Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1267

 

2021         11          22                               2021/ШЦТ/1267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 2106 02708 2192 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол ард аюушийн  өргөн чөлөө гудамжны 45 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бажаа овогт Төмөрийн Ганболд /РД: КЮ82041411/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хард рок” үйлчилгээний төвийн хашаанд хохирогч Г.Цэцэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заамдаж унагаах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд баруун чих, баруун гуяны шарх, хүзүү, нуруу, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”

Хавтас хэргээс:

Хохирогч Г.Цэцэний “2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өөрийн эзэмшлийн 08-06 УНС улсын дугаартай авто машинтайгаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвийн зам дагуу ганцаараа жолоогоо бариад явж байтал зам дээ манай найз Ариунболд санаандгүй надтай замын хажуугаар дугуй уначихсан тааралдсан. Тэгээд би найзыгаа өнгөрч яваад “Хард Рок” кафены урд талд байрлах туслах зам руу эргээд зогсоод найз Ариунболдыг дуудаад хашхиртал “Хард Рок” кафены хашаанд байсан харуулын байрнаас үл таних 40 орчим насны эрэгтэй, согтуу хүн “ална шүү пизда, дуугүй бай” гээд орилсон. Тэгэхээр нь би гайхаад хэн вэ чи гэж хэлээд дахиад “Ариука” гээд дуудтал дахиад нөгөө эрэгтэй хүн “зайл” гэхээр нь тоогоогүй байж байтал харуулын байрны цонхоор гарч ирээд намайг арагшаа дарж унагаагаад заамдаж аваад нүүр рүү гараараа, тохойгоороо хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр ах зугатаачихсан. ...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Ариунболдын “ ...2021 оны 08 дугаар сарын 06-ны орой “Хард Рок” төвийн гадна өөрийн найз Цэцэнтэй уулзахаар тохироод очиж авсан. Найзтайгаа уулзаад байж байтал тэр газрын харуулын постноос нэг эрэгтэй согтуу хүн гарч ирээд манай найз Цэцэнг хэл амаар доромжлоод, манай найзыг заамдаж аваад тэр хоёр хамтдаа газар унахдаа тэр байгууллагын шилэн рекламын самбарыг мөргөж унасан. Энэ үед манай найз тэр хүний доор нь орсон байдалтай байхаар нь нөгөө танихгүй хүнийг салгах гээд татах үед тэр хүн над руу дайраад намайг түлхэж дарж унагаасан. Тэгээд цагдаа дуудсан чинь нөгөө хүн гэнэт алга болчихсон. Манай найзыг газар унагаад цохиод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7215 дугаартай “ Г.Цэцэнийн биед баруун чих, баруун гуяны шарх, хүзүү, нуруу, баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Цэцэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заамдаж унагаах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд баруун чих, баруун гуяны шарх, хүзүү, нуруу, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан

Хохирогч Г.Цэцэнийн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/, Гэрч Б.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7215 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Т.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Гын хохирогч Г.Цэцэн рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Г.Цэцэн нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан Т.Гын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үнэлж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Т.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Г.Цэцэн, шүүгдэгч Т.Г нар үл ялих зүйлээр маргалдаж, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Г.Цэцэн нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эсэх талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Т.Г нь 39 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

 

Шүүгдэгч Т.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Т.Гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхээс Т.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар бага байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Гын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5,  36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Год 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Год шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Цэцэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 6. Хохирогч Г.Цэцэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Т.Гоос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ