Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Х-ы нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

Шаардлага: “М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 110/2021/0063/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х-ны шүүхэд гаргасан “М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх М.Х-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

2.1 Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаартай шийдвэрээр М.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 2008 оны 01 дүгээр сарын 01-ний  өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал буюу 12 жил мал маллаж, малчин байсныг тогтоосон боловч М.Х-ны 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Монголын Мусульман нийгэмлэгээс лав санваартны төрлөөр “37” гэсэн кодоор бүртгэсэн тул шүүхийн шийдвэрээр М.Х-ны мал маллаж, малчнаар ажилласан хугацаа нь 9 жил 8 сар байна. Малчин М.Х-ны Ногооннуур сумын 9 дүгээр багт 9 жил 8 сар мал маллаж, малчин байсан хугацааны хувьд хариуцагч маргаагүй байна.

2.2. М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал малчдын журмаар сайн дурын шимтгэл төлж, Ногооннуур сумын 9 дүгээр багт мал маллаж, малчин ажиллаж байсны 1 жил 5 сарын хугацааны хувьд хариуцагч маргаагүй байна. Урьд анхан шатны шүүхээс М.Х-ны Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд 1997, 1999 оны мал тооллогын А картуудыг үндэслэн 2 жил мал маллаж, малчин байсан гэдэг хууль зүйн дүгнэлт хийсэн асуудалд хариуцагч маргаагүй байна. Иймд хариуцагчийн маргахгүй байгаа М.Х-ны нийт мал маллаж, малчин байсан хугацаа нь 13 жил 1 сар юм.

2.3. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд зааснаар М.Х нь 15 жилээс доошгүй жил мал маллаж, малчин байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл М.Х-ны 1 жил 11 сарын хугацааны мал маллаж, малчин байсан эсэх асуудалд хариуцагч маргаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцоолсноор М.Х нь 15 жил 1 сар мал маллаж, малчин байсан тул хуульд заасан 15-иас доошгүй жил мал маллаж, малчнаар ажиллах ёстой гэдэг шалгуур болзолыг хангаж байна гэж үзэж байна. Үүний нарийвчилсан учрыг хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг үндэслэн тайлбарлаж байна.  М.Х-ны 1997 оны мал тооллогын А картын хавтгай картанд М.Х-ны 1996 онд тоолуулсан малыг тэмдэглэсэн нөхцөл байдал. Тухайлбал: М.Х нь 1996 онд адуу 5, үхэр 6, хонь 80, ямаа 30 нийт 124 толгой мал тоолуулсан.

2.4. М.Х-ны 1998 онд мал маллаж байсан нь түүний нэрээр гарсан 1998 оны мал тооллогын А картанд Ы.Хн гэж бичигдсэн нөхцөл байдлаар нотлогдож байна гэж үзэж байна. Учир нь Х-ы эцэг М ба М-н эцэг   гэдэг юм. 1998 онд М.Х нь 1998 оны мал тооллогын А картанд Х-ы овгийг өвөө овоглон бичигдсэн нөхцөл байдал. Тухайлбал 1998 онд Х  нь адуу 6, үхэр 4, хонь 40, ямаа 40 бүгд 90 толгой мал тоолуулсан нөхцөл байдал. Нэгдүгээр хавтаст хэргийн 204, 207.208, 209-р хуудсанд М.Х-ны 1998 онд мал тооллуулж байсан А карт түүний овгийг Ы гэсэн үсгээр бичигдсэн байдлыг Цагааннуур тосгоны захирагч Арыстаны 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 71 дугаартай М.Х-д хаягласан тодорхойлолт бүхий албан бичиг, Цагааннуур тосгоны 9-р багт оршин суудаг Ж-н А-ны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлтаар тус тус нотлогдож байна гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн "Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 1 дүгээр хэсгийн малчин, өрхийн тэргүүлэгч М.Х-ны мал маллаж байсан хугацаа 1996 онд адуу, үхэр 6, хонь 80, ямаа 30 бүгд 124 толгой, 1997 онд адуу 8, үхэр 8, хонь 80, ямаа 30 нийт 124 толгой, 1998 онд адуу 3, үхэр 2, хонь 64, ямаа 51 нийт 120 толгой мал тус тоолуулж байсныг албан ёсоор тодорхойлсон нөхцөл байдал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай захирамжаар Цагааннуурын голын толгой хэмээх газраас 20 жилийн хугацаагаар өвөлжөө эзэмшүүлсэн, сумын Засаг даргын тамгын газрын даамал, малчин М.Х нарын хооронд 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ”-гээр өвөлжөө эзэмшүүлсэн нөхцөл байдал юм.

2.5. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас М.Х-ны хүүхэд болох М-т 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон сурагчийн хувийн хэргийн нийгмийн гарал гэсэн хэсэгт малчин гэж тэмдэглэгдсэн байдал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас М.Х-ны охин Л-д 1996 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр олгосон сурагчийн эцэг эхийн мэдээлэл гэсэн хэсэгт 1-р ангиас 5-р анги хүртэл эцэг нь малчин байсан тухай тэмдэглэгдсэн нөхцөл байдал. Тухайлбал Х.Лаззатын сурагчийн хувийн хэрэгт хийгдсэн тэмдэглэлээр Х.Л-т нь 1996 оны 09 дүгээр сард 1-р ангид элсэн орж 2000 онд 5-р анги төгсөх хүртэл эцэг нь М.Х нь 1996-2000 онд  малчин байсан нь нотлогдож байна. Малчин М.Х-ны 1995-2000 онд авч байсан сайшаал шагналын үнэмлэхүүд авагдсан. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т “Нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалтын дагуу М.Х-ны мал маллаж, малчин байсан нийт хугацаа нь 15 жил, 1 сар болох нь захиргааны хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.6. Малчин М.Х аас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Нийгмийн даатгалын шимтгэл төлж, малчнаар ажилласан хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлдөө Миний бие Мусагийн Х  Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгонд амьдардаг. Хөдөө мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дурын даатгалаар төлдөг. Миний тэтгэвэр тогтоолгох нас болон нийгмийн даатгалын шимтгэлийг малчнаар төлсөн хугацаа бүрэн болсон боловч 1995 оноос 2000 он хүртэл нөхөн даатгалын хуулиар 6 жилийн Цагааннуур тосгоны мал тооллогын А данс архивт байхгүй улмаас малчнаар тооцох боломжгүй гэж нийгмийн даатгалын газраас хэлж байна. Миний малчин болохыг нотлох баримт болох Миний хүү болох Х.Махабек, Х.Лаззат нарын сургуульд байх хугацааны сурагчийн хувийн хэргээр нотлох баримтаар авч малчин болохыг баталгаажуулсан тогтоол гаргаж өгнө үү гээд М.Х-ны иргэний үнэмлэхийн хуулбар, Х.М-н сурагчийн хувийн хэргийн хуулбар, охин Х.Л-н сурагчийн хувийн хэргийн хуулбар, 1996, 1997, 1998, 1999 оны мал тооллогын "А" карт, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар” зэргийг хавсаргасан.

2.7. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай тэмдэглэлд Тус сумын 9-р багийн малчин Муса овогтой Х  1997-2000 оны мал тооллогын а данс байгаа бусад жилүүдийн материал дутуу учир шүүхээр тогтоохыг санал болгож байна гэжээ. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд М.Х нь тухайн үед мал тооллогын 1997, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын А дансыг орон тооны бус зөвлөлд өгсөн нь харагдаж байна. Энд М.Х-ны 1997 оны мал тооллогын А картын ар талын хавтгай картад 1996 оны мал тоолуулсан байдал бичигдсэн. Малчин М.Х-ны Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нийгмийн даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлд 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу тус зөвлөл нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 411 дүгээртэй тогтоолоор М.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан 6 жил хугацааг тогтоосон. Энэхүү шийдвэр хууль ёсны гэдгийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн шийдвэрээр нотлогдсон байна.

2.8. Иймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэж хэлэхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тодорхойлох зөвлөлийн орон тооны бус зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-д заасан бүрэн эрхийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Уг журмыг хэрэгжүүлэх зөвлөмжийн 4.1.10-д А данс нь үрэгдсэн оны өмнөх болон дараагийн сар, жилүүдийн А дансны бүртгэлийн лавлагаа байх шаардлагатай гэснийг үндэслэн малчин М.Х-ны 1995-2000 онд Ногооннуур сумын 9 дүгээр багт мал маллаж, малчин байсныг орон тооны бус зөвлөл нь түүний аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 1996-1999 оны мал тооллогын А карт байгааг үндэслэн 1995-2000 онд мал маллаж, малчин байсныг тогтоосон нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан, “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам" болон уг журмыг хэрэгжүүлэх талаар салбарын яамнаас баталсан зөвлөмжид бүрэн нийцэж байна гэж үзэж байна.

2.9. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөл нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ бол аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс үзүүлсэн дарамт гэж үзэж байна. Хууль тогтоомжид зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй, тухайн өдрийн зөвлөлийн хуралд зөвлөлийн зарим гишүүд оролцоогүй гэдгийг шүүхэд мэдүүлсэн, гэтэл тэднийг зөвлөлийн хуралд оролцуулсан болгон бичигдсэн зэрэг уг тогтоол нь утга агуулгын хувьд эргэлзээтэй, илт хууль бус эрхийн акт тул уг шийдвэрийг хүчингүй болох ёстой юм.

2.10. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оын 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч М.Х-ны шүүхэд гаргасан М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч М.Х аас “анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “малчнаар ажилласан хугацааг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийн хамт Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон бусад холбогдох  материалуудыг гаргаж өгсөн байна.

2.3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс М.Х-д ...15 жил мал маллаагүй шүүхээр тогтоолгосон жил болон холбогдох баримтаас үзвэл та 15 жилээс 14 жил 30 хоног малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна, та 55 насандаа биш 60 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хуульд нийцсэн байна.

2.4. Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзалтай холбоотой гомдлыг нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүний гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.

2.5. Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр М.Х ыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 12 жил мал маллаж байсныг тогтоон шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 2.6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-д “даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж хуулиар зохицуулсан.

2.7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхлэж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж зааснаас үзвэл дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан “малчин” гэдэг нэр томьёог мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заажээ.

2.8. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.Х ыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажилласан байсныг тогтоосон хэдий ч М.Х нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны 03 дугаар сарын 01-ний хооронд нийт 2 жил 4 сар Баян-Өлгий аймгийн Монголын мусульманы нийгэмлэгээс ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн 37 код буюу лам санваартны төрлөөр бүртгэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос санваартан гэдгээр шимтгэл төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Х ийг дээрх хуульд заасны дагуу 15 жилээс доошгүй хугацаанд мал малласан гэж үзэхээргүй байх тул М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.                      

2.9. Харин анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.10. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн, эсхүл нотлох баримт цугларсан боловч захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрч, шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй болсон үед энэхүү заалт хэрэглэгддэг.

2.11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд холбогдох маргааны хувьд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.12. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд  ... Малчинд тэтгэвэр, тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална гэж, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын 3 дугаар зүйлийн 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг, сум дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар батлагдсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн Гурвын 3.5-д Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхийн санал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ... тогтоол гаргана гэж заасан.

2.13. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 4/1 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч М.Х ыг 1995-2000 онд нийт 6 жил малчнаар ажилласнаар тооцсон агуулгатай гарсан байх боловч мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, холбогдох жилүүдийн А дансны лавлагаа дутуу гэх үндэслэлээр М.Х-ны малчнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоохыг санал болгон шийдвэрлэж байжээ.

2.14. Дээрх 4/1 дүгээр тогтоолыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэн ... Муса овогтой Х  нь тэтгэврийн даатгалын даатгуулж, шимтгэл төлсөн 1995, 1996, 1997 онуудыг нотлох баримт байхгүй учир оролцон гишүүдийн олонхийн саналаар малчин гэж тогтоох боломжгүй гэж үзэж хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, бодит байдалд тохирсон байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

2.15. Гэтэл анхан шатны шүүх ... М.Х аас гаргаж ирүүлсэн баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр малчнаар ажилласан хугацааг тогтоох боломжгүй, дүгнээгүй, мөн зөвлөл нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд хэрхэн ажилласан нь тодорхойгүй. Малчнаар ажилласанд тооцсон бол тогтоол гаргахаар зохицуулсан, харин малчнаар ажилласан хугацааг ямар нэршил бүхий захиргааны акт гаргахыг тодруулаагүй гэж дүгнэж, энэ нэхэмжлэлийн шаардлагад дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.16. Нэгэнт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь нэхэмжлэгч М.Х ыг малчнаар ажилласан хугацааг тогтоох боломжгүй талаар шийдвэр гаргасан байхад дахин шинэ акт гаргаснаар маргааны үйл баримтад нөлөөлөхөөргүй, мөн нэхэмжлэгч М.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан ...одоо тэтгэвэрээ тогтоолгосон байгаа гэх тайлбар зэргээс үзэхэд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

2.17. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтын “…Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэснийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д тус тус заасныг баримтлан “…М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай гэж заасныг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ