Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1063

 

2021        10        15                                   2021/ШЦТ/1063

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Г-д холбогдох эрүүгийн 2106 02168 1670 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 1 дүгээр гудамжны 7а тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, С.Г

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч С.Г нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 27 дугаар гудамжны 0 тоотод иргэн Х.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, баруун гаран тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ган-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

Хохирогч Х.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 27 дугаар байрны 19 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Хэнмэдэхэвийн хамт байж байтал манай байрны орцны жижүүр хүүхэн манай гэрт ойролцоогоор 17 цагийн орчим орж ирээд, 0.75 грамм архи 1 шилийг бид гурав хувааж ууж дуусгаад би орцны жижүүр хүүхнийг гэрт нь оруулж өгтөл өнөөх хүүхэн газар уначихаар нь би өргөөд орон дээр нь тавиад байж байтал араас нэг эрэгтэй хүн хөөе гэж дуудаад намайг эргээд харангуут миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохих үед би газар унатал, өнөөх залуу миний дээр гарч суугаад гартаа жижиг хэмжээний хутга барьчихсан байсан ... өнөөх залуу тэр хутгаараа миний баруун гарын шууны гадна талд 1 удаа хутгаар зүссэн. Тэгсэн тэр намайг зодож, хутгалсан залуу өнөөх орцны жижүүр хүүхний нөхөр нь байж таараад, намайг эхнэртэйгээ хардаж, зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Эрдэнэчимэг гэх ах намайг гэрт оруулж өгсөн. Бид хоёрыг манай гэрт дөнгөж ороод байж байтал манай нөхөр Ган-Эрдэнэ гаднаас орж ирж таараад, Эрдэнэчимэг ахтай намайг хардаж, тэр хоёр маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зодолдохоор нь би хүн дуудах гэж гарч гүйгээд 1 давхрын 5 тоотод амьдардаг эгчийг дагуулаад ороод иртэл манай нөхөр Ган-Эрдэнэ хоолны шүүгээн дотор байсан шар эрээн иштэй жижиг хутгыг аваад Эрдэнэчимэгийн баруун гаран тус газар нэг хутгалчихсан. Эрдэнэчимэгийн эгчийн эхнэр нь эмнэлэг, цагдаа дуудсан чинь манай нөхөр Ган-Эрдэнэ хутгаа аваад гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5753 дугаартай “Х.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/,

Яллагдагч С.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 27 дугаар байрны орцны жижүүрийн 0 тоот түр оршин суух гэртээ иртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүү миний эхнэр Д.Оюундэлгэр тус байрны оршин суугч зүс таних Эрдэнэчимэг гэх эрэгтэй хүнтэй хоёулаа согтуу орж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын араас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүүгээ явж ороод тэр хоёрт хандаж та хоёр яахаараа архи ууж байдаг юм бэ гэж хэлээд би эхнэр Оюундэлгэрийг Эрдэнэчимэг гэх хүнтэй хардаж, Эрдэнэчимэг бид хоёрын дунд хэрүүл маргаан болж, хоорондоо барьцалдаж аваад, би Эрдэнэчимэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, ширээн дээр байсан хар иштэй жижиг хутгыг авч, Эрдэнэчимэгийн баруун гарын шуун тус газар нь хутгаар 1 удаа зүссэн. Тэгсэн Эрдэнэчимэгийн гарнаас маш их цус гараад байхаар нь би цагдаа ирэхээс өмнө гараад зугтаачихсан ... би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуудас/,

Яллагдагч С.Ган-Эрдэний эрүүгий хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 хуудас/,

Хохирогч Х.Эрдэнэчимэг, яллагдагч С.Г нараас гаргасан хүсэлт /хх-ийн 75-77 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Данзан 27 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Х.Эрдэнэчимэгийг хамтран амьдрагчтайгаа хардсаны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж, гаран тус газарт хутгаар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх 13-14/, гэрч Д.Оюундэлгэрийн мэдүүлэг /хх 13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5753 дугаартай дүгнэлт /хх 32-33/, яллагдагч С.Ган-Эрдэний мэдүүлэг /хх 56-58/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

С.Ган-Эрдэний хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Х.Эрдэнэчимэгийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул С.Ган-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Ган-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс С.Ган-Эрдэний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Ган-Эрдэний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс С.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ