Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1657

 

Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01229 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч: Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/204 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          М.Энхбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:            Б.Ариунбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал гарч ажлаас халагдсан. Миний бие тус байгууллага анх Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр орж хөдөлмөрийн гэрээний үндсэн байнгын ажлын байранд ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24 өдрийн 55 тоот тогтоол гарч манай байгууллагыг татан буулгасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан. Улмаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 31 хоногийн дараа тушаал гарч үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие 8 сар гарантай жирэмсэн бөгөөд уг тушаал гарахаас өмнө хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний амралт авах хүсэлтээ гаргасан байсан боловч жирэмсэн намайг ажлын байр хадгалагдаж байхад ажлаас халсан. Энэхүү шийдвэр хүндээр тусч байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон зохицуулалт өнөөдрийг хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа ба намайг ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар халсан гэж үзэж байгаа болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд минь эргүүлэн томилох шийдвэр гарган, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Мөнхгэрэл нь 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон байх бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тус төвийн захирал Г.Билэгсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулж Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Архивын эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдсон байна. Ингээд ажиллаж байх хугацаанд нь Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гарч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 8 сартай жирэмсэн байсан гэсэн боловч жирэмсний амралт авахаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд хүсэлт ирүүлж байсан баримт, өргөдөл байхгүй байна. Манай газрын зүгээс зөвхөн Засгийн тогтоол, шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэн Б.Мөнхгэрэлийг ажлаас чөлөөлсөн, уг ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэлсэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/204 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдддөг тул  түүний төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байгаа ажил олгогч биш атлаа нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх эрх, хууль зүйн боломж хариуцагч талд байхгүй. Нөгөө талаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болсон тушаал нь илт хууль зөрчсөн буюу нэгэнт хууль зүйн үндэслэлгүй тул гарсан цагаасаа эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй ба ажлаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн гэж үзэхгүй. Нөгөө талаас Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан ба уг тогтоолыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар хариуцагч дээд газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж маргадаг болохоос хэрхэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг "Улсын бүртгэлийи байгууллага нь татан буугдсан   хуулийн   этгээдийн   тухай   мэдээллийг   улсын   бүртгэлийн   мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно" гэж заасан байх ба тус төвийн эрх зүйн чадвар улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох учиртай. Нөгөө талаас хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн ажлын байр, орон тоо хэвээрээ байгаа бөгөөд байгууллага байхгүй болсон, төрийн захиргааны алба болсон гэх тайлбар үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт хуулийн зохицуулалтаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан төвийг эрх бүхий байгууллагын шийдвэрээ татан буулгасан боловч төрийн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гаргах чиг үүрэг хэвээрээ байгаа тохиолдолд төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн захиргааны албан хаагч гэж ялган зааглах боломжгүй бөгөөд харин ч дээрх хуулийн этгээдээс эрхэлж байсан ажлын туршлага, мэргэшсэн байдлаараа тэргүүн ээлжинд ажлын байранд шинээр ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцуулах эрхээр нь хангах хууль зүйн боломж нээлттэй байсан.

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргах боломжгүй буюу шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар зохигчид харилцан мэтгэлцсэн болохыг харж болох ба маргаагүй гэж дүгнэх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжоор хангаж өгнө гэдэгт найдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож буюу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Б.Мөнхгэрэл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн B/204 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх5/

 

            Ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 42 дугаар зүлйин 42.1, 43 дугаар зүйлд заасныг үндэслэжээ.

 

             Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний 55 дугаар тогтоол Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв”  улсын төсөвт үйлдвэрийн  газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн зохион байгуулсан байна.

           

            Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв нь 2016 оын 8 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсан байхад тус төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн B/124 дугаар ажилтнуудыг шилжүүлэх тухай тушаал нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх нэг үндэслэлээ 8 сар гаруйтай жирэмсэн байсан гэсэн үндэслэл зааж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байх тул түүний дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.                                                      /хх-51-53/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хариуцагч байгууллагын үлдэх орон тооны ажилтнуудыг өөрчлөн зохион байгуулахдаа хэрхэх талаар дээрх тогтоолд тодорхой зохицуулаагүй, тус байгууллага татан буугдсан тухай улсын бүртгэлийн мэдээллийн санд ороогүй байхад анхан шатны шүүх татан буугдсан гэж үзсэн нь хууль зөрчсөн” гэж тайлбарлажээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдэгдлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассанд тооцно” гэж заасан бөгөөд хуулийн энэ заалтаар улсын бүртгэлээс татан буугдсан аж ахуйн нэгж байгууллагыг хасах асуудлыг зохицуулсан заалт байх тул уг асуудал нь тухайн байгууллагын татан буугдсан эсэхэд хамааралгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

                                                               Ц.ИЧИНХОРЛОО