Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1084

 

2021        10         20                                   2021/ШЦТ/1084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2106 02997 1918 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг Зүүнговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа мэргэжилтэй, Даймонд санаа ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Замчдын гудамж 49м байрны 13 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 14 дүгээр байрны 104 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.А

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Г.А нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” авто угаалгын газарт хохирогч Д.Хас-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой хэсэгт цохиж, хана мөргүүлж гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Хас-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ машин угаагаад байж байсан. Тэгтэл манай ажлын ах болох Шинийн нэгэн ах руу Амарсанаа гэх нөгөө угаалгын газрын захирал ах Хас-Эрдэнийг архинд явуулчих гэж байна гэхээр нь машин угааж байна чадахгүй гэж хэлсэн. Удалгүй угаалгын газарт Амарсанаа хүрч ирээд чи яахаараа архинд явдаггүй юм гээд учир зүггүй цохиж эхэлсэн бөгөөд хана руу 3-4 удаа толгойгоороо мөргүүлээд шанаа, эрүү хэсэг рүү гараараа цохиод байсан ба би газарт унаад босоод ирсэн чинь Баянмөнх ах салгахад Амарсанаа ах амралтын өрөө рүү ороод архи уугаад үлдсэн. Би гарч яваад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

Гэрч Ш.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би ажил дээрээ угаагч Хас-Эрдэнэ, Дашням, Бат-Оргил нарын хамт байж байх хугацаанд 14 цагийн орчим манай угаалгын газрын захирал Амарсанаа нь 99107781 гэсэн дугаарын утсаар миний утас руу залгаад Хасаа наана чинь байна уу, наад новшоо ороод ир гэж хэл дээ гэхээр нь Хасаа машин угааж байна, та яагаад хүүхэд дарамтлаад байгаан гэсэн чинь за тэгвэл би өөрөө орж уулзана. Наадахыг чинь архинд явуулдаг болгоно гээд утсаа салгасан. Тэгээд 20 минутын дараа Амарсанаа нь нөгөө ээлжийн зохион байгуулагч Содоогийн хамт орж ирээд хүлээлгийн өрөөний гадаа Хас-Эрдэнийг шанаадаад толгой руу нь хэд хэд цохиж авсан. Дахиж Хасааг цохиод хамраас нь цус гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8494 дугаартай “Д.Хас-Эрдэнийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/,

Яллагдагч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний гэртээ найз охин Азжаргал болон Одбаяр нартай пиво уугаад сууж байсан юм. Тэгээд би өөрийн ажиллуулдаг Даймонд нэртэй угаалгын газар ажилдаг Баянмөнхтэй утсаар яриад машин хэр байна машин бага бол надад пиво аваад ирэх үү? Хасаа машин угаагүй байвал Хасааг явуулчих гэж хэлэхэд чадахгүй гэж байгаа нь сонсогдсон тэр үед би өөрөө гэрээсээ гараад угаалга руу очоод Хасаатай уулзаад чи дэлгүүр яваад өгөхгүй яасан өөдгүй юм вэ гэхэд надад би чадахгүй чаддаг юм бол наад зохион байгуулагч Содоог явуулаач гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед Хасаа чаддаг юм бол чи шаа л даа гээд над руу ойртоод байхаар нь би Хасаагийн цээж хэсэг рүү нэг удаа ёврохорход түрүүлээд угаалгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Даймонд авто угаалгын газарт хохирогч Д.Хас-Эрдэнийг архинд явсангүй гэснээс болж маргалдан толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Д.Хас-Эрдэний мэдүүлэг /хх 8/, гэрч Ш.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8494 дугаартай дүгнэлт /хх 20-21/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Г.Агийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас баримтаар 163.000 төгрөгийн хохирол тогтоогдсон ба үүнийг нөхөн төлсөн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эсэх талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Г.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Г.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Агийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Г.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Хас-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Г.Агаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ