Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1087

 

  2021        10         20                                   2021/ШЦТ/1087

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 1721 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чинбаян трединг ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 5, өвөө, эмээ, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Цахлайн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******-д

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч *******нь 2021 оны 07 дугаар сарын 25-26 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз зочид буудалд иргэн Т.Энхбаярын хамт байхдаа түүний эзэмшлийн Самсунг А-30 3с загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 07 дугаар сарын 24-ний 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелд байдаг найз Энхбаасангийн гэрийн гадна дуудлагаар нэрийг нь санахгүй байна, пиво захиалахаар 88654453 дугаарын утас руу залгаж пиво авсан. Тэгээд пиво хүргэж ирсэн машины жолоочид мөнгийг өгч найз Энхбаасангийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан Сондор хотхоны гадна дүү Н.Эрдэнэчимэгийн гэрч очихоор хүргүүлж ирэхэд гэрэл нь унтраастай унтсан байх шиг болохоор нь нөгөө дуудлагын пиво хүргэж өгсөн залуугийн 88654453 дугаарын утас руу залгаж дуудаж Монелд байдаг найз Энхбаасангийн гэрийн гадна хүргүүлэхэд пиво хүргэлтийн жолоочтой хамт явсан эрэгтэй бид хоёрын ажил дууссан бид хоёрт нэг шил архи байна та хоёрт пиво байгаа юм чинь дөрвүүлээ буудалд орж хөзөр тогтож хамт сууя гэхээр бид хоёр зөвшөөрч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз зочид буудалд орж хамт сууж хөзөр тоглож пиво ууж байгаад 07 цагийн орчимд архи, пивийг ууж дуусгалгүй найз Энхбаасангийн хамт унтаж нөгөө хоёр залуу юм яриад унталгүй үлдсэн. Тэгээд 10 цагийн орчимд сэрэхэд миний Самсунг А30 загварын гар утас байхгүй болсон байсан учир Алтан цайз зочид буудлын дотор талын хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд дуудлагаар пиво хүргэж ирсэн машины жолооч болох ногоон хөх өнгөтэй подволк, цэнхэр өнгийн женсэн шорттой залуу өрөөнд буцаж орж ирээд миний самсунг А30 загварын гар утсыг аваад гарч байгаа бичлэгийг утсан дээрээ бичиж авч цагдаагийн байгууллагад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б31-21-682 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 412.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би Энхбаяр гэх хүний Самсунг А30 эс маркийн гар утсыг авсан нь үнэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч Энхбаярын хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч *******нь 2021 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтан цайз зочид буудлын тоот өрөөнөөс хохирогч Т.Энхбаярын эзэмшлийн Samsung А30 S загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Энхбаярын мэдүүлэг /хх 14-15/, Эд зүйлийн үнэлгээ /хх 20-21/, Зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, яллагдагч ******* мэдүүлэг /хх 44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

******* хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь гар утсыг буцааж өгөх байдлаар нөхөн төлөгдсөн тул *******аатархүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******аатархүүг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.Ган-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэг хавсарган хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ