Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1136

 

2021         10        27                                  2021/ШЦТ/1136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

улсын яллагч Ж.Энхжаргал,   

нарийн бичгийн дарга Н.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатар,

шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоо овогт Эрдэнэтогтохын Пүрэвхүүд холбогдох эрүүгийн 2103 00000 0248 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг Ноён суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Засгийн газрын авто бааз УТҮГ-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, эх, дүү, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгий 31 дүгээр гудамжны 518 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.П

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Яллагдагч Э.П нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг Доржийн гудамж “Их засаг” их сургуулиас ертөнцийн зүгээр зүүн тийш “ мастер кузов” засварын газрын урд замд 2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг 20 минутын орчим Ниссан Алтима маркийн 02-17 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам хөндлөн гарч байсан явган зорчигч Бөхчулуун овогтой Сүхбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны Б.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг Б.Наранбаатар гэдэг би 3 эгчтэй нэг эрэгтэй дүүтэй. Би өөрөө ам бүл тавуулаа амьдардаг. Би бизнесийн чиглэлээр ажилладаг. Мөн улсын байгууллагад зөвлөхөөр ажилладаг. Эдийн засагч мэргэжилтэй. Миний төрсөн дүү ээжтэйгээ амьдардаг. Сүүлд хамтран амьдрагчтай болоод цайз-16-д байр хашаа байшин хөлслөөд амьдарч байсан. Энэ хугацаанд ах эгч нартайгаа байнга холбогддог, гар утсаар ярьдаг. Хааяа тодорхой хэмжээнд архи дарс хэрэглэдэг. Бид нар тэрэнд нь арга хэмжээ авдаг. Дүүгээ харж, тусалж дэмжиж өнөөдрийг хүртэл явсан. Хамгийн гол асуудал нь манай төрсөн дүү 40 гаран настай. Хувийн эрүүл чийрэг биетэй хүн байгаа. Өөрөө эрх зүйч мэргэжилтэй. Хажуугаар нь урлагийн ажил хийдэг. Осолд орсноос хойш би 2-3 удаа прокурор шүүхийн шатад танилцсан. Гэмт бэртлийн асуудал нь хөнгөн биш маш хүнд гэмтэлтэй байгаа.“Covid-19 Цар тахлын үед эмнэлгээр их явна. Эмнэлэгт байхдаа Covid-19 халдвар авсан. Манай дүүг сахиж байгаа хүн хүртэл “Covid-19” туссан.  Сахиураар манай төрсөн эгч байгаа. Нэхэмжлэл дээр зөвхөн эм тарианых нь мөнгө нь 7.000.000 төгрөг болсон байгаа. Төмөр замын цэцэрлэгт олон жил ажилласан. Одоо Барсхан цэцэрлэгт 10 гаруй ажил ажиллаж байгаа. Манай эгч энэ жил ажиллаад тэтгэвэртээ гарах байсан. Тэтгэврийн асуудал хүндрээд ажлаас нь цалингийн үргэлжлүүлэх боломжгүй. Ажилгүй байгаа учраас тэтгэврээ яах вэ гээд асуудал байгаа. Манай ээж өндөр настай хүн байдаг. Төрсөн хүүхэд нь осолд ороод 100 хувь хүний асаргаанд байгаа. Үүнээс болоод их хямардаг юм байна. Би нааш цаашаа явж байгаа зардлаа огт тооцоогүй. Гэр бүлээрээ хямардаг юм байна. Үүнийг биеэрээ туулж харж байна. Гэмтийн эмнэлгийн эмч нар маш сайн хагалгаа хийсэн учраас амь нас нь аврагдсан. 2 удаа үхээд боссон гэж эмч нар бид нарт тайлбарласан. Дүүргийн 2 3 дугаар шатлалын эмнэлгүүд хүнд бэртсэн хүнийг авдаггүй юм байна. Заавал сувилгааны газраар явна. Гэрээр асрах гэхээр мэргэжлийн бус хүмүүс асран. Өнөөдрийн байдлаар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. Яагаад гэхээр энэ хүн хөл дээрээ босоход их хэцүү болсон. Оюун ухаан нь гүйцэт сэргэхэд төвөгтэй гэсэн. Манай ээж эмч хүн байдаг. Илэн далангүй хэлэхэд өөрсдийнхөө танил тал бүх хүчин чадлаараа аль болох хөөцөлдөөд зохицуулаад явж байгаа. Э.Пгийн аав нь надтай гар утсаар 2-3 удаа ярьсан. Эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байгаа гэсэн. Тийм учраас би дахин дахин залгаад мөнгө бол ерөөсөө нэхээгүй. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хоёр удаа Э.Птэй холбогдоод байдал хүнд байгаа шүү. Мөнгө төгрөгийн асуудал их байгаа гэж хэлээд одоо шилжүүлж гэж нэхэж харьцаа үүсгээгүй. Аль болох ойлгуулсан. Эмнэлгийн баримт материалыг хууль ёсны дагуу и баримтаар цуглуулсан. Хил хаасантай холбоотой тархины эм тарианууд 500.000 төгрөгийн үнэтэй. Нэг ширхэг эм гэхэд 100.000-200.000 төгрөгийн үнэтэй. Нэг бүрчлэн бичсэн байгаа. Оросоос вагоноос ирж байгаа хувь хүмүүсээс эм авсан. Тэр хүмүүсээс мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Тухай эмүүд нь эмнэлэгт байхгүй тасарсан учраас 1.000.000 төгрөгийн эм тариаг авсан. Эмнэлгийн орыг гэрт аваад дүүгээ орон дээр гаргасан. Эмнэлгийн ор хамгийн хямдхандаа 1.000.000-2.000.000 төгрөгийн үнэтэй. Хятад улсад 600.000-700.000 төгрөг болдог юм байна. Тухайн орыг аль болох хямдаар буюу 400.00 төгрөгөөр яармагаас авсан. Яармагаас эмнэлэг хүртэл 60.000-70.000 төгрөг болсон. Тэр болгоныг нэхэмжлэл дээрээ тусгаагүй. Тэр болгоныг тусгавал баримттай баримтгүй гээд төвөгтэй зүйлүүд гарах байх. Зөвхөн ор, тэргэнцрийн сандал гэх мэт баримтуудыг тусгасан. 10 дугаар сарын 18-нд би нэхэмжлэлээ өгсөн. 10 дугаар сарын 18-нас хойш өнөөдрийг хүртэл 2 өдөр болж байна. Өчигдөр өнөөдөр 2 гэхэд 170.000 төгрөгийн эм тариа авсан. Тархины гэмтэл хүн сэтгэц мэдрэлд нь хүчтэй эм өгдөг юм байна. Өөрөө гэмтийн улмаас овог гэдэг оног тогтсон. Ярьж чадахгүй мөөрч байгаа юм шиг дугардаг. Орон дээрээ хүнд хүнд үйлдлүүд хийдэг. Хүчтэй эм тариа өгөхөөр шээс нь хаагдана. Өөр сөрөг нөлөөллүүд үзүүлдэг. Тэрэнд нь таарсан сэтгэц мэдрэлийн эмчээс гадна. 3-4 эмч нарыг дуудаж үзүүлдэг. Ийм ийм хүндрэл бэрхшээлүүд их гардаг юм байна. Э.Пд бол манай гэр бүлийн зүгээс аль болох буруутгаад, ялаад байх зүйлийг баримтлахгүй байгаа. Аль болох зах зээлийн хүнд нөхцөлд бүгд гэр бүлээ тэжээх гээд эдийн засгийн шуурганд амьдрах гээд явж байна. Тийм учраас илүү дутуу зүйл нэхэхгүй. Зөвхөн эмчилгээнд гарсан зардлыг бид нарт төвөг учруулахгүй, олон сар хугацаа болохгүй яаралтай түргэн гаргаж өгөөрэй. Дээр нь ирээдүйд гарах зардлыг бид нар тооцож мэдэхгүй. 5-10 жилийн зардлыг энэ хүүхдээс нэхээд байлтай биш. Э.Пд болон бид нарт ч хэцүү. Одоо гарсан байгаа зардал 1-2 жилдээ гарах зардлыг ярьж ойлголцоод явна. Хамгийн гол нь ажлаа хийгээд явж байсан хүн ажлаа хийж чадахгүй байгаа. Дүү минь нэг хүн биш 2 хүн сахих хэрэгтэй болдог. Хүнд хүн асарч байгаа сахиур нь өөрөө өвддөг. Сэтгэл санаагаар унадаг, өөрөө сэтгэцийн өөрчлөлтөд орох боломжтой байдаг. Сахиурыг 24 цаг сольж байхгүй бол манай эгч өөрөө ганцаараа байдаг учраас сахиж байгаа. Тийм биш байсан бол дахиад 2 сахиур ээлжилж сахих болно. Сахиур Covid-19 тусахад яах аргагүй өдрийн 100.000 төгрөг гээд 3 өдрийн 300.000 төгрөгийг сувилагч авч сахиулж байсан. Тэр болгоныг бид нар нэхэмжлээгүй. Яагаад гэхээр баримтгүй. Хувь хүнд өгсөн мөнгөнд баримт гаргаж чадахгүй. Ийм санхүүгийн хүндрэл бэрхшээл бид нарт гарч байгаа. Би өөрөө өмгөөлөгч авах бүрэн боломжтой. Хэрэв өмгөөлөгч авсан бол тэр өмгөөлөгчид дахиад 1.000.000-1.500.000 төгрөг болно. Тэр мөнгө энэ хүүхдийн нуруун дээр ачаа болж ирэх учраас би өмгөөлөгч авахгүйгээр өөрийнхөө хуулийн мэдлэгийн хүрээнд энэ хэрэгт оролцож байна. Үүнийг ойлгож үзээд та бүхэн эмчилгээний төлбөр мөнгийг хугацаа алдахгүй өгвөл сайн байна. Бид нар дүүгээ группэд буюу улсын хангамжид оруулахыг хичээж байна. Гэхдээ удах байх. Тэр болтол хохирол төлбөрийг барагдуулаад өгөөрэй. Өөр бид нарт хүсэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-3 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатарын “Б.Сүхбаатар нь миний төрсөн дүү бөгөөд Улаанбаатар хотод ээж Бадамын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороололд амьдардаг байсан. Манай дүү сүүлийн жил гаран хугацаанд Ариунаа гэх эмэгтэйн хамт Цайз 16-гийн ойролцоо хашаа байшин түрээслэн амьдардаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Тээврийн цагдаагийн албанаас холбогдож манай дүү Б.Сүхбаатарыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Их засаг их сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын Мастер кузов засварын урд замд зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7539 дугаартай “Б.Сүхбаатарын биед баруун зулай ясны ар хэсгээс доош баруун хөхлөг сэртэн баруун суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, чамархай дагз, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3768 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхбаатар ЧИ80092416 гэж хаягласан цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-84 дугаар хуудас/,

Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 33198108 дугаартай “Уг тээврийн хэрэгслийг хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун, зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгал, экологийн үзүүлэлт, хурдны хайрцгийн ажиллагаа, дугуйн хээний гүн, дуут дохио зэрэг нь стандартын шаардлага хангаж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 97-104 дүгээр хуудас/,

           Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны
өдрийн 190 дугаартай
“Ниссан Алтима /Nissan Altima-L34/ маркийн 02-17 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэтогтох овогтой Пүрэвхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 108-110 дугаар хуудас/,

 Яллагдагч Э.Пгийн “Би зүйл ангийг, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн зам тээврийн ослоос болж би хүн гэмтээсэн асуудалд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ар гэрийн хүмүүсээс уучлал гуйж харамсаж байгаа илэрхийлж байна. 2021 оны 08 дугаар сарын 17-ны орой 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 31-518 тоотод байх гэрээсээ ажлын газрын эзэмшилд байдаг 02-17 УБЗ улсын дугаартай Ниссан Алтима маркийн тээврийн хэрэгсэлтэй хадам ээжийн гэрт очиж хүүхдээ авахаар эхнэр Энхчимэгийн хамт хөдөлсөн. Тухайн үед манай охин уйлаад халуураад байна гэж хэлэхээр нь авахаар явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маахуурын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Их засаг их сургуулийн урд талын замаар 3 дугаар эгнээгээр явж байсан чинь өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн гэрэл гялбаад юм сайн харагдахгүй хурдаа хасаж байх үед миний зүүн гар талаас буюу эсрэг урсгалаас явган зорчигч зам хөндлөн гэнэт гарч ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч жолоогоо баруун тийш эргүүлсэн боловч тухайн явган зорчигчийг тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсгээр мөргөж осол гаргасан. Би өөрийн тээврийн хэрэгслийг замын баруун тал руу шахаж байрлуулаад, мөргүүлэн газар унасан явган зорчигч дээр гүйгээд очиход дээшээ хараад хэвтчихсэн, ямар нэгэн зүйл ярихгүй, толгойн хэсгээс цус гарсан байдалтай байхаар нь яаралтай түргэн тусламж, цагдаа дуудсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Осол гарах үед 40-50 км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуудас/,

  Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийэ ТГ-2/298 дугаартай “Байгууллагад хохирол учруулаагүй, гомдол саналгүй” талаарх албан бичиг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Б.Сүхбаатарын эрүүл мэндийн хохиролтой холбоотой болон хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 42-64, 133-136, 141/, Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд

Шүүгдэгч Э.Пгийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Б.Эрдэнэтогтохын “Манай хүү Э.П нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт төрсөн. Сумын төвийн цэцэрлэгт хүмүүжээд 1998 онд анх тус сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад 2 дугаар ангиа төгсөөд 2000 оны үед Улаанбаатар хот руу шилжин ирж Шавь цогцолборт 10 жилийн боловсрол эзэмшиж төгсөөд ажил хийж эхэлсэн. Э.П нь зан байдлын хувьд төлөв даруу, цайлган зантай 2 хүүхдэдээ хайр халамжтай хүн байгаа юм. Миний хүү архи, тамхи хэрэглэж байгаагүй аав ээждээ тус дэмтэй айлын бага хүүхэд” /хх-ийн 35 дугаар хуудас/,

Э.Пгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123 дугаар хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 125 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 127 дугаар хуудас/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-129 дүгээр хуудас/,  Засгийн газрын авто бааз УТҮГ-ын тодорхойлолт /хх-ийн 130 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн дугаар 131 дүгээр хуудас/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131 дүгээр хуудас/,

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Э.П нь 2021 оны 08 дугаар сарын 16-наа 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мастер кузов засварын газрын урд замд Nissan Altima-L34 маркийн 02-17 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3 дугаар зүйлд “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Сүхбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-11/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатарын мэдүүлэг /хх 24/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7539 дугаартай дүгнэлт /хх 39-40/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3768 дугаартай дүгнэлт /хх 82-84/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 190 дугаартай магадлагаа /хх 108-110/, Яллагдагч Э.Пгийн мэдүүлэг /хх 119-120/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Шүүгдэгч Э.П нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Э.Пгийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй  хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Тээврийн прокурорын газраас Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Э.Пг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Э.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг төлж, гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатартай харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пгээс 5.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатарт олгож, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Пг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Э.П нь 21 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасныг дурдвал зохино.

Э.Пгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Э.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, хор уршиг арилаагүй боловч хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн гэх хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол цалин орлоготой, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтуурсан үедээ гарцгүй хэсгээр явган зорчсон үйлдэл нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн 5.000.000 төгрөгийн хохирлыг төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоолоо.

Хэрэгт хавсарган ирүүлсэн Э.Пгийн №695085 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.П-г 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Э.Пд шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.П нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөөгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт хавсарган ирүүлсэн Э.Пгийн №695085 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Пгээс төлөхөө илэрхийлсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранбаатарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэсүгэй.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ