушаал гарсан бөгөөд С.Б******* нь тушаалыг хүлээн зөвшөөрч, хүлээн авсан. Гэтэл ерөнхий нягтлан М.Баасансүрэн нь С.Б*******ы тэтгэмжээс нийгмийн даатгалын шимтгэл суутгаж шилжүүлсэн байдаг. С.Б******* нь ерөнхий нягтлан М.Баасансүрэнгийн барьдаг байгууллагын ******* дугаарт тэтгэмжээс нийгмийн даатгалын шимтгэл бодохгүй талаарх хуулийн үндэслэлийг илгээж тэтгэмжээ бүрэн авах хүсэлтэй талаараа утсаар болон мессэжээр илэрхийлж байсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 20 цагийн үед С.Б******* нь өөрийн фэйсбүүк хаягнаас “Х*******” ХХК-ийн ажилчдын фэйсбүүк групп-д “сайн байцгаана уу, бүгдийн ажил тавлаг уу, ноосоо асуудалгүй тушаасан юмсан, тушаасан ноосны мөнгөө гүйцэт авчихмаар байна аа, тэтгэмжээс нийгмийн даатгалын шимтгэл боддоггүй юмсан, хувь хүний асуудал бичсэн бол уучлаарай, хүнтэй хүн шиг харьцаж чадахгүй бол хууль журмаар нь шийдүүлэх байх, уг нь компаний нэр унах л асуудал юм гэж дуулгая, баярлалаа” хэмээн нийтэлсэн. Энэхүү нийтлэлийг тус группын 20 гаруй ажилчид уншиж харсан, 2017 оны 5 дугаар сарын нийт ажилчдын цалин 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буусан ба С.Б*******ы тэтгэмжээс суутгасан мөнгийг тухайн өдөр шилжүүлсэн юм. Эдгээр нь С.Б*******ы хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход талууд харилцан тохиролцсон болохыг нотолно. С.Б*******ы нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн авахад ор үндэсгүй зүйл дурдаж нэхэмжилсэн. Манай байгууллага түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу туршилтын хугацаандаа ажиллахыг хүлээн зөвшөөрч байсан ба С.Б*******ыг ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд ажил олгогчийн зүгээс татгалзах зүйлгүй болно. Тиймээс гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/39 тушаалаар “гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/24 тушаалыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “туршилтын хугацаа сунгах” тухай 3/16 тоот тушаалыг хүчинтэй болгож, уг тушаалыг дагуу С.Б*******тай туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг зөвшөөрсөн болно. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С.Б*******ы 98112270 дугаарын утсанд мессэжээр мэдэгдэж, 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа ирэхийг хүссэн. Мөн түүний гэрийн хаягаар тушаалын хувийг хүргүүлсэн болно.Түүнчлэн С.Б******* 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “.. туршилтын хугацаа дуусах 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх ...” ажиллаагүй хугацааны буюу 2017 оны 6 дугаар сарын 08-2017.06.19 хүртэлх цалингаа нэхснээс харахад ажилдаа буцаж орох хүсэл зориггүй зөвхөн санхүүгийн ашиг хонжоо олох гэсэн нь илт харагдаж байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс туршилтын хугацаа дуусах 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх нийт ажлын 31 хоногийн цалин болох 1.431.818 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч “Х*******” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, хуульч хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс туршилтын хугацаа дуусах 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх нийт ажлын 31 хоногийн цалин болох 1.431.818 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ажил олгогчоос хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

Ажил олгогч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 3-060 дугаар тушаалаар ажилтан С.Б*******ыг тус байгууллагад хуульч, хүний нөөцийн менежер албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь туршилтын хугацааг сунгах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 5-6, 8-10 дугаар тал/

“Х*******Тэгш дүүрэн хүслэн” ХХК-ийн гүйцэтэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн С.Б*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “талууд харилцан тохирсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж, хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх хэсэгт “ажил олгогч, ажилтан нь хөдөлмөрийн хуулинд заасны дагуу энэхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно” гэж заажээ.

Ажил олгогч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/39 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар “С.Б*******ыг гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 3/24 тоот тушаалыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 3/24 тоот тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан “туршилтын хугацааг сунгах тухай” гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “туршилтын хугацааг сунгах тухай” 3/16 тоот тушаалыг хүчинтэй болгосон” болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан тушаал зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 25 дугаар тал/

Нэхэмжлэгчийн “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, хуульч хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангуулахаар тодорхойлогдож байна.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээд нь өөрөө эрх зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож, зөрчихөөс өмнөх байдалд нь сэргээсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Компаний тухай хуульд заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/39 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар эрх зөрчсөн гэж үзэж буй 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 3/24 тоот тушаалыг хүчингүй болгосон байх тул шүүх нэгэнт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тушаалд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

Тодруулбал, ажил олгогч нь ажилтаны эрхийг зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байх тул ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн ажилтаны өмнө хүлээх үүрээг хэвээр хадгалагдана.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг дурдаж буй үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Б*******ы “Х*******” ХХК-нд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 1.431.818 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.859 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ