| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч П.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хялбаршуулсан журмаар явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын А*******д холбогдох 2136001450191 дугаартай, 178/2021/0136/Э/ индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 11 сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1992 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн 07-28 тоотод оршин суух, өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 400000 төгрөг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ПЮ92111215 дугаарын регистртэй, ******* овогт *******ын А*******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч ******* овогтой А******* нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 07-28 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 04 дүгээр сард “утсаа авсангүй” гэх шалтгаанаар А.Чулуунсүрэнгийн хөл, гар хэсэгт өшиглөж хөхрөлт, хавдалт үүсгэсэн, 2020 оны 5 дугаар сард хөнгөн цагаан материал бүхий шанага А.Чулуунсүрэн рүү шидсэний улмаас гар хөхөрсөн, хөл хэсэгт өшиглөсөн, 2020 оны 5-6 дугаар сард хохирогч руу чиглүүлж түмбүүшик шидсэн, шанагатай ус шидэж гарт цохисон, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 00:00 цагийн орчимд А.Чулуунсүрэнгийн үснээс татаж, нүүр хэсэгт халдаж гараараа халдан зодсон,
Мөн Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 07-28 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Чулуунсүрэнгийн биед хардалтын улмаас халдаж гараараа болон ташуураар зодож зүүн талын хацар , шанаа, зүүн чихний ард , зүүн тал, баруун бугалга, 2 гарын шуу, сарвууны ард, хэвлийн баруун урд, бүсэлхий ууц, 2 талын ташаа, бөөр, өгзөг, 2 гуяны урд болон ард, 2 хөлийн шилбэний урд, ард хэсгийг бүтэн хамарсан тус бүр хуралтууд, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун урд зулгаралт, 2 хөлийн шилбэнд хаван хавдар бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Чандмань суманд 1988 оны 01 сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн 07-28 тоотод оршин суух, ПН88012704 дугаарын регистртэй, ******* ургийн овогт Алтангадасын Чулуунсүрэнгийн өгсөн...”Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр айлын хүүхэд харж байгаад орой 17 цагийн үед найз Саруулбуянтай уулзаад 22 цагийн үед гэртээ очиход манай нөхөр П.А******* найз Анхбаяр гэх залуутай гэртээ архи уусан шинжтэй хэвтэж байсан. Би унтах гэтэл намайг миний хүүхэд харж байсан айлын хүнтэй хардаж надтай хэрүүл маргаан хийж намайг зодож, цохисон. Миний нүүр /шанаа/ хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь ташуураар цохисон. Би гадаад айлын хүүхэд хардаг намайг тэр айлын хүнтэй хардаж цохиж зодсон. Урьд өмнө нь намайг цохиж зодож байсан”...гэх мэдүүлэг /хэргийн 20-22 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Чулуунсүрэнгээс дахин өгсөн...”2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архи ууж ирээд миний толгой хэсэгт сандлаар цохиж гэмтээж миний толгой хагарч байсан. Одоо сорив нь байдаг. Тухайн үед манай ээж Ж.Нанжид цагдаад өгч шалгуулаад 7 хоногийн баривчилгаа авч байсан. Тэрнээс өмнө 8-9 удаа цохиж байсан. Би тухайн үед ээж, аавдаа хэлдэггүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бид хоёр хуримаа хийсэн. 2020 оны 04 дүгээр сард хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна найзынхаа төрсөн өдөрт яваад орой 20 цагийн үед гэртээ ирээд охиноо хөхүүлээд сууж байтал гаднаас нөхөр П.А******* орж ирээд “утсаа авахаар яадаг юм” гэж хэлээд хөл, гар руу өшиглөж зодсон. Тэгэхэд манай 4 дүгээр ангид сурдаг хүүхэд Идэрхангай байсан. Өөр хүн байгаагүй. Энэ талаар би ээж, аавдаа хэлээгүй зодуулсны ард миний хөл, гар хөхөрч хавдсан ба хэд хоногийн дараа хөхрөлт хавдалт нь арилсан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз Зулаагийн гэрт очиж байж байгаад орой 00:00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэр рүүгээ ортол П.А******* намайг түлхээд гэрээс хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжсэн. Би хүүхдээ дуудаж хаалга онгойлгуулаад гэртээ ороход үснээс татаж үсдээд гэрээс чирж гаргах гэж байтал хадам ээж Баянбилэг гаднаас орж ирээд намайг авч гэр рүүгээ орсон. Гэтэл П.А******* араас орж ирээд намайг дарж унагаагаад миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би нүүрээ гараараа хамгаалсан тухайн үед хадам ээж орилоод цагдаа дуудна гэж хэлээд болиулсан юм. Зодуулсны ард миний 2 гар бугалга хэсгээрээ хавдаж хөхөрсөн. Хөхрөлт хавдалт нь 7 хоногийн дараа арилсан. 2020 оны 5 дугаар сарын үед байх он, сар, өдрөө сайн санахгүй байна архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдах явцад хөнгөн цагаан шанагаар ус ууж байгаад шанагатай усаа над руу чиглүүлж шидсэн. Тухайн үед би хүүхдээ хөхүүлээд сууж байсан учир баруун талын гараараа шанагыг хаасан. Миний гар хөхөрсөн шанага шидсэнийхээ ард миний хөл хэсэгт өшиглөөд гэрээс гараад явсан. 2020 оны 05-06 дугаар сард байхаа дулаахан байсан өдрийн сайн санахгүй байна. Намайг П.А******* нэгжний мөнгө шилжүүлээд өгөөч гэхээр нь байхгүй гэхэд надаас мөнгө харамлалаа гэж хэлээд гэнэт босож ирээд хуванцар түмбүүшик аваад 2 хүүхэдтэйгээ орон дээр унтах гээд хэвтэж байтал бид гурвыг чиглүүлж шидсэн. Тухайн үед би хөнжлөөр хаагаад 2 хүүхдээ хамгаалсан дахин орны хажуу талын жижиг модон түмбүүшиг шидэж хагалчихаад намайг босоод ир үүнийг цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд шанагаар ус ууж байгаад шанагатай усаа над руу шидэхэд миний гар хэсэгт онож, шанага хонхойж байсан. Тэгээд энэ асгарсан усыг одоо арч, арчихгүй бол 60 литрийн савтай ус нэмж асган шүү шоронд ямар байдгийг би мэднэ чамд одоо мэдрүүлээд өгнө гэж сэтгэл зүйгээр дарамталсан. Би тухайн үед хагарсан эд хогшил юмнуудыг шөнөжингөө цэвэрлээд үүрээр унтаж амарч байсан. Намайг байнга хардаж сэрддэг тул би чиний шоронд байх гэж ирсэн юм уу гэж хэлэхээр шоронд ямар байдаг болохыг харуулнаа гээд тийм үйлдэл гаргасан. П.А******* нь гэртээ хүмүүс бөөгнүүлж архи дарс их уудаг намайг гадагш гаргадаггүй гараад ирэхээр байнга хардаж зодож цохидог байнгын сэтгэл зүйн болон бие махбодийн дарамт үзүүлдэг би чамаас салмаар байна чи зайлаад өг гэхээр өөрөө салдаггүй. Одоогоор шүүхэд салах өргөдөл өгсөн байгаа. П.А******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний монетен ээмэг бөгж зэрэг зүйлийг биенээс хүчээр булааж аваад үүнийг чинь ломбарданд тавьж архи ууна гэдэг”... гэх мэдүүлэг /хэргийн 35-38 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Нанжидын өгсөн...”2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө П.А******* охин А.Чулуунсүрэнг зодсоныг мэдээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө А.Чулуунсүрэн өөрөө 07 цагийн үед манайд ирсэн. П.А******* намайг энэ шөнө шөнөжин зодлоо гэж хэлэхээр нь хувцсыг нь тайлаад харсан чинь хамаг бие нь битүү улаан алаг, хөхөрсөн няцарсан байсан. Цагдаа дуудаж өгнө гэсэн чинь манай охин А.Чулуунсүрэн битгий цагдаад өг ээж би цагдаад өгөхгүй гэж ам өчиг өгч гарч ирсэн юм хэрвээ цагдаад өгчихвөл намайг ална гэж хэлсэн гээд айгаад байсан. Аав нь нэг мөсөн салгаж авна буцааж явуулахгүй гэж хэлээд цагдаад өргөдөл бичиж өгсөн. Манай охин П.А*******тай 2019 онд гэр бүл болсон. Түүнээс хойш П.А******* зодлоо гэж 4 удаа гүйж ирээд П.А******* гуйж байгаад буцаагаад аваад явж байсан. Манай охин бид нарт нуугаад хэлдэггүй байсан байна лээ сая мэдлээ. П.А******* 2020 оны 12 сард манай охиныг зодож 7 хоногийн баривчлагаа авч байсан. Манай хүргэн П.А******* түргэн ууртай, архи их уудаг, мөрийтэй тоглоом тоглодог, амьдралын хувьд тааруу, эрхэлсэн тодорхой ажилгүй, архи уухаараа 3-4 хоног уудаг, сарын тогтсон орлогогүй”...гэх мэдүүлэг /хэргийн 39-42-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэнэсүрэнгийн өгсөн...”2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай ээж Ж.Нанжид “дүүг чинь П.А******* зодсон байна чи хурдан хүрээд ир” гэхээр нь аавын гэрт яваад очиход манай дүүгийн нүүр, хацар хавдсан байсан. Хувцсыг нь тайлаад харсан чинь бие нь битүү улаан алаг, хөхөрсөн няцарсан байсан. Би цагдаа дуудаж өгнө гэсэн чинь цагдаа дуудвал намайг ална шүү дээ би өөрөө цагдаа дуудахгүй гэж гуйсаар байгаад ирсэн юм гэхээр нь болохгүй цагдаад өгнө гэж хэлээд манай аав, ээж хоёр өгсөн. Урд нь манай дүү А.Чулуунсүрэн П.А*******гаар зодууллаа гэхээр нь би гэрт нь очиход П.А*******г цагдаа ирээд аваад явж байсан. Хадам ээж нь манай аав, ээж рүү залгаж П.А******* үгэнд орохгүй А.Чулуунсүрэнг зодоод байна хүрээд ир гэж дуудаж байсан. Тухайн үед манай дүүгийн бие хөхөрч, няцарсан гэмтэл авсан байсан. Манай дүү А.Чулуунсүрэн бид нарт хэлдэггүй байсан болохоор бид нар мэддэггүй. Өмнө нь зөндөө цохиж байсныг сүүлд хэлсэн. П.А******* 2020 оны 12 дугаар сард манай дүүг зодож 7 хоногийн баривчилгаа авч байсан. Эмнэлэгт хандаж байгаагүй. Манай аавын гэрт ирээд хэвтэж байгаад зүгээр болж байсан. П.А******* ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сарын тогтсон орлогогүй, эд хөрөнгө, мал байхгүй”...гэх мэдүүлэг / хэргийн 43-46 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баянбилэгийн өгсөн...”Тухайн үед би мэдээгүй байсан. Бэр А.Чулуунсүрэнгийн ээж хэлсэн. П.А******* урд өмнө нь А.Чулуунсүрэнг зодож цохиж байсан. Архи уухаараа эхнэрээ цохиж зоддог юунаас болж маргалдаж хэрүүл хийгээд байдгийг би мэдэхгүй байна. Надад манай бэр А.Чулуунсүрэн П.А******* зодлоо, цохилоо гэж огт хэлж байгаагүй. П.А******* архи уугаад эхнэртээ гарч хүрч баривчлагдаж байсан. Эмнэлэгт хандаж байгаагүй. П.А******* мэдрэлийн гаралтай нойрны уналт, таталт эплеспи гэх оноштой 70 хувийн группт байдаг. Ажлын чадвар байхгүй. Цэргийн алба хаагаагүй. Архи уудаг, тамхи татдаг, архи уухаараа бага зэрэг түргэн зантай”...гэх мэдүүлэг /хэргийн 47-50 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Баяраагийн өгсөн...”П.А******* манай хөрш айлын хүн байгаа юм. Саяхан гэртээ уйлалдаж, дуулалдаад байсан. Би гэрт нь ороогүй. Эхнэрээ зодож байхыг нь хараагүй. Их архи уудаг залуу байна лээ”... гэх мэдүүлэг /хэргийн 51-53-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Золжаргалын өгсөн...”П.А******* миний төрсөн дүү. 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө эхнэр А.Чулуунсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 04-нд манай бэр А.Чулуунсүрэнгийн аав “Алтангадас залгаж танай дүү манай охиныг зодож цохисон байна” гэж хэлэхээр нь Алтангадас гэдэг айлд очиж бэр А.Чулуунсүрэнг үзэхэд бие нь энэ тэндээ хар хөхөрсөн байсан. Урд нь эхнэрээ цохиж зодсож байсан талаар сайн мэдэхгүй байна. Манайх хол байдаг болохоор надад нэг их хэлдэггүй. П.А******* 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А.Чулуунсүрэнг зодож шүүхээр 7 хоногийн баривчилгаа авч байсан. Манай дүү сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байгаа юм. Урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан”...гэх мэдүүлэг /хэргийн 54-56-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”Манай эхнэр А.Чулуунсүрэн намайг хэл амаар доромжилж чиний ээж чинь янхан биздээ, би ээжийгээ шаадаг биздээ гэж урьд нь хэлж байсан. Тэр үгнээс болж цохих шалтгаан гарсан. Мөн хардалтаас болсон. Эхнэр А.Чулуунсүрэнг ташуураар 4-5 удаа цохисон. Мөн гараараа алгадсан. Эхнэр А.Чулуунсүрэнг цохисон ташуурыг маргааш нь эвдэрсэн ширээ, тавилгатай хамт шатаачихсан. А.Чулуунсүрэн намайг цохиогүй. Би урьд нь эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийллээр 7 хоног баривчлагдаж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад тогтсон орлого байхгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Цэргийн алба хаагаагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”...гэх мэдүүлэг.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:
Шүүгдэгч П.А******* нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 07-28 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 04 дүгээр сард “утсаа авсангүй” гэх шалтгаанаар А.Чулуунсүрэнгийн хөл, гар хэсэгт өшиглөж хөхрөлт, хавдалт үүсгэсэн, 2020 оны 05 дугаар сард хөнгөн цагаан материал бүхий шанага А.Чулуунсүрэн рүү шидсэний улмаас гар хөхөрсөн, хөл хэсэгт өшиглөсөн, 2020 оны 5-6 дугаар сард хохирогч руу чиглүүлж түмбүүшик шидсэн, шанагатай ус шидэж гар хэсэгт халдсан, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 00:00 цагийн орчимд А.Чулуунсүрэнгийн үснээс татаж, нүүр хэсэгт халдаж гараараа халдан зодсон,
Мөн өөрийн гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Чулуунсүрэнгийн биед хардалтын улмаас халдаж гараараа болон ташуураар зодож зүүн талын хацар , шанаа, зүүн чихний ард , зүүн тал, баруун бугалга, 2 гарын шуу, сарвууны ард, хэвлийн баруун урд, бүсэлхий ууц, 2 талын ташаа, бөөр, өгзөг, 2 гуяны урд болон ард, 2 хөлийн шилбэний урд, ард хэсгийг бүтэн хамарсан тус бүр хуралтууд, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун урд зулгаралт, 2 хөлийн шилбэнд хаван хавдар бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.А*******, хохирогч А.Чулуунсүрэн нар нь 2019 оны 07 сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2020 оны 07 сарын 30-ны өдөр 8401000133 дугаартай хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.А******* нь эхнэр А.Чулуунсүрэнгийн зүүн талын хацар, шанаа, зүүн чихний ард, зүүн тал, баруун бугалга, 2 гарын шуу, сарвууны ард, хэвлийн баруун урд, бүсэлхий ууц, 2 талын ташаа, бөөр, өгзөг, 2 гуяны урд болон ард, 2 хөлийн шилбэний урд, ард хэсгийг бүтэн хамарсан тус бүр хуралтууд, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун урд зулгаралт, 2 хөлийн шилбэнд хаван хавдар бүхий гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 519 дугаартай дүгнэлт, гэрч Ж.Нанжид, А.Эрдэнэсүрэн, Ц.Баянбилэг, П.Золжаргал нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч П.А*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог, урьд нь удаа дараа маргалдаж зодож, цохиж байсан ...гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ... эхнэрийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулах ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ... гэр бүлийн хүчирхийлэл ... гэж мөн хуулийн 3.1.1-д ... хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан ба өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А******* нь өөрийн эхнэр А.Чулуунсүрэнгийн бие махбодод халдаж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зүйлчлэхээр заажээ. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.А*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар П.А*******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч А.Чулуунсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч П.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.Хохирол хор уршигийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Чулуунсүрэн нь хэргийн материалтай танилцаад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.А******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч П.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг прокурорын зүгээс хүлээн авч шүүгдэгчтэй ял тохиролцсон. Шүүгдэгч П.А*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь шүүгдэгчээс төгрөгөөр илэрхийлэгдэх хохирол нэхэмжлээгүй. Битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч П.А*******д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх саналтай байна. Энэ хэргээс тусгаарласан болон энэ хэрэгт нэгтгэсэн хэрэг тус тус байхгүй гэх дүгнэлт гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.А******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Эхнэртэйгээ хэзээ ч маргалдахгүй, гар хүрэхгүй, насан туршдаа хайрлаж амьдарч чадна. Архи уухгүй. Хадам эцэг, эх болон өөрийн эхээсээ уучлалт гуйгаад амлалт өгч байна. Дахин та нарыгаа зовоохгүй. Хэрэв ямар нэгэн буруутай үйлдэл гаргавал хуулийн ямар дээд хариуцлага байна түүнийг хүлээхэд татгалзах зүйлгүй гэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч П.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч П.А*******гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч П.А*******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийн тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч П.А*******д...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргасан.
Шүүгдэгч П.А******* нь улсын яллагчтай ял тохиролцсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд дээрхи үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд сард 1 удаа буюу 10 удаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн эрүүгийн 2136001450191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын А*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2136001450191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч П.А*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох” сургалтад 1 /нэг/ жилийн хугацаанд сард 1 удаа буюу 10 удаа хамрагдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.А*******д тайлбарлаж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд 10 удаа сургалтад хамруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА