Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 50

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч В.Саранцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч С.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномын Ундрахад холбогдох эрүүгийн 201615000092 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 14-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Содномын Ундрах. /РД: ЙМ81120903/,

Шүүгдэгч С.Ундрах нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг “Их булаг” гэх газар хохирогч В.Саранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хохирогч В.Саранцэцэгийн өмчлөлийн нарны толийг чулуугаар цохиж, санаатайгаар устгаж гэмтээн түүнд 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

          Шүүгдэгч С.Ундрах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би анх санаатайгаар В.Саранцэцэгийг зодох гэж очоогүй. Энэ хүний хорон санаа, хүмүүсийн хооронд хов яриад эгч, дүү нартай хүртэл хэрэлдүүлээд байсан болохоор учрийг нь олъё гэсэн бодолтой гэрт нь очсноос ийм зүйл боллоо. ...Энэ хэрэг гарах болсон гол шалтгаан нь В.Саранцэцэгийн буруутай үйлдлээс болсон. Тэр нарны толийг би хагалсан нь үнэн. Зодож цохисон зүйл байхгүй. Бид хоёр үснээсээ зулгаалцсан байсан. Тэр өдөр маргаан болох гол шалтгааныг В.Саранцэцэг үүсгэсэн. В.Саранцэцэгээс болж ийм хэрэгт холбогдсон үүндээ гэмшиж байна. Хохирлын хувьд бензины үнэ дэндүү өндөр байгаа тул төлөхгүй. 25 км газар Хятад мотоцикль, болон портер авто машинд ийм хэмжээний бензин хийнэ гэж байхгүй. Нарны толины үнэлгээ өндөр байгаа. Гэхдээ нарны толины гарсан үнэлгээ болох 230000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна....” гэв.

 

Хохирогч В.Саранцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр 12 цагийн үед би Б.Пүрэвдоржийнд сууж байхад Б.Пүрэвдорж машин ирлээ гэсэн. Тэгсэн С.Ундрах чамайг дуудаж байна гэсэн. Би машин дээр очиход жолоочийн талын хаалга онгойхгүй байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын хаалгыг очоод татсан чинь С.Ундрах шууд миний өмнөөс тийрээд гөлөг минь, новш минь танай ормонд чинь оръё гээд гараад ирсэн. Тэгээд би уурлаад бид хоёр барилцаад авсан. Дээр доороо ороод л байсан. Тэгээд би дээр нь дарсан байсан чинь машины жолооч гарч ирээд яагаад байгаа юм бэ? больцгоо гэсэн. Тэгээд С.Ундрах миний үснээс гараараа ороогоод доош нь дарсан би амьсгаа ч авч чадахгүй байсан. Тэгсэн Пүрэвдорж, Оюунцэцэг хоёр ирсэн байсан. Би өөрөө хүн харах ч аргагүй байсан. Хоёр талаар л хөл нь орж ирээд байсан. Б.Пүрэвдорж, Оюунцэцэг хоёр арай гэж салгаад би Б.Пүрэвдоржийнд ороод нүүрний цусаа арилгасан. Энэ хүнд зодуулаад хэд хоног л сэтгэл санаа хямарсан. Нойр ч хүрэхгүй хэцүү л юм байналээ. Хөдөөний ганц гэрэл залгуулж байгаа нарны толийг хагалсан. Хохирлоо барагдуулахгүй байгаа гэв.

 

Хохирогч В.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Намайг айл болох Пүрэвдоржийн гэрт үдийн цайгаа уугаад байж байтал Пүрэвдорж “гадаа цагаан өнгийн жижиг машин ирж байна” гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирснээ “Ундрах /Энэбиш гэж дууддаг/ гадаа ирчихсэн чамайг дуудаж байна” гэсэн. Тэгэхээр нь би Пүрэвдоржоос “яах гэж байгаа юм бэ” гэхэд Пүрэвдорж “уулзаадхая” гэж байна гэхээр нь би Пүрэвдоржийн гэрээс ганцаараа гарсан. Намайг гарахад Пүрэвдорж манай гэр хоёрын харалдаа баруун тийш хараад цагаан өнгийн суудлын жижиг автомашин зогсож байсан. Маркийг нь мэдэхгүй, улсын дугаарыг нь өмнөх тайлбар дээр хэлсэн, одоо бол санахгүй байна. Тэгээд би жолооч талаар нь очтол цонхоо буулгахгүй байхаар нь жолоочийн эсрэг талын /баруун талын/ арын хаалгыг нь таттал өөдөөс Ундрах “гөлөг минь новш минь” гэж хараагаад хэвлийн хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэгээд машинаас гарч ирснээ миний үснээс зулгаагаад доошоо дарахаар нь бид 2 барилцаад дээр доороо орцгоосон. Тэгээд би дээр нь гарахад жолооч нь гарч ирээд “хөөе” гэхээр нь би Ундрахын куртикнээс тавьсан. Тэгтэл Ундрах ахиад миний үснээс зулгаагаад доош дарсан. Тэгтэл жолооч нь “чи болиоч, чамайг ингэнэ гэж бодож дагуулж ирээгүй шүү дээ” гээд байсан. Тэгээд миний үснээс зулгаагаад дарчихаад байж байхад нь Пүрэвдорж , Пүрэвдоржийн эхнэр Оюунцэцэг нар гарч ирээд Ундрах бид хоёрыг салгах гээд Ундрахыг “тавиач” гэхэд Ундрах улам л миний үснээс гараараа ороогоод татаад байсан. Тэгээд тэд нар арай гэж салгасан. Би Ундрахаас салаад Пүрэвдоржийн гэрт орсон. Пүрэвдоржийн гэрт ороод нүүрээ хартал хамарны зүүн талд маажсан цус гараад байсан. Үсээ янзлах гэтэл үс туг тугаараа унаад байсан. Ундрах Пүрэвдоржийн гэрт орж ирэх гээд байгаа юм уу орилж хашгираад л байсан. Юу гэж хашгираад байсныг нь ойлгоогүй. Намайг Пүрэвдоржийн гэрт орсноос хойш 5-10 минутын дараа Ундрах нь Пүрэвдоржийн гэрт нүүрээ угаахаар орж ирсэн. Ундрахын хамт жолооч нь цуг орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд Пүрэвдорж, Оюунцэцэг бид гурав байсан юм. Ундрах нүүрээ угаачихаад Пүрэвдоржийн зүүн талын орон дээр суучихаад намайг элдвээр хэлээд “... чи Оюун бид хоёрыг салгачихлаа новш минь гөлөг минь, дүүтэйгээ суулгах гээд” гээд л өөдөөс дайраад байсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс хориод байснаа Пүрэвдорж Оюунцэцэг хоёр уурлаад “...манайх та нарын хэрэлддэг газар юм уу” гээд жолоочийг нь “...наадахаа аваад яваач” гээд Ундрахыг жолоочийнх нь хамт гэрээс түлхэж гаргахад Ундрах нь эргэж орох гээд дайраад байхаар нь Пүрэвдоржийг “..наад хаалгаа цоожилчих ороод ирж магадгүй..” гэхэд Пүрэвдорж хаалгаа цоожилсон. Тэгтэл Ундрах орох гээд дайраад байгаа бололтой хаалга өшигчөөд байх шиг байсан. Гадаа Ундрах дугараад л байх шиг байсан. Тэгээд гадаа пид хийх чимээ гарахаар нь би “...манай гэрт орчих вий дээ..” гэж хэлээд Пүрэвдоржийн гэрийн хаалгыг онгойлгоод хартал манай гэрээс Ундрах нь жолоочийнхоо хамт гараад машиндаа сууж байсан. Тэгтэл Буйраа өвгөн “...хөөе хамаг юмыг чинь эвдчихлээ ш дээ, нарны толийг чинь хагалчихлаа...” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр машиндаа суугаад хөдлөөд явцгаасан. Тэгээд намайг очоод харахад манай гэрийн баруун талд байх нарны толийг хагалсан байсан. Нарны толины дор газарт хагалсан чулуу нь хэвтэж байсан... Отгонлхагвасүрэн гэх хүнээс 2010 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хэрэглэж байсан нарны толь байгаа юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...Нарны толио төлүүлчихвэл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 142 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Шинэзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ ээлжинд гарч байсан. 10 цагийн орчимд манай ажил дээр С.Ундрах гэх хүүхэн ганцаараа орж ирээд шууд миний гаран дээрээс татаад “гаръя” гэхээр нь би “...яах гэж байгаа юм бэ...” гэхэд “...эхнэрийг чинь авчихсан яваа, гаръя, гарахгүй бол эхнэрийг чинь ална шүү...” гэхээр нь би “...яасан гэж тэгж байгаа юм бэ, надаар яах гэж байгаа юм бэ...” гээд тэр хүүхнийг дагаад гаднах хашааны хаалгаар гарсан. Ажлын байрнаас хашааны хаалгаар гарах хүртэл С.Ундрах хүүхэн миний зүүн гарын ханцуйнаас чирээд яваад байсан. Хаалгаар гарсны дараа С.Ундрах хүүхэн газраас аяган чинээ том чулуу аваад миний толгой руу цохих гэхээр нь би баруун гараараа гарыг нь барьж авахад С.Ундрах чулуугаа алдаад унагасан. Тэгээд би “...яах гээд байгаа юм бэ, тавиач...” гэхэд ерөөсөө тавихгүй “...эхнэрийг чинь ална шүү...” гээд намайг чирээд байхаар нь Ундрахыг дагаад байшингийн булан тойроход байшингийн цаана жижиг цагаан өнгийн машин зогсож байгаа харагдсан. Машин дотор жолоочоос өөр хүн харагдаагүй. Тэгэхээр нь би гадна талынхаа өмсөж явсан хувцсыг тайлаад ажлын байр луугаа зугтаасан. Ажлын байрандаа ороод сууж байтал Ундрах ахиад ороод ирсэн. Тэгээд орж ирээд миний толгойтой үснээс зуураад чихэн дээрээс татаад босгоод “...чамайг явахгүй бол авгайг чинь аллаа...” гэсэн. Тэгтэл манай Мангал гэх слесерь орж ирээд С.Ундрахыг татаад надаас салгасан. Би зугтаагаад гарч гүйгээд уурын зуухны урд байх байшингийн цаана орж нуугдсан. Слесерь Мангал С.Ундрахын хамт уурын зуухнаас гарч яваа харагдсан. Тэгээд л Ундрах жолоочийнхоо хамт явчихсан. Орой нь 18 цагийн орчимд эхнэр Саранцэцэг утсаар яриад “... Ундрах ирээд нарны толь хагалчихаад явчихсан” гэж хэлсэн. Маргааш нь ээлжнээс буугаад гэртээ харихад манай гэрийн гадна байх нарны толийг хагалчихсан, эхнэр Саранцэцэгийн нүүрийг маажсан, толгойтой үс нь туг тугаараа унасан байсан, хэвлийн хэсэгт нь хөхөрсөн байсан. Саранцэцэг С.Ундрахыг тийрсэн гэж хэлж байсан. Түүнээс хойш Ундрах гэх хүүхэнтэй тааралдаагүй..Би өмнө нь Оюуншийрэв гэх хүнтэй аймгийн төв дээр Ундрахын гэрт нэг удаа орж байсан. С.Ундрах нь эхлээд эхнэр Саранцэцэг болон миний утас руу залгаж Оюуншийрэвийг асуудаг байсан юм. Сүүлдээ манай эхнэрийг “...янхан минь, банзал гичий минь, сохор хүүхэн...” гэх зэргээр, намайг “...эцэг эхдээ гологдсон гөлөг минь, хөөтэй холилдсон төлөг минь хоол чинь зохиж дээ...” гэх зэргээр хэл амаар доромжилдог болсон. ...Манайх 2010 онд Отгонлхагвасүрэн гэх хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Хэвийн ажиллагаатай нарны толь байсан. ...С.Ундрах нь миний чихний ард хумсаараа урсан байсан. Нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Миний чихний ард жаахан маажсан байсан. Миний биед өөрөөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр Пүрэвдоржийн хамт Тарагт сумын 5-р баг “Их булаг” гэх газарт мал маллаж амьдардаг.  Манайх хадам аав Буйраа, Ж.Шинэзориг гэх айлуудтай айл юм. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр В.Саранцэцэгийн нөхөр Ж.Шинэзориг цэргийн анги руу ээлжийн ажилдаа явсан хойгуур нь В.Саранцэцэг нь манай гэрт орж ирээд үдийн ундаа нөхөр Пүрэвдорж бид хоёртой цуг ууж байсан юм. Тэр үед 11 цаг л өнгөрч байсан юм. Тэгээд манай нөхөр Б.Пүрэвдорж “...машин ирлээ...” гээд гэрээс гарсан. Б.Пүрэвдорж буцаж орж ирээд “...Бүндүүсийн /Ж.Шинэзоригийг Бүндүүс гэж дууддаг юм/ эхнэрийг дуудаадах гэж байна...” гэж хэлсэн. Тэгтэл В.Саранцэцэг “...хэн байна...” гэхэд манай нөхөр Б.Пүрэвдорж “...Энэбиш /С.Ундрах/ байна...” гэж хэлсэн. Тэгээд В.Саранцэцэг ганцаараа гарсан. Би В.Саранцэцэгийн араас гараад гэрийнхээ үүдэнд хараад зогсож байтал В.Саранцэцэг машин руу дөхөж очоод машиных нь хойд талын хаалгыг онгойлготол нэг хүүхэн өөдөөс нь тийрч байгаа харагдсан. Тэгээд гарч ирээд В.Саранцэцэгийг тэр хүүхэн бариад авсан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод ноцолдоход жолооч нь бууж ирээд тэр хоёрыг салгахад В.Саранцэцэг тэр хүүхнээс /Ундрахаас/ салаад эргээд гэр лүүгээ алхахад С.Ундрах гэх хүүхэн араас нь очоод үснээс нь зулгаагаад доош дараад доогуураа өшиглөөд байхаар нь би айгаад гэртээ буцаад орсон. Манай нөхөр гэрт байсан болохоор би нөхөртөө хэлээд нөхрийнхөө хамт цуг гарсан. Б.Пүрэвдорж бид хоёрыг дөхөөд очиход машиныхаа ард тэр хүүхэн /С.Ундрах/ В.Саранцэцэгийн үснээс нь зулгаагаад доошоо дарчихсан хэвээрээ байсан. Машиных нь жолооч нь хажууд салгах гээд зогсож байсан. В.Саранцэцэгийг Ундрах үсдэж дарчихаад доогуураа өшиглөөд байсан. Хаана нь өшиглөж байгааг хараагүй. Тэгээд нөхөр бид хоёр очоод тэр хоёрыг салгах гэтэл В.Саранцэцэг гуайн үснээс нь зуурчихаад тавихгүй болохоор нь С.Ундрах гэх хүүхний гарыг дарж Саранцэцэгийн үснээс салгах гэтэл тэр хүүхэн бас л тавихгүй байсан. Тэгтэл В.Саранцэцэг “...аллаа...” гээд хашгирахад хадам аав Буйраа гэрээсээ гарч ирээд “...больцгоо та нар...” гээд бид нар элбээд тэр хоёрыг салгасан. Саранцэцэгийн зүүн талын хацар нь цус болчихсон, үс нь сэгсийчихсэн, туг тугаараа унаж байсан. В.Саранцэцэг манай гэрт орж ирээд нүүрээ янзлаад, үсээ самнаад байж байтал С.Ундрах гэх хүүхэн “...нүүрээ угаая...” гээд жолоочийнхоо хамт орж ирсэн. С.Ундрахын гар нь шороо болсноос өөр зүйл болоогүй байсан. Ундрах нүүрээ угаачихаад манай гэрийн зүүн талын орон дээр суучихаад В.Саранцэцэг рүү “... чи надаас Оюуншийрэвийг салгачихаад дүүтэйгээ суулгах гээд байгаа юм уу...” гээд уурлаад аашлаад орон дээр байсан нүүрний тосны савыг В.Саранцэцэг рүү авч шидээд байсан. Тэгэхээр нь би уурлаад “...манайх хэрүүлийн оромж биш гарцгаа...” гэхэд жолооч нь С.Ундрахыг явъя гээд татахад С.Ундрах явахгүй В.Саранцэцэгтэй хэрэлдээд байхаар нь би С.Ундрахыг нөгөө талаас нь түлхээд  жолоочийнх нь хамт гэрээсээ гаргасан. Тэгээд Б.Пүрэвдорж, В.Саранцэцэг бид гурвыг манай гэрт байхад гадаа пид хийх чимээ гарсан. Тэгэхээр нь бид нар гартал С.Ундрах гэх хүүхэн машиндаа суугаад хөдөлж байсан. Манай хадам аав Буйраа “...нарын толийг чинь эвдээд явчихлаа ш дээ...” гэхээр нь очоод хартал Ж.Шинэзоригийн нарны толийг чулуугаар шидээд хагалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ эхнэр Оюунцэцэг, айлын хүүхэн болох Саранцэцэг нарын хамт байж байтал айл Ж.Шинэзоригийн гадаа машин ирэх чимээ сонсогдсон. Тэгэхэд өглөөний 11 цаг л өнгөрч байсан байх. Гараад хартал Ж.Шинэзоригийн гадаа 90-29 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн жижиг суудлын автомашин ирсэн байсан. Машины араас Ундрах нь “...айлын чинь хүүхэн байна уу...” гэхээр нь би “...манай гэрт байна...” гэхэд С.Ундрах “...дуудаадах уулзаадахъя...” гэхээр нь би гэр лүүгээ ороод В.Саранцэцэгт “...гадаа С.Ундрах ирээд уулзъя гээд дуудаад байна...” гэж хэлэхэд В.Саранцэцэг гарсан. Эхнэр В.Саранцэцэгийн араас гарснаа удалгүй хаалгаар шагайгаад “...гараач сүйд боллоо цаана чинь...” гэхээр нь гэрээс гараад хартал С.Ундрах В.Саранцэцэгийн үснээс нь 2 гараараа ороогоод доош нь дарчихсан, доогуураа хөлөөрөө өшиглөөд байгаа харагдсан. Жолооч нь хажууд нь салгах гээд байгаа бололтой зогсож байсан. Л.Оюунцэцэг бид хоёр очоод тэр хоёрыг салгах гэсэн чинь зууралдчихаад тавихгүй байхаар нь би С.Ундрах гэх хүүхний гаран дээрээс нь бариад сулруулах гээд гарыг нь түлхсэн. Тэгтэл В.Саранцэцэг “...аллаа аваарай...” гээд орилоод байсан. Аав Буйраа гэрээсээ гарч ирээд “...больцгоо та нар...” гэхэд С.Ундрахын гар нь арай суларч В.Саранцэцэгийн толгойтой үснээс зуурч байснаа тавьсан. Ундрах Саранцэцэг хоёрыг салгаад гэр лүүгээ аваад орсон. В.Саранцэцэг гэрт орж нүүр гараа угаагаад үсээ самнахад үс нь туг тугаар унаж байсан. В.Саранцэцэгийг гэрт байхад С.Ундрах “...нүүрээ угаая...” гээд ороод ирсэн. Жолооч нь хамт орж ирсэн. С.Ундрах нь нүүрээ угаачихаад гэрийн зүүн талын орон дээр суучихаад В.Саранцэцэгээс хэрүүл өдөөд, В.Саранцэцэгтэй хэрүүл хийгээд, В.Саранцэцэгийн өөдөөс дайраад байхаар нь манай эхнэр Л.Оюунцэцэгийг уурлахад жолооч нь С.Ундрахыг түлхээд гэрээс аваад гарсан. С.Ундрахыг жолоочийнхоо хамт гэрээс гарахаар нь би гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн юм. ...Тэгтэл гадаа түн хийх чимээ гарахаар нь би машины хаалга хааж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд хаалгаа онгойлгоод хартал Ж.Шинэзоригийн гаднаас С.Ундрахын ирсэн машин хөдлөөд явж байгаа харагдсан. Аав Буйраа цаанаас ирж байснаа “...хөөе нарны толийг чинь хагалчихаад явчихлаа ш дээ...” гэж хашгирахаар нь бид нар Ж.Шинэзоригийн гадна байх нарны толийг очоод хартал нарны толь нь хагарчихсан байсан. Нарны толийг нь хагалсан чулуу нь хажууд нь хэвтэж байсан. ...Манай пийшин дээр аяга угаах гэж тавьсан байсан савтай усыг В.Саранцэцэг С.Ундрах руу цацах гээд байхаар нь манай эхнэр Л.Оюунцэцэг В.Саранцэцэгээс савтай усыг нь авсан. Тэр ус халуун ус байгаагүй, халаах гэж тавьсан хүйтэн ус байсан юм. Саранцэцэг нь Лхагвадаш Ундрах нарын араас галын хайч бариад далайсан. Тэгтэл манай эхнэр Л.Оюунцэцэг В.Саранцэцэгээс галын хайчийг нь, салгаж авсан. Саранцэцэг Лхагвадашийн нуруу руу галын хайчаар цохиогүй... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлсэн: “...Б.Оюуншийрэв нь С.Ундрахтай албан ёсоор гэр бүл болоогүй ч гэсэн дундаасаа нэг хүүхэдтэй юм. Б.Оюуншийрэв нь С.Ундрахын гэр орноор орж гараад байдаг юм билээ. 2016 оны цагаан сарын дараа Тарагт сумын 5-р багийн Иргэдийн хурлын дарга Алтангэрэлтэй уулзахаар утсаар ярьтал С.Ундрахын гэрт байна гэхээр нь би Ундрахын гэрт очсон юм. Тэгтэл С.Ундрахынд Б.Оюуншийрэв нь ирчихсэн байж байсан. Тэгээд л би тэндээс Алтангэрэлийг аваад явсан юм. Цагаан сарын дараа байсан юм, хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Алтангэрэл нь Ундрахын төрсөн эгчтэй нь суусан. Ундрахын хүргэн нь байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Гэрч О.Буйраагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хониндоо явчихаад 11 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгтэл Ж.Шинэзоригийн гадаа цагаан өнгийн жижиг тэрэг /автомашин/ ирээд зогссон. Ундаа уугаад сууж байтал айлын гадаа хүмүүс хашгиралдаад манай бэр хүүхэн Л.Оюунцэцэг чарлаад “...аав аа...” гээд бахираад байхаар нь гэрээс гартал Ж.Шинэзоригийн гэрийн гадна байх машины ард талд манай айлын хүүхэн В.Саранцэцэг нэг хүүхэнтэй үснээсээ зулгаалцчихсан, тэр хүүхэн ч В.Саранцэцэгийн үснээс нь ороогоод зуурчихсан байсан. Тэгэхээр нь би хүрч очоод “...больцгоо та нар...” гэхэд тэр хоёр салсан. ... Бид нар тэр хоёрыг салгахад В.Сараа Б.Пүрэвдоржийн гэр лүү орсон. Тэгтэл Сараагийн араас Ундрах гэх хүүхэн нүүр гараа угаахаар орсон. Намайг С.Ундрахын араас ороход С.Ундрах нь гар дээрээ ус хийлгээд нүүр гараа угаагаад байсан. Тэгээд Саранцэцэг, Ундрах хоёр нь маргалдаад байхаар нь би Б.Пүрэвдоржийн гэрээс гараад гэр лүүгээ орчихоод гараад ирэхэд С.Ундрах гэх хүүхэн жолоочийн хамт Пүрэвдоржийн гэрээс гараад ирчихсэн машинаа асаачихсан жолооч нь дотроо сууж байсан. Тэгтэл С.Ундрах гэх хүүхэн Ж.Шинэзоригийн гэрийн гаднаас чулуу аваад нарны толь руу нь шидээд хагалчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57,154-155 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Оюуншийрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хонио хариулж байгаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай айл болох Шинэзоригийн эхнэр В.Саранцэцэг “...С.Ундрах ирээд намайг зодоод манай гэрийн гадна байх нарны толийг хагалчихаад явчихлаа. Миний толгойтой үсийг хар...” гээд надад халааснаасаа унасан үс гаргаж ирээд харуулаад байсан. Саранцэцэгийн хамрынх нь хажуу талд маажсан бололтой бага хэмжээний шарх байсан. Гэрийнх нь гадна байх нарны толийг нь харахад доод үзүүртээ хагарч бутарсан байсан. Би эзгүй байсан болохоор С.Ундрах нь ямар байдалтай Саранцэцэгийг цохиж зодсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Мангалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ж.Шинэзориг манай цэргийн ангид 2 жил гаран галч хийж байгаа залуу байгаа юм. Тэр өдөр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байсан юм. Би тэр өдөр галч Ж.Шинэзориг, Банзрагч нартай ээлжинд гарсан. Банзрагч нь хэлгүй хүн байгаа юм. Тэгээд тэр өдрийн өглөө 11 цагийн орчимд намайг слесерийн өрөөнд байж байхад Банзрагч орж ирээд надад дохиогоор “...Шинэзоригийг чихэндээ ээмэгтэй хүн зодож байна...” гэхээр нь би гараад хартал гадаа юм харагдаагүй, Банзрагч тийшээгээ явсан гээд заагаад байсан. Би заасан зүг рүү нь явалгүй өрөөндөө буцаж орсон. Намайг өрөөндөө байж байтал ахиад Банзрагч орж ирээд “...нөгөө эмэгтэй хүн ахиад Шинэзоригийг зодоод байна...” гэхээр нь гараад уурын зуух руу ортол уурын зуухан дотор Шинэзоригийг нэг эмэгтэй хүн заамдчихсан, хөл гар луу нь өшиглөөд, нүүр ам руу нь цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад Шинэзоригийг би “...ажлын байран дээр зодоон хийж болохгүй, зугтаа...” гэж хэлээд нөгөө хүүхнийг нь зуухны ар талын хаалгаар гаргаад явуулсан”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Гэрч А.Лхагвадашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой С.Ундрах нь утсаар яриад “... та цэргийн ангийн цаад тал руу яваад өгөөч...” гэхээр нь би “...орой болсон хойно явахгүй...” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь явахаар болоод С.Ундрахын хамт эхлээд цэргийн ангиар орсон. Өглөөний 11 цагийн орчимд л цэргийн анги орсон байх. Тэгээд шууд уурын зуухан дээр нь очоод С.Ундрах “...В.Саранцэцэгийн нөхөртэй нь уулзаадахъя...” гээд машинаас буугаад явсан. С.Ундрах ч удалгүй уурын зуухнаас гарч ирээд “...В.Саранцэцэгийн нөхөртэй нь уулзах гэтэл зугтаачихлаа...” гэж хэлээд машинд суусан. Тэгээд бид хоёр цэргийн ангийн цаана байх гэрээр нь очсон. Малын байрны зүүн талд хоёр гэр, баруун хойд талд нь нэг гэр байсан. Тэгээд зүүн талын хоёр гэрийн гадаа очиход зэрэгцээ хоёр гэрийн баруун талын гэрээс нэг залуу гарч ирсэн. Тэр залуугаас С.Ундрах нь В.Саранцэцэгийг дуудаад өг гэхэд тэр залуу буцаад орсон. Тэгээд тэр залуугийн /Пүрэвдоржийн/ орсон гэрээс нэг хүүхэн гарч ирээд машин руу дөхөөд ирсэн. Тэгээд тэр хүүхэн миний машины буруу талын хойд талын хаалгыг онгойлгоод Ундрахыг “...чи энүүгээр юугаа хийгээд яваад байгаа юм бэ?...” гэхэд С.Ундрах машинаас буухад тэр хүүхэн С.Ундрахын хөл рүү өшиглөөд С.Ундрахын үснээс зуураад авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад машины ар луу орчихоор нь би машинаас гарсан. Тэгээд намайг гараад харахад тэр хоёр машины ард байсан, В.Саранцэцэг гэх хүүхэн нь С.Ундрахыг доороо хийгээд дээрээс нь суусан байдалтай байсан. С.Ундрах ч В.Саранцэцэгийн үснээс нь зулгаачихаад тавихгүй байсан. С.Ундрах нь В.Саранцэцэгийн үснээс нь зулгаачихаад тавихгүй байхаар нь би салгах гээд оролдож байтал гэрээс нэг хүүхэн, нэг залуу, нэг өвгөн гарч ирээд тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгахад Ундрахын хамраас цус гарсан байсан.С.Ундрах гар нүүрээ угаахаар Б.Пүрэвдорж гэх айлд орох гэхээр нь би хамт орсон. С.Ундрахыг нүүрээ угаачихаад зүүн талын орон дээр нь суухад В.Саранцэцэг гэх хүүхэн хэрүүл хийгээд гартаа таарсан болгоноо С.Ундрахын өөдөөс шидээд байсан. Тэгээд би С.Ундрахыг дагуулж гараад машиндаа суулгаад машинаа асаатал С.Ундрах нь машинаас бууж гарч гүйгээд газраас том чулуу аваад нарны толь руу нь шидээд нарны толийг нь хагалсан. ...В.Саранцэцэг нь намайг “...энэ хүүхнийг яах гэж авчирсан юм бэ, энэ хүүхнийг дагуулж ирж хэрүүл хийлгэлээ, гар зайл...” гээд миний зүүн талын гар луу нэг удаа, нуруу руу хоёр удаа галын хайчаар цохисон. Галын хайчаар цохиулснаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-63,155 дугаар хуудас/,

 

Гэрч О.Отгонлхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2010 оны 08 сарын үед байх би сайн санахгүй байна. Ж.Шинэзориг 500.000 төгрөг бэлнээр өгөөд нарны толь болон аккумлъяторын хамтаар авсан. Би тухайн үед бэлнээр 500.000 төгрөгөөр зарж мөнгөө бүрэн авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Мандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Асуудал болсоны дараа би өөрийн хүү болох Дашцэрэн лүү залгахад “... сая Ундрах эгч ярилаа “Их булагт” очоод айлын толь хагалчихлаа миний хагалсан толь хэнийх юм бэ? гэж асуугаад байна. Би мэдэхгүй болохоор мэдэхгүй гээд хэлчихлээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 152 дугаар хуудас/

 

Гэрч А.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Ундрах нарны толийг чулуу шидээд хагалчихсан хэний толийг мэдмээр байна гэж асуусан. Би мэдэхгүй учир мэдэхгүй гэж хэлсэн тэгээд С.Ундрах нь В.Саранцэцэгийн нөхрийн ажил дээр очсон чинь нөхөр нь зугтаад гээд ярьсан. Би сонсож байгаад утсаа унтраасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:... С.Ундрахын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгохоор хошууч А.Баттөгс 2016 оны 03 дугаар сарын 16-ний өдөр шинжээч томилох тогтоолыг ирүүлсэн боловч С.Ундрах нь өөрийн биеэр ирж үзүүлээгүй, хошууч А.Баттөгсөөр С.Ундрах гэгчийг дуудуулсан боловч ирээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байсан ийм шалтгаанаар дүгнэлтийг гаргаагүй юм... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 156 дуугар хуудас/,

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай дүгнэлт:... В.Саранцэцэгийн биед зүүн чамархай хэсгийн үс халцарсан, хамар зүүн хацрын зулгаралт, хэвлийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №ӨВР/001 дугаартай “... 54*120 см, хуучин нарны толь 1 ширхэг 230.000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №04/27 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Ундрахын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн

Шүүгдэгч С.Ундархын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Ундрахыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 84-90 дүгээр хуудас/ зэрэг болно,

 

Шүүгдэгч С.Ундрах нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг “Их булаг” гэх газар хохирогч В.Саранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хохирогч В.Саранцэцэгийн өмчлөлийн нарны толийг чулуугаар цохиж, санаатайгаар устгаж түүнд 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Хохирогч В.Ундрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр өдөр 12 цагийн үед би Б.Пүрэвдоржийнд сууж байхад Б.Пүрэвдорж машин ирлээ гэсэн. Тэгээд жолоочийн эсрэг талын хаалгыг очоод татсан чинь С.Ундрах шууд миний өмнөөс тийрээд гөлөг минь, новш минь танай ормонд чинь оръё гээд гараад ирсэн. Тэгээд би уурлаад бид хоёр барилцаад авсан дээр доороо ороод л байсан. Тэгээд би дээр нь дарсан байсан чинь машины жолооч гарч ирээд яагаад байгаа юм бэ? больцгоо гэсэн. Тэгээд С.Ундрах миний үснээс гараараа ороогоод доош нь дарсан би амьсгаа ч авч чадахгүй байсан. Тэгсэн Пүрэвдорж, Оюунцэцэг хоёр ирсэн байсан. Би өөрөө хүн харах ч аргагүй байсан. Хоёр талаар л хөл нь орж ирээд байсан. Б.Пүрэвдорж, Оюунцэцэг хоёр арай гэж салгаад би Б.Пүрэвдоржийнд ороод нүүрний цусаа арилгасан. Хөдөөний хүмүүсийн ганц гэрэл залгуулж байпаг нарны толийг хагалсан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч В.Саранцэцэгийн “...Намайг гарахад Б.Пүрэвдорж манай гэр хоёрын харалдаа баруун тийш хараад цагаан өнгийн суудлын жижиг автомашин зогсож байсан. ... Би жолооч талаар нь очтол цонхоо буулгахгүй байхаар нь жолоочийн эсрэг талын /баруун талын/ арын хаалгыг нь таттал өөдөөс Ундрах “гөлөг минь новш минь” гэж хараагаад хэвлийн хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэгээд машинаас гарч ирснээ миний үснээс зулгаагаад доошоо дарахаар нь бид 2 барилцаад дээр доороо орцгоосон. ... С.Ундрах ахиад миний үснээс зулгаагаад доош дарсан. ... Би Ундрахаас салаад Б.Пүрэвдоржийн гэрт орсон. Б.Пүрэвдоржийн гэрт ороод нүүрээ хартал хамарны зүүн талд маажсан цус гараад байсан. Үсээ янзлах гэтэл үс туг тугаараа унаад байсан. ... Тэгээд гадаа пид хийх чимээ гарахаар нь би “...манай гэрт орчих вий дээ..” гэж хэлээд Пүрэвдоржийн гэрийн хаалгыг онгойлгоод хартал манай гэрээс Ундрах нь жолоочийнхоо хамт гараад машиндаа сууж байсан. Тэгтэл Буйраа өвгөн “...хөөе хамаг юмыг чинь эвдчихлээ ш дээ, нарны толийг чинь хагалчихлаа...” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-45, 142/, гэрч Ж.Шинэзоригийн “...Орой нь 18 цагийн орчимд эхнэр Саранцэцэг утсаар яриад “... Ундрах ирээд нарны толь хагалчихаад явчихсан” гэж хэлсэн. Маргааш нь ээлжнээс буугаад гэртээ харихад манай гэрийн гадна байх нарны толийг хагалчихсан, эхнэр Саранцэцэгийн нүүрийг маажсан, толгойтой үс нь туг тугаараа унасан байсан, хэвлийн хэсэгт нь хөхөрсөн байсан. Саранцэцэг Ундрахыг тийрсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-49/, гэрч Л.Оюунцэцэгийн “...Би гэртээ байж байгаад Саранцэцэгийн араас гараад гэрийнхээ үүдэнд хараад зогсож байтал Саранцэцэг машин руу дөхөж очоод машиных нь хойд талын хаалгыг онгойлготол нэг хүүхэн өөдөөс нь тийрч байгаа харагдсан. Тэгээд гарч ирээд Саранцэцэгийг тэр хүүхэн бариад авсан. Тэгээд тэр хоёр дээр доороо оролцоод ноцолдоход жолооч нь бууж ирээд тэр хоёрыг салгахад Саранцэцэг тэр хүүхнээс /Ундрахаас/ салаад эргээд гэр лүүгээ алхахад Ундрах гэх хүүхэн араас нь очоод үснээс нь зулгаагаад доош дараад доогуураа өшиглөөд байхаар нь би айгаад гэртээ буцаад орсон. ... Саранцэцэгийн зүүн талын хацар нь цус болчихсон, үс нь сэгсийчихсэн, туг тугаараа унаж байсан. ... Манай хадам аав Буйраа “...нарын толийг чинь эвдээд явчихлаа ш дээ...” гэхээр нь очоод хартал Шинэзоригийн нарны толийг чулуугаар шидээд хагалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-51/, гэрч Б.Пүрэвдоржийн “...Эхнэр Оюунцэцэг Саранцэцэгийн араас гарснаа удалгүй хаалгаар шагайгаад “...гараач сүйд боллоо цаана чинь...” гэхээр нь гэрээс гараад хартал Ундрах Саранцэцэгийн үснээс нь 2 гараараа ороогоод доош нь дарчихсан, доогуураа хөлөөрөө өшиглөөд байгаа харагдсан. ... Гэрт орсон хойно Саранцэцэгийн нүүр хэсэг нь шалбарч цус гарсан байсан. Тэгээд Саранцэцэг гэрт орж нүүр гараа угаагаад үсээ самнахад үс нь туг тугаар унаж байсан. ... Тэгтэл гадаа түн хийх чимээ гарахаар нь би машины хаалга хааж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд хаалгаа онгойлгоод хартал Шинэзоригийн гаднаас Ундрахын ирсэн машин хөдлөөд явж байгаа харагдсан. Аав Буйраа цаанаас ирж байснаа “...хөөе нарны толийг чинь хагалчихаад явчихлаа ш дээ...” гэж хашгирахаар нь бид нар Шинэзоригийн гадна байх нарны толийг очоод хартал нарны толь нь хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-55/, гэрч О.Буйраагийн “...Манай айлын хүүхэн Саранцэцэг нэг хүүхэнтэй үснээсээ зулгаалцчихсан, тэр хүүхэн ч Саранцэцэгийн үснээс нь ороогоод зуурчихсан байсан. Тэгэхээр нь би хүрч очоод “...больцгоо та нар...” гэхэд тэр хоёр салсан. ... Би Пүрэвдоржийн гэрээс гараад гэр лүүгээ орчихоод гараад ирэхэд Ундрах гэх хүүхэн жолоочийн хамт Пүрэвдоржийн гэрээс гараад ирчихсэн машинаа асаачихсан жолооч нь дотроо сууж байсан. Тэгтэл Ундрах гэх хүүхэн Шинэзоригийн гэрийн гаднаас чулуу аваад нарны толь руу нь шидээд хагалчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57,154-155/, гэрч Б.Оюуншийрэвийн ... Өдөржингөө хонио хариулж байгаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай айл болох Шинэзоригийн эхнэр Саранцэцэг “...Ундрах ирээд намайг зодоод манай гэрийн гадна байх нарны толийг хагалчихаад явчихлаа. Миний толгойтой үсийг хар...” гээд надад халааснаасаа унасан үс гаргаж ирээд харуулаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-59/, Гэрч А.Лхагвадашийн “...Би машиндаа суугаад машинаа асаатал Ундрах нь машинаас бууж гарч гүйгээд газраас том чулуу аваад нарны толь руу нь шидээд нарны толийг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-63,155/, Гэрч Ш.Мандахын ... “Асуудал болсны дараа би өөрийн хүү болох Дашцэрэн лүү залгахад “... сая Ундрах эгч ярилаа “Их булагт” очоод айлын толь хагалчихлаа миний хагалсан толь хэнийх юм бэ? гэж асуугаад байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 152/, гэрч А.Дашцэрэнгийн “...Ундрах нарны толийг чулуу шидээд хагалчихсан хэний толийг мэдмээр байна гэж асуусан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67/, гэрч Д.Батнасан, П.Мангал, О.Отгонлхагвасүрэн, С.Доржсүрэн нарын мэдүүлгүүд /хх-ийн 56, 60, 65, 153/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай дүгнэлт /хх-ийн 71/, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №ӨВР/001 дугаартай дүгнэлт. /хх-ийн 75/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 20-21/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Ундрахад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахадаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч С.Ундрах нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь №6240000007 дугаартай хүү У.Пүрэвбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-94/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-95/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Ундрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг байгалын чулуу, үсний сэв зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн С.Ундрахын эзэмшлийн Note-1 маркийн гар утсыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч В.Саранцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 630.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт шатахууны үнэ 190.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөг, толины үнэ 230.000 төгрөг нийт 620.000 төгрөгийн баримт авагджээ.

Үүнээс толины үнэ 230.000 төгрөгийг шүүгдэгч С.Ундрах нь төлөхийг зөвшөөрсөн,  мөн өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.Ундрахаас нарны толины үнэ 230.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөг нийт 430.000 төгрөг гаргуулж хохирогч В.Саранцэцэгт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Харин хавтаст хэрэгт авагдсан шатахуун худалдаж авсан баримтууд нь эргэлзээтэй үнэлэх боломжгүй байх тул шатахууны үнэ 190.000 төгрөгийн гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. 

 Иймд хохирогч В.Саранцэцэг нь өөрт шатахууны үнэ 190.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292.2, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Содномын Ундрахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан,  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч Боржигон овогт Содномын Ундрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч С.Ундрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан С.Ундрахад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Ундрах нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг байгалын чулуу, үсний сэв зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 7. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн С.Ундрахын эзэмшлийн Note-1 маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн  тогтоолыг хүчингүй болгосугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Ундрахаас 430.000 төгрөг гаргуулж хохирогч В.Саранцэцэгт олгож, хохирогч нь шатахууны үнийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч С.Ундрахад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

         10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч халамжлахаас зайлсхийвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

         11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Ундрахад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР