Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1198

 

2021       11          08                                 2021/ШЦТ/1198

 

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Х.Еркебулан,

Хохирогч М.Хын өмгөөлөгч С.Тэгшжаргал,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2106 02439 1602 дугаартай 2 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг  Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст цагдаа-жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Сэлбэ 9 дүгээр гудамжны 211 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 24 дүгээр гудамжны 213 тоот хашааны гадна 58-06 УНУ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч М.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс:

           Хохирогч М.Хын “2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Үнэгүй.мн сайт руу орж түрээсийн байр хайж, миний сургалт, ажилтай ойрхон байрлалтай нэг байр байхаар холбогдсон чинь түрээслүүлнэ гэсэн. Тухайн зарын зургийг ээж Нарангэрэл рүү явуулсан чинь ээж холбогдоод 1 сая төгрөг шилжүүлсэн байсан ... утас нь холбогдохгүй байсан болохоор хаягаар нь очиход зураг дээр байснаас өөр айл байсан. Байр түрээслүүлнэ гэсэн үү гэхэд эзэн нь үгүй гэсэн, СӨХ дээр очоод зар дээр байсан зургаа үзүүлэхэд манай байрны зохион байгуулалтаас өөр байна гэсэн ... гэр рүүгээ алхаж байхад 88190062 дугаараас залгаад цагдаа байна, ээжийн чинь ярьсан хүн байна гэхээр нь ... залилуулсан тухайгаа хэлээд ... маргааш нь Баянгол дүүрэг дээр очоод ... би өргөдлөө бичээд, тэр ах ийм дараалалтай бичнэ гэж зааж бичүүлээд өгсөн ... сургалт 20 цагийн орчим тараад алхаж байсан чинь ахиад нөгөө ах залгаад ... нөгөө нэг юм чинь одоо ирж мэдүүлэг өг гэнэ ээ гэсэн ... түгжрэлд ороод явж байхад тэр ахын утас дуугараад нэг хүнтэй ярьсан. Тэгснээ нөгөө нэг юм чинь өрөөнөөсөө гараад явчихсан байна, хоёулаа гялс ийшээ яваад бие засаадахъя, яг давсаг хагарах нь ээ гэж хэлсэн би за гэж хэлээд утсаа оролдоод доошоо харчихсан явж байгаад эргэх шиг болохоор нь харсан чинь гэр хорооллын гудамж руу эргээд ... мухар хашаа байсан ... Сэлбэ гэсэн бичигтэй 211 тоот хашааны үүдэнд зогсоод хараа руу орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирээд ахын дүү урагшаа ороод суучих гэхээр нь би жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Тэгээд багажаасаа 2 ширхэг Сэнгүр пиво барьж орж ирээд нэгийг нь задлаад надад өгсөн би үгүй үгүй гээд аваагүй тэгсэн чинь дараагийн пиво задлаад өөрөө 2-3 балгаснаа над руу ахиад задалсан пиво өгөхөөр нь би архины харшилтай уухгүй гэсэн чинь өө чи гэснээ өөрийнхөө пивыг ууж сууж байснаа хүн юм өгч байхад хаашаа хүүхэд вэ ядаж амсаад өг л дөө ганцаараа уухаар эвгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би пивоноос амсаад голын хайрцаг дээр тавьсан ... тэр үед найз Отгонсувдаас чат ирээд би чатлаад байж байсан чинь наад утсаа болчихооч дээ гэсэн, би чатлахаа больсон чинь чи амралтын өдрөөр юу хийдэг вэ гэхээр нь би найзтайгаа ууланд гардаг гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь тэр ах уу байсан пивоо дуусгаад ахиад машины багажаасаа шар тортой пиво аваад арын суудал дээр тавиад өөрөө нэгийг задлаад ороод ирсэн. Би дахиад уух гэж байгаа юм уу, хүргэж өгөхгүй юм уу гэхэд өгнө ш дээ гэхээр нь та цагдаа байж уугаад жолоо барьдаг юм уу гэхэд юм дуугарахгүй инээгээд байсан. Тэгснээ хамаагүй ш дээ, би уусан ч явна, уугаагүй ч явна гэсэн, тэр хооронд цагдаа ах пиво уугаад л байсан. Тэгснээ миний уугаагүй пивыг ахиад надад өгөөд энэ пивоны талыг нь уучихвал яахав чамайг гэр чинь хүргэж өгье гэсэн. Би үгүй манай ах чанга хүн байдаг, би ууж болохгүй харшилтай гэсэн чинь уучих гээд байсан. Би уухгүй гэхэд чамайг энийг ууж дуустал чинь гэрт чинь хүргэж өгөхгүй гээд инээгээд байсан. Тэгээд цагдаа ах 2 дахь пивоо ууж дуусаад ахиад пиво задлаад ууж байгаад, намайг пивоо уучих, хурдан явъя гээд байсан. Би цаг харахад нилээн орой болж байсан, мөн манай ах залгаад байсан болохоор явахын тулд нөгөө пивоны дээр ууж байх хооронд нөгөө ах бие засах гээд 211 тоот хашаа руу орсон. Цагдаа ахыг орж ирэхээр нь юун газар вэ гэж асуухад хүмүүсийн хэлдгээр манай лагерь даа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ах ахиад пиво задлахаар нь би энэний талыг бөөлжихөө шахаж байж уулаа, одоо намайг хүргээд өгчих гэж хэлсэн ... бөөлжис хүрээд машинаас буугаад зогсож байсан чинь цагдаа ах ирээд намайг тэврээд шууд дээш өргөөд хашаа руу ороод гэр лүү чиглээд хурдан хурдан явахаар нь би тийчилсээр байгаад буугаад хашаанаас гараад машинд цүнх байсан учраас машины хаалгыг татахад цоожтой байсан, араас цагдаа ах хүрээд ирсэн. Тэгэхээр нь эндээс цүнхээ аваад такси бариад явлаа гэж хэлэхэд юу яриад байгаа юм, би чамайг хүргэж өгнө гэж хэлээ биз дээ гэхээр нь би зүгээр ээ эндээс таксидна гэхэд миний гараас бариад суу хөөе гээд захирангуй уурласан байдалтай хэлэхээр нь би хүргэж өгөх гэж байна гэж бодоод жолоочийн хажуугийн суудал дээр суухад намайг цаашаа суу гээд шахаад миний хажууд суусан. Тэгснээ миний нүүрийн чимхээд уруул дээр үнссэн. Тэгэхээр нь би уурлаад явлаа гээд зүтгэхэд миний мөр рүү чанга түлхээд хүн хэлээд байхад ойлгодоггүй юм уу хүргэж өгнө гээд байхад гэж хэлээд шууд дайраад хаалга хаагаад миний дээрээс дараад, суудлаа хойш хэвтүүлээд миний өмдийг дотоожтой хамт хүчээр тайлсан, би хашхирч уйлсан боловч хүн ирээгүй, миний 2 гарыг бугуй, шуу орчмоос хүчтэй бариад хойш дараад өөрөө өмдөө тайлаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би уйлаад хөлөөрөө өшиглөөд тийчилсээр байгаад босгосон чинь тэр ах уурлаад суудлын бүсний хажууд гараараа цохиод сүртэй хар гичий вэ гээд чанга орилсон. Би айгаад уйлаад, салганаад байсан чинь дуугүй байгаач гээд загнасан ... Гомдолтой байна. Шөнө унтаж байхад тэр хүний чанга чанга намайг загнаж байгаа хоолой нь сонсогдоод, унтаж чадахгүй цочиж сэргээд байгаа ... манай ээж залгаад байхад цагдаа ах миний утсыг аваад таслаад байсан. Тэгээд халаасандаа хийчихээд өгөхгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

           Гэрч Б.Эрдэнэбаатарын “2021 оны 08 дугаар сарын 06-ны шөнө би унтах гээд орондоо орчихсон байж байсан чинь 00 цаг өнгөрч байхад Нарангэрэл над руу залгаад дүү чинь байрны хажууд ирчихсэн уйлаад нэг сонин байна, чи гараад оч, нэг найз нь өргөж дийлэхгүй байна гэхээр нь би сандраад гэрээс гараад байрны хажуугийн ногооны дэлгүүрийн тэнд очиход Хонгорзул газар хэвтчихсэн, юм асуухаар хариулахгүй, чанга уйлаад байсан. Тэгээд гэрт оруулаад Хонгорзулыг тайвшруулаад хэвтүүлсэн. Хонгорзул нь намайг цагдаа хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд 102 руу залгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч Т.Отгонсувдын “М.Х миний багын найз. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би Хан-Уул дүүрэгт байх Модун таун хотхонд эгчийн гэрт байхад М.Х бид 2 холбогдоод орой хамт гэр лүүгээ явахаар чат бичсэн. Тэгээд М.Х холбоо барихгүй алга болчихсон. Тэгээд 23 цаг 45 минутад би залгахад талбай, Багшийн дээд хавиар байна, одоо очиж байна гэж надтай уйлчихсан ч юм шиг ярьсан. Өмнө нь ярихдаа зүгээр байсан. Тэгээд хүлээгээд байж байтал 00 цаг 02 минутад гадаа чинь ирчихлээ гээд над руу залгасан. Тэгээд би гараад очиход улаан өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгсэл байсан ба М.Х машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан, танихгүй эрэгтэй хүн машин унаж байсан. Тэгээд би найз руугаа харахад надтай юм ярилгүй доошоо хараад суугаад байсан. Үс нь нүүрээ далдлаад сэгсийсэн байдалтай байсан. Тэгээд дуудлагын жолооч ирээд бид нар 10 дугаар хорооллын Хөх хот рестораны тэнд зогсож бид 2 буусан. Тэгээд гэр рүү явж байхад М.Х гэнэт цүнхээ атгачихсан уйлж эхэлсэн ба би түүнээс яасан, чамайг оролдсон юм уу гэж асуухад намайг хүчиндсэн гэж хэлээд чанга уйлаад тэвэрсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7174 дугаартай “М.Хын биед хүзүү, баруун гарын бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн байна. Тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихономизын халдвар илрээгүй байна. В 3 дугаар бүлгийн цустай байна. Охин хальс хуучин урагдалтай байх бөгөөд өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан байна. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлгийн харьцаанд орсон байх боломжтой” гэсэн дүгнэлт /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3812 дугаартай “М.Хын үтрээнээс авсан гэх арчдас эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн. Хүний аутосомын хромосомын ДНХ-ийн шинжилгээгээр М.Хын үтрээнээс авсан гэх арчдаснаас эрх бэлгийн эсийн ДНХ илрээгүй, хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрсэн. М.Хын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь М.Хын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хүний Y хромосомын ДНХ-ийн шинжилгээгээр М.Хын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 124-127 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

           Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-13 дугаар хуудас/,

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14-17, 18-25 дугаар хуудас/,

          Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 31 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Танжидын “Б.Б нь миний төрсөн арх байгаа юм. Ах 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Айлын дунд хүү байгаа юм. Ах Өвөрхангай аймагт Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “Идэр” их сургуулийг “Нягтлан бодогч” мэргэжилтэй төгссөн. Дээд боловсролтой хүн юм. Сургууль төгсөөд Монголын хүний нөөцийн удирдлагын академид суралцаж төгссөн. Зан байдлын хувьд эелдэг, зөөлөн зантай, миний хувьд ахтайгаа их ойр дотно байсан болохоор намайг цэцэрлэгт байхаас л дандаа ах хүргэж өгч, орой авдаг, гэрт намайг хараад хоол унд хийгээд, хувцас угааж өгөөд байж байдаг байсан. Миний хүчээл ном, гэр бүлийн бүх асуудал дээр тусалдаг байсан. Миний ах их тусархуу, хүн юм гуйхад үгүй гэж хэлдэггүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65 дугаар хуудас/,

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн “Миний хүү Б.Б нь 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн төрөх эмнэлэгт төрсөн. Дээрээ 1 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү байгаа юм. Зан байдлын хувьд гэвэл миний хүү их зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу, архи, тамхи хэрэглэдэггүй л хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Гэрч Н.Бямбажавын “Миний хүү Б.Б нь 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эмнэлэгт төрсөн. Балдандорж 1 эгч, 1 эмэгтэй дүүтэй. Хамгийн том охин маань дагавар болохоор Балдандорж миний том хүү байгаа юм. Балдандоржийн хувьд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд цэцэрлэг суманд цэцэрлэг 2-3 жил суралцаж төгсөөд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Дээд сургууль төгсөөд нэг жил хувийн сургуульд сургалтын менежерээр  ажилласан. Үүний дараа цагдаагийн курст суралцаж цагдаа жолооч болсон. Цагдаа болсноос хойш Буянтөр гэж даргын жолоочоор ажилладаг болсон. Зан байдлын хувьд хүнд их тусархуу, өрөвч сэтгэлтэй, аймхай, зүрх муутай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 70 дугаар хуудас/,

Гэрч Г.Уранчимэгийн “Б.Бийн хувьд их нийтэч, бусдад тус болохыг хичээдэг, надад хэд хэдэн удаа тус хүргэж байсан. Хүнд тус хүргэхээрээ хариу нэхдэггүй, эелдэг сайхан зантай, ажлынхантайгаа найрсаг харилцдаг, нэр хүнд сайтай. Бид нар ажлынхантайгаа зугаалгаар явж байхад архи согтууруулах ундаа хэрэглэж байгааг нь харж байсан. Архи уусан үедээ тааруулж уудаг, агсам согтуу тавьдаггүй хамт олонтойгоо гоё явчхаад л ирсэн. Балдандорж жолооч ажилтай учраас архи бараг уудаггүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 176 дугаар хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 175 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

Б.Бийн хувийн хэргийн хуулбар /1хх-ийн 203-250, 2хх-ийн 1-44 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 24 дүгээр гудамжны 213 тоот хашааны орчим авто машин дотор хохирогч М.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан Хэргийн газар болон Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7-13/, хохирогч, шүүгдэгч нарын ашиглаж байсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14-25 дугаар хуудас/, Хохирогч М.Хын мэдүүлэг /1хх 37-40/, Гэрч Т.Отгонсувдын мэдүүлэг /1хх 53-54/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7174 дугаартай дүгнэлт /1хх 83-84/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3812 дугаартай дүгнэлт /1хх 124-127/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярбатаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж бол хохирогчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, сэтгэлгүйд учирсан хор уршиг арилаагүй, гомдолтой гэсэн байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид эрх зүйн туслалцаа хэрэгтэй байгааг далимдуулан зориудаар оройн цагаар дуудан ирүүлсэн, авто машиндаа суулган эзэнгүй хашаа, хүн хөдөлгөөнгүй газрыг сонгон очиж эрхшээлдээ оруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг шаардсан, хохирогчийн дээр гарч, 2 гарыг барьж эсэргүүцэх боломжгүй болгосон, хохирогч хашхирах, орилох, уйлах, хөлөөрөө өшиглөх зэргээр эсэргүүцсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн хүзүү, гарын бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, шоконд орж ухаан алдсан, хохирогчийн үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн, энэ нь шүүгдэгчийн цусны ДНХ-ий тогцтой тохирсон гэх үйл баримт тогтоогдсон байна.

Б.Бийн дээрх үйлдэл нь хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байх эрх болон хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогчийн бэлэг эрхтэнд хүчээр өөрийн бэлэг эрхтнээ оруулах буюу хүчээр бэлгийн харьцаанд орсон байх хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг санаатай үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёр  хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хүч хэрэглэх аргаар халдах гэж хохирогчийн эсэргүүцлийг няцаахын тулд алгадах, цохих, түлхэх, хоолойг боох, ам, гар, хөлийг барих, дарах, хувцсыг урах зэрэг хэлбэрээр бие махбодид халдахыг ойлгоно.  

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн амь бие, эрүүл мэндэд заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг онцлогтой.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч М.Х нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Б.Б нь 28 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг хохирогчийн хүсэл зоригийн дагуу үйлдлээ зогсоосон гэх гэмт үйлдсэн нөхцөл байдал, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нэхэмжилбэл төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг тус тус дурдах нь зүйтэй.

Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй атлаа гэм буруугийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл, холбогдсон хэргийг зүйлчлэл, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Б.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст ажиллаж байсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх нь тохиромжгүй гэж шүүх үзэв.

Б.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

             Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон М.Хын өмсөж байсан хөх судалтай цамц, хар өнгийн өмд, улаан хүрэн өнгийн дотоож, Б.Бийн өмсөж байсан гэх ягаан өнгийн дотоож зэрэг нь овор хэмжээний хувьд болон  бусад шалтгаанаар хүргүүлэх, зөөвөрлөх, тээвэрлэх боломжгүй эд зүйлд хамаарахгүй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйл нь энэ хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй боловч прокуророос эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг ... шүүхэд шилжүүлэхдээ ... эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж байгааг анхааруулбал зохино.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураасан М.Хын өмсөж явсан гэх хөх судалтай цамц, хар өнгийн өмд, улаан хүрэн өнгийн дотоож, яллагдагч Б.Бийн өмсөж явсан гэх ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор хураан авахаар зохицуулжээ.

            Б.Б дээрх гэмт хэргийг өөрийн эзэмшлийн Toyota Prius 30 маркийн 58-06 УНУ улсын дугаартай авто машин дотор үйлдсэн, авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан боловч уг гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хураан авах үндэслэлгүй тул тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил / 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.Х нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч Б.Боос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон М.Хын өмсөж байсан гэх хөх судалтай цамц, хар өнгийн өмд, улаан хүрэн өнгийн дотоож, Б.Бийн өмсөж байсан гэх ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж энэ талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгасугай.

            7. Б.Бийн эзэмшлийг Toyota Prius 30 маркийн 58-06 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ