Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 27

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж,  Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                              Прокурор     Б.Мөнгөншагай
                                              Өмгөөлөгч П.Адьяасүрэн                                         

                                              Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 19-ний  өдрийн 2018/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О-д холбогдох эрүүгийн  1826002050134 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  Даваазанги овогт Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан иргэн  Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн  хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Д.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж, Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар Д.О-д оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Б гомдолтой гэсэнг  тус тус дурдаж, Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.О-с 1120000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-н нэхэмжлэлээс 223000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.О-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч П.Адъяасүрэн нь давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч П.Адъяасүрэн би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлсэн.

Харин шүүгдэгч Д.От нь ажил хийж, хохирол төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.О-д ажлын байраа хадгалж, хохирогчид богино хугацаанд хохирол төлөх боломж олгож 450000  төгрөгөөр тогргох ял оногдуулж өгнө үү ...гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.О-д холбогдох эрүүгийн хэрэг, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан иргэн  Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Д.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан

 Хохирогч Б.Б-н  “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед би гэрээсээ гараад ... явж байтал О-той гудамжны өнцөг дээр нь таарсан ба би О-г чи миний сим картыг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн чинь би төв рүү орох гэж байна гэхээр нь хоёулаа хамт төв ороод шилжүүлчихье гэсэн чинь чадахгүй, чи миний амьдралд гай болж ханаагүй байна уу? гээд миний зүүн нүдний хэсэгт гаргаараа цохисон. ...2011 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 11 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй” ...гэсэн/хх-ийн 8-9х/,

Гэрч Д.Б-н “... Миний унаж явсан машины шилийг хагалах гээд том чулуу авчихсан далайгаад байхаар нь манай ах очоод Б-н зүүн талын нүд рүү цохиод авсан чинь зүүн талын хөмсөг хэсгээс нь цус гараад байсан” гэсэн /хх-ийн 10-11х/ мэдүүлгүүд,

“...Б.Б-н тархи доргилт, зүүн нүдний зовхи, доод эрүү хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт тогтоогдлоо, ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 –д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн Д.О-н үйлдлийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 276 тоот дүгнэлт, зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, Д.О-н гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс  Д.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэргийг зөв зүйлчилжээ.

Мөн анхан шатны шүүхээс Д.О-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.           

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар хуульчилсны дагуу анхан шатны шүүхээс Д.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл /хохирогч Б.Б-н зүй бус үйлдэл нөлөөлсөн/, учруулсан хор хохирлын хэмжээ, Д.О-н  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Д.О-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхээс Д.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.О-н  өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.