Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0979/З |
Дугаар | 151 |
Огноо | 2019-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 151
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Е” ХХК /РД: /
Хариуцагч: БОАЖС
Гуравдагч этгээд: Х.Ц , Г.Г, Г.О
Нэхэмжлэлийн шаардлага: “...БОАЖС-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц , гуравдагч этгээд Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Манай компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд 0,37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон. Тухайн үед маргаан бүхий газар дээр нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй оршин сууж байгаа тул албадан нүүлгэнэ гэж тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд хэлж байсан бөгөөд манай хүсэлт гаргасан газар давхцалгүй талаар нотолж албан бичиг өгч үүний дагуу яамнаас зөвшөөрөл олгосон. Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 725 дугаар албан бичгээр давхцалгүй болохыг нотолсон тул хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрх үүссэн.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны 02-03/1923 албан бичиг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/177 дугаар захирамжаар манай эзэмшил бүхий газар нь давхцалгүй болох нь нотлогддог.
Тухайн үед захиргааны байгууллагаас зөвшөөрөлгүй иргэд амьдарч байгаа нь газрын давхцал үүсгэнэ гэж үзэж байсан бол газар олгохгүй байх боломж байсан. Гэтэл шинэ нөхцөл байдал үүссэн мэтээр зөвшөөрөлгүй иргэдийн гомдлын дагуу бидний хуулийн дагуу газар ашиглах эрх авч маш их хэмжээний хөрөнгө оруулсны дараа газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Эдгээр зөвшөөрөлгүй иргэд нь газар ашиглах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд мөн манайхыг ашиглах эрхтэй болсны дараа буюу сонгуульд оролцох зорилгоор хаягжилт хийлгэсэн иргэд байдаг. Харин тухайн иргэд нь нэхэмжлэл гаргасны дараа газар ЭЗЭМШИХ хүсэлт гаргасан байдаг бөгөөд хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт иргэн нь оршин суух зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргах эрхгүй.
Дархан цаазат газарт газар ашиглах эрх олгогдоогүй иргэд тухайн газарт гэр барин амьдарч, дүүргээс тэдгээр иргэдэд удаа дараа газар албадан чөлөөлөх шаардлага тавьж байсан боловч нүүхгүй өдийг хүрч яамны гадаа очиж хэвтэх, хутга барьж газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох, Б гэх өмгөөлөгчийг авч газар ашиглах зөвшөөрөл бүхий манай компани, яамыг удаа дараа доромжилж байсан. Ийм байдлаар явж байх хугацаанд манай компани газар дээр аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөж буй хөтөлбөрөө боловсруулж холбогдох газраар зөвшөөрлүүдийг батлуулж байсан. Гэтэл энэ хууль бусаар манай газарт амьдарч байгаа иргэдийн гомдлын дагуу хуулийн дагуу газар ашиглах эрх олгогдсон этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус тушаал болжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий актыг мэдэгдээгүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар илгээсэн 03\3638 тоот нь зөвшөөрөлгүй иргэдтэй зөвшилцөх талаар мэдэгдэл байдаг ба үүнийг манайх хүлээн аваагүй. Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1273 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдэл явуулсан байдаг. Бид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий тушаалын үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39.1.4-д заасныг үндэслэл болгожээ.
Газрын тухай хуулийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох
40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;
40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;
40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;
40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болохоор заажээ. Гэтэл хуульд заасан дээрх тохиолдлын аль ч тохиолдол үүсээгүй байна.
Мөн тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”
48.2.2 бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” үндэслэсэн боловч гомдол гаргасан иргэд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхгүй буюу хуулийн дагуу үүссэн эрх ашиг сонирхол үүсээгүй этгээдүүд бөгөөд харин ч манай хуулийн дагуу газар ашиглах эрхэд халдсан үйлдлийг гаргасан болно.
Газрын тухай хуульд зааснаар газар давхцалтай гэдгийг дараах байдлаар ойлгох боломжтой байна. Газрын тухай хуулийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж зааснаас харвал хуульд заасан журмын дагуу газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан этгээд эсхүл түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн газартай давхцалгүй байх ёстой байна. Гэтэл гуравдагч этгээдүүд нь хуулийн дагуу авсан ямар нэг эрхгүй юм.
Бид санхүүгийн хувьд маш их зардал гаргаж аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулж хийгдэх ажлаа төлөвлөсөн. Газар авах үед ойр орчимд байрласан айлуудыг зөвшөөрөлгүй албадан нүүлгэж байгаа талаар захиргааны байгууллагуудаас удаа дараа мэдэгдэж хуулийн дагуу газар ашиглах эрхээ олж авсан гэтэл ажлаа нэгэнт эхлүүлээд маш их зардал гаргасны дараа анх газар олгож байх үеийн нөхцөл байдлыг өөрөөр тайлбарлан газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ үнэхээр хууль бусаар газар дээр буусан иргэдийн гомдлоос болж газар ашиглах эрхийг цуцалж байгаа бол анхнаасаа газар ашиглах эрх өгөхгүй байх ёстой байсан. Энэ тохиолдолд биднээс ч ийм их зардал гарч барилгын зураг төсөв гаргаж суурийн ажлыг эхлүүлэхгүй байх байсан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргахдаа сонсгох ажиллагаа явуулаагүй.
Иймд маргаан бүхий тушаал нь манай компанийн газар ашиглах эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч БОАЖСаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...аялагч түр буудаллах,отоглох зориулалтаар барьсан орон байр” гэж заасныг үндэслэн олгосон газрыг “Е” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дах хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор буюу 12 давхар “Apartment Hotel” барих төсөл, эскиз, зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан зэрэг байдлаас тогтоогдож байна. Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхий Сайдын нэр дээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 чиглэл ирүүлсний дагуу газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дугаартай акт гарсан. Сонсох ажиллагааг яамны албан ёсны “mne.mn” сайтын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зар мэдээлэл хэсгийн 681 дугаарт болон Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3638 дугаар мэдэгдлээр хэрэгжүүлсэн.
Газар ухаж тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болоод байгааг шүүх анхааран үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Е” ХХК нь нэхэмжлэлийнхээ шаардлагад “Богд Уулын дархан цаазат газар”-ын Хамгаалалтын захиргааны 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 725 дугаартай албан бичгээр “давхцалгүй болохыг нотолсон бичгийн дагуу газар ашиглах эрх үүссэн” гэжээ. Гэтэл 2015 оны 07-р сарын 06-ны өдрийн 24 тоот “Нийслэлийн ХУД-ийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоолд” 2013 оны 08-р сарын 30-ны өдөр цахилгааны гэрээ хийж өнөөг хүртэл цахилгааны төлбөрийн зорчилгүй амьдарч байгаа болно. Тус айлуудын амьдарч буй газрыг “Газар ашиглах эрхийн гэрчилгээтэй” болгох асуудал шийдэгдэж байгаатай холбогдуулан нэр бүхий 8 айл өрхийг хаягжуулж өгнө үү... гэсний дагуу Арцатын 18-2-20 тоот хаягийг Г.Гт, Арцатын 18-2-27 тоот хаягыг Г.Од олгосон. Дараа нь 4-р хорооны засаг даргын албан ёсны гэрээтэй “Геоботаник” кадастрын албаар газрын зураглалыг хийлгэж, газрын гэрчилгээ авах БОНХАЖ Сайдын 2015 оны 06-р сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар кадастрын зураг хийлгээд 2-р ээлжинд шийдвэрлэхээр 2015 оны 08-р сарын 03-ны өдрийн албан бичгээр холбогдох газруудад явуулсан байдаг. Уг үйлдлийг баталж Монгол Улсын БОАЖЯамны ТНБДарга Ц.Цэнгэл нь “Е” ХХК-нд 2018 оны 05-р сарын 28-ны өдрийн 03/3638-тай “мэдэгдэл хүргүүлэх” тухай бичигт тодорхой байдалтайгаар, ойлгомжтойгоор, анхааруулж, сануулж хугацаа заасан мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг иргэд болон “Е” ХХК-ийн удирдлагууд авсан байдаг.
“Е” ХХК-ийн Төслийн инженер гэх Ж.Мягмарсүрэн нь “.... 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ТНБДарга Ц.Цэнгэл нь хууль бусаар мэдэгдэл өгсөн байна. Энэ бичиг хүчингүй...” гэж хэлж байсан. Гэтэл уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн газрын албаны байцаагч н.Мөнхбаяр, 4 дүгээр хорооны цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагын албаны гэгдэх хүмүүс нь ТНБДаргын мэдэгдэх хуудас гарсан байна. Бид мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй гэж хүлээн зөвшөөрч явсан байдаг. Уг мэдэгдлийн дагуу “Богдхан уулын дархан цаазат газар”-ын Ахлах мэргэжилтэн Улсын байцаагч н.Эрдэнэбилэг “Е” ХХК-д “Газар ухах ажлыг зогсоох” шаардах хуудас өгч ажлыг зогсоосон. Улмаар шаардах хуудсыг үл биелүүлсэн “Е” ХХК 21 хоногийн дараа буюу 25-нд газраа дахиж ухаж эхэлсэн. Үүний өмнө бид Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хандаж 2018 оны 06 дугаар сарын 21-нд дахин өргөдөл өгсөн. Өргөдөлдөө: БОАЖСын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-433 дугаар тушаалаар БХУДЦГазар нүхтийн задгайд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон тушаалыг хүчингүй болгож газар ашиглах эрхийг цуцлах гомдол гаргасныг, БОАЖСын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дугаартай “тушаал хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаал гарсан. Тушаалын хувийг авч иргэн Х.Ц би газар ухаж байгаа үйлдлийг нь зогсоохын тулд нэг хувийг нь “Е” ХХК-ийн инженер н.Зоригтбаатарт 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой 19 цагийн орчимд өөрийн биеэр өгсөн. Мөн харуул хамгаалалтын ажилчдад ч нэг хувийг өгч газар ухаж буй үйлдлийг нь таслан зогсоосон. Үүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 16-ны ажлын өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БУДЦГазрын удирдах мэргэжилтэнтэй уулзсан байдаг.
Сайдын дээрх тушаалын хуулийн хэрэгжилтийг хангуулах хугацааг 30-аас дээш хоног байдаг тухай бидэнд ойлгуулсан. Иймд бид өөрсдийн өмгөөлөгч Г.Бтай энэ тухай ярилцсан. 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд “Е” ХХК-ийн ажилтан гэх н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс газар ухах гэж ирсэн. “... Бид “Е” ХХК-тай гэрээний дагуу ажиллаж байгаа хүмүүс байна мөнгөө авна, ажлаа дуусгана. Ж.Мягмарсүрэнтэй ярьсан ажлаа дуусгаж байж мөнгөө авна. Энэ сайдын тушаал бидэнд хамаагүй...” гэх үл ойлголцлоос болж бид цагдаагийн байгууллагад хандсанаар ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ирж сайдын тушаалтай танилцсаны дараа “Е” ХХК-ийн ажилчидтай ярилцаж, хамгаалалтын албаны харуултай уулзаж газар ухах ажлыг зогсоох үүрэг өгч Зөрчлийн хуулийн тухай мэдээлэл өгсөн байдаг.
Гэтэл 2018.07.25-нд Байгаль Орчин, Газар, Геодези, Зурагзүйн хяналтын улсын байцаагч Г.Цэнд-Аюуш нь Х.Ц той уулзаж байцаалт авсан. БОАЖ-ын Сайдын тушаалтай танилцаад 2018.07.27-ны өдөр дугаар 04-Б18072002241/0907 зөрчлийн талаарх, гомдол мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоол үйлдэж талуудад өгсөн. Ингээд хуулийн хугацаа дуусаад 90 хоносны дараа 2018.10.05-нд БогдХанУулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд бид өргөдөл гаргахдаа: Хуулийн нэхэмжлэх хугацаа дууссан учир БОАЖ-ын Сайдын тушаалыг үндэслэн газар ашиглах гэрчилгээ авах бөгөөд “Е” ХХК –ийн ухаж төнхсөн газрыг нөхөн сэргээлгэх тухай дурдсан. Харин 2018.10.10-ны өдрийн 1315 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх” тул 40 зүгээр зүйлийн 40.2-д “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж байгууллага ашиглаж байсан газраа төлөөлж энэ хуулийн 37-р зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу газраа нөхөн сэргээж хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхийг мэдэгдье гэсэн хариуг талууд хүлээн авсны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 30-нд “Е” ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Иргэд бид одоо амьдарч буй газраа хууль ёсны дагуу эзэмшихээр ЗГХЭГазар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын Сайд Ц.Цэрэнбат, Дэд сайд Н.Б, ТНБДарга Ц.Цэнгэл, Төрийн тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын дарга Ч.Батсансар мөн БХУ-ын ДЦГазрын дарга Ц.Дуламсүрэн, ахлах мэргэжилтэн Ч.Гал, ахлах мэргэжилтэн улсын байцаагч н.Эрдэнэбилэг, тус яамны Кадастрын албаны дарга н.Батзаяа болон бусад мэргэжилтнүүдэд холбогдох бичиг баримт, өргөдөл, гомдолоо бичгээр болон амаар удаа дараа цуцалтгүй өгсөнөөр дээрх шийдвэр гарсан гэдэгт итгэдэг. Бид газраа авах, эзэмших, ашиглах тухай өргөдөл, гомдолоо 2011 оноос өнөөг хүртэл НМХАлбанд тухайлбал 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр БОАЖ Геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Бт өгч удаа дараа хариу авч байсан. Мөн ХУД-ийн Дөрөвдүгээр хороо, 11-р хорооны иргэд газраа авах, ашиглах иргэдийн бүртгэлд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарт хандсан. Монгол Улсын БОНХАЖ-ын Сайдын тушаал 2015.06.12-ны өдрийн А/235 дугаарт БогдХан уул ДЦГХ-ын бүсэд хамаарах Арцатын амны дөрөвдүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Д.Оюунхорол сайдын тушаалд хамрагдаж амьдарч байгаа газраа кадастрт оруулж, дөрөвдүгээр хорооны иргэдийн хурлын тогтоолоор хаягжилтанд орсон. Энэ нь хороо, дүүргийн Засаг дарга, ХУД-ийн ИХТХ-ын тогтоол, шийдвэр бусад бичиг баримтаар нотлогдоно. Бид 2007 оноос Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд амьдарч, 2013 онд хаягжилтанд орж, 2016 онд сонгуульд оролцсон нь уг хаягт удаан жил оршин суусан гэдэг нь баталгаажих байдаг. Гэтэл “Е” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-нд гэрчилгээ авсан. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр гэрийн гаднаас кадастрын зургаа хууль бусаар гаднаас хийлгэж байсан.
2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/18 тоот хүсэлтээ гаргасан байдаг. Үүнээс хойшхи буюу 2018 оны 03 дугаар сарын 13-наас эхлэн “Е” ХХК-ийнхан бусад бичиг баримтаа хөөцөлдөн хууль бус бичиг баримт гарган иргэдийн гэрийн гадуур хашаа татах, иргэдийн өмч болох хашааг буулгаж эвдэх, гэрийг буулгах, иргэдийг айлган сүрдүүлэх, эрүүл мэндэд нь халдах зэргээр аашилж тушаал мэдэгдэл гарснаар байхад газрыг хууль бусаар ухаж өөрсдөдөө хохирол учруулсан байдаг. Тиймээс биднээс хохирол нэхэх үндэслэлгүй юм. Тэгээд ч уг асуудалтай холбогдуулан тус компанийн нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Мөн БОАЖ-ын Сайдын тушаал гарсныг мэдсэн, Богдхан уул ДЦГазрын ахлах мэргэжилтэн н.Эрдэнэбилэг нь газар ухах ажлаа зогсоохыг шаардах хуудас тус компанийн удирдлагуудад өгсөн, хуулийн хугацаа дуусгавар болсныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1315 дугаартай албан бичгээр мэдэгдсэн удаатай. Эдгээр нөхцөл байдлыг бид шүүхийн аль ч шатанд удаа дараа чин үнэнгээр шүүхэд мэдүүлж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дугаар 211/ШТ2019/0033 тоот тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-т заасныг баримтлан “Е” ХХК-иас БОАЖСад холбогдуулан гаргасан “...БОАЖСын 2018 оны 07 угаар сарын 10-ны А/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг.
Дээрх дурдсан баримтуудыг үндэслээд БОАЖСайд Н.Цэрэнбатын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тушаалыг хүчингүй болгуулах “Е” ХХК-ийн нэхэмжлэлийг бид эсэргүүцэж байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.10 дахь хэсэгт газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан. Гэтэл уг газрын үнэлгээг ч хийлгэдэггүй ба маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар авч газар эзэмшигчийн эрхийг тухайн иргэд барилга барих зориулалтаар авсан.
Түүнчлэн 2008, 2013 онуудын алинд нь ч бай иргэд амьдраад газар эзэмших ашиглах хүсэлтээ өгч байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг. Энэ нь газар авсан иргэдийн байршилтай давхцаагүй гэсэн бичиг ирснээс би энэ газар иргэд амьдраагүй гэсэн бичиг байхгүй юм.
Газар ашиглах эрхийн гэрчилгээ бол тухайн газрын давуу байдлыг гаргаж ашиглахаас биш тухайн газрыг ухаж Газрын хэвлийн тухай хуулийг зөрчин 0 тэнхлэгээс доош газрын хөрсийг ухаж, газар ашиглах эрхээ тус тус зөрчиж байна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын бичиг баримттай маргаагүй.
Эрх бүхий этгээд удаа дараагийн олон удаагийн маргаантай нөхцөл байдлыг илэрхийлсэн баримтын үндсэн дээр хүчингүй болгуулах шийдвэрийг гаргасан. Мөн тухайн газарт байгаа иргэдтэй харилцан тохиролцож, ямар нэг маргаан гаргахгүй гэсэн үндсэн дээр газар ашиглах гэрчилгээ үйлчилнэ гэж өгсөн. Харин ямар нэг байдлаар маргаан гарсан тохиолдолд газар ашиглах эрийг цуцална гэж тодорхой заасан байгаа. Гэтэл үүнийг зөрчиж шүүхэд маргаан үүсгэсэн.
Энэ газарт хүн амьдарч байгаагүй гэдэгт маргахгүй байгаа бөгөөд ашиглах эрхээр хүн энэ газрыг аваагүй гэдэгт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж байна. Иймд ашиглах эрхийг хүчингүй болгох нь зөв учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Е” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “...БОАЖСын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн бөгөөд уг өөрчилсөн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох БОАЖСын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Е ХХК-д олгосон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалт бүхий газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон иргэдийн гомдол саналыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон 0.37 га газраас 0.14 га газрын тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 725 дугаар албан бичгээр давхцалгүй болохыг нотолсон тул хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрх үүссэн” гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хариуцагч шалгах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Г.Г, Г.О нарыг амьдарч эхэлснээс хойш 2 жилийн дараа нэхэмжлэгч Е ХХК-д газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/233 дугаар тушаалаар маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь дээрх хуулийн заалтыг заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Г.Г, Г.О нар нь нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс өмнө 2013 оноос эхлэн уг газарт амьдарч эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16/1359 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 615 тоот санал зэргээр, мөн эдгээр иргэд уг газарт амьдарч байх хугацаандаа удаа дараа газраа гэрчилгээний үндсэн дээр ашиглахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Монгол Улсын Засгийн газар, Хан-Уул дүүргийн газрын алба, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга нарт хандаж байсан, мөн уг газарт амьдрах хугацаандаа цахилгаан эрчим хүчний тооцооны төлбөрөө тухай бүр төлж байсан нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4/417 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хэрэглэгчийн төлбөр тооцооны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/2498 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын байршлын кадастрын зураг болон сансрын зургаас үзэхэд гуравдагч этгээд нар байнгын оршин сууж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанаар 2013 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Х.Отгонбямба, тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Ган-Од нарыг гэрчээр асуусан бөгөөд гуравдагч этгээд Г.Г, Г.О, Х.Ц нар нь 2013 онд маргаан бүхий газарт захиргааны санаачлагаар нүүж ирсэн гэх мэдүүлгийг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон 0.37 га газраас гуравдагч этгээд нартай давхцалгүй 0,23 га газрын тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тухайлан зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулах үйл ажиллагааг тухайлан зааж өгсөн, 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч “Е” ХХК нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа атлаа газраа ухаж барилга барихаар бэлтгэсэн болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан баримтууд, түүнд хавсаргасан фото зураг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...барилгын суурийн ажлыг эхлүүлсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Е” ХХК нь давхцалгүй 0,23 га газарт барилгын суурь ухсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх хуулийн заалтуудын дагуу Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч нь өөрийн ашиглаж буй газраа Газрын тухай хууль тогтоомжууд болон дүүргийн Засаг дарга, Богдхан уулын хамгаалалтын захиргаатай байгуулсан гурвалсан гэрээний дагуу ашиглаагүй тохиолдолд газар ашиглагчийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр БОАЖСад холбогдуулан гаргасан “...БОАЖСын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн захиргааны байгууллага бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа явуулах”-аар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн цахим хуудас болон 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3638 дугаар мэдэгдэл зэргээр дээрх хууль заасан мэдэгдэх ажиллагааг хийж, сонсгох ажиллагааны зарыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-иас БОАЖСад холбогдуулан гаргасан “...БОАЖСын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА