Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 176

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Э ” ХХК /РД: /

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “...НЗД  бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-232 тоот захирамжаар “Э ” ХХК-д 3000 м.кв газрыг, 4 жилийн хугацаатай олгож, улмаар холбогдох хууль журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 тоот захирамжийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших хугацааг сунгаж, 0003******* дугаар гэрчилгээ олгосон. Манай компани эзэмшлийн газраа газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг төлж ирсэн.

НЗД  бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 тоот захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, гэж мөн хуулийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг хууль зүйн үндэслэл болгосон байна.

Ийнхүү бусдын эзэмших болон өмчлөх эрхэнд ноцтой халдсан өөрөөр хэлбэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргаж байгаа атлаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг үйл ажиллагаандаа огт баримтлаагүй. Түүнчлэн захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх хууль ёсны сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг сонсох ажиллагаа явуулах, үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулахыг Захиргааны ерөнхий хуульд нэг бүрчлэн зааж зохицуулсан. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй.

Нийслэлийн Засаг даргын эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд байгаа газар дээр манай компани барилга угсралтын ажил эхлүүлэн, барилгыг суурь болон зоорийн давхар, 1 давхартай нь хамт цутгасан байсан ба үүнд 781.6 сая төгрөгийн зардал гаргасан байсан. Гэтэл НЗД  2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 61 тоот захирамжаар уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Засаг даргын дээрх захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож байсан.

Энэхүү илт хууль бус захиргааны актын үр дагавраар компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тухайлбал уг газарт баригдаж байсан барилгын ажлыг шууд зогсоосны улмаас барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өвлийн улирал байсан тул хүйтнээс хамгаалж чадалгүй, барилгын 1 дүгээр давхраас гарсан гаргалгаа арматуруудад зэврэлт үүсч, дараагийн давхрын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Барилга угсралтын ажлыг гэнэт зогсоосноос болж барилгын суурь болон зоорийн давхрын хөрсний усны хамгаалалт хийгдэх боломжгүй болж, суурь болон зоорийн давхрын бетон хийцлэл, хөрсний усанд нэвчиж, эвдрэл гарч, барилгын экспертизийн тайланг үндэслэн, барилга барихад эрсдэлтэй хэмээн үзэж барилгын нэг давхар болон бүх суурийг нураасан. Хуучин суурь болон 24x24 тэнхлэгийн хэмжээтэй зоорь болон 1 дүгээр давхар, 3 давхар барилгыг хавтгайлжин суурийн хамтаар нураан зөөж, шинээр барилгын суурийг зоорийн давхартай нь дахин цутгахад 2.1 тэрбум төгрөг, уг барилгын загвар зургийг Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Аргентин улсын архитекторуудаар хийлгэсэн ба зургийн ажлын хөлсний зардалд 2.5 сая ам.долларын зардал гарсан. Өнөөдрийн байдлаар гарсан зардал (781.6 сая + 2.1 тэрбум + 6.5 тэрбум) Нийт – 9.4 тэрбум төгрөг болсон.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектороор уг газар дээр шинээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан, хэлтсийн даргаар хянуулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.******* архитектор төлөвлөлтийн даалгаврыг баталсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газраар уг газар дээр шинээр ерөнхий төлөвлөгөө, ажлын зургийг хот төлөвлөлтийн хэлтсийн даргаар хянуулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.******* ерөнхий төлөвлөгөө, ажлын зургийг тус тус баталсан.

Өөрийн эзэмшлийн газрыг ийнхүү зориулалтын дагуу ашиглаж, газар дээр хийгдэх ажлуудыг шат дараалан хийж гүйцэтгэж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл зааж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгон, манай компанийн газар газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын “Барилгын байршил тогтоох, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай 1997 оны А/232 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ОСГ-ны 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГХДС-ийн зүүн талд шаардлагатай төв шугам сүлжээг өргөтгөж, 0,3 га газрыг “Э ” ХХК-нд банкны барилгын зориулалтаар олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 1155 м.кв хэмжээтэй болгож, гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. “Э ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 61 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5. 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 242 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 475 дугаар захирамжаар сэргээсэн.

Улмаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн анх эзэмшиж байсан хэмжээгээр буюу 3000 м.кв талбайтайгаар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 730 дугаар захирамжаар олгож, 2017 оны А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах гэх мэтээр эзэмшил газраа ашиглах боломжийг удаа дараа олгосоор байхад нэхэмжлэгч нь тухайн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 1997 оноос хойш буюу 21 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3 “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дах хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1038 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1039 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших, ашиглах эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/232 дугаар захирамжаар 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн ОСГ-ны 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,3 га газрыг “Э ” ХХК-нд банкны барилгын зориулалтаар олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 1155 м.кв хэмжээтэй болгон багасган гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

2007 онд Нийслэлийн Засаг даргын 61 дүгээр захирамжаар Э  ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар шийдвэрээр хүчингүй болгосны дагуу НЗД  2010 оны 475 дугаар захирамжаар Э  ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

“Э ” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн анх эзэмшиж байсан хэмжээгээр буюу 3000 м.кв талбайтайгаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 730 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 тоот захирамжаар “Э ” ХХК-д 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж Газрын тухай хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 003******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч компанийг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар зааснаас үзэхэд газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн 0003******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргээс хугацааг тооцож үзвэл хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

Мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Э  ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 61 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 242 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 475 дугаар захирамжаар сэргээсэн ...улмаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн анх эзэмшиж байсан хэмжээгээр буюу 3000 м.кв талбайтайгаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 730, 2017 оны А/798 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах гэх мэтээр эзэмшил газраа ашиглах боломжийг удаа дараа олгосон...” гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э ” ХХК нь газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар зохих хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулсан болох нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/798 дугаар захирамжаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э  ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа эрхийн гэрчилгээг эзэмших нөхцөл хангагдсан эсэх буюу газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж үзэх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй газар дээрээ үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлтийн хэлтсээр шинээр батлуулсан МЗХ2018/23-01 тоот архитектур, төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан Ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг, маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.2-т “саналыг бичгээр авах” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07/226 тоот албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1038 дугаар захирамжид сонсох ажиллагаа хийх нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлах боловч үүнийгээ нотолсон баримтаа ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-иас НЗД д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1038 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА