Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0639

 

 

 

 

 

 

 

 

                                       З.А***гийн нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А***, Ч.О***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч З.А***,

Хариуцагч Том татвар төлөгчийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу 2023 оны 1, 2 дугаар сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 3 дугаар сараас хойш буруу тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0647 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А***, Ч.О*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***.

Хэргийн индекс: 128/2023/0470/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.А***гаас шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу 2023 оны 1, 2 дугаар сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 3 дугаар сараас хойш буруу тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0647 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 44.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.А***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 тушаалын З.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны 01, 02 дугаар сарын суутгасан цалинг нөхөн олгох, цалингийн зөрүүг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Том татвар төлөгчийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

“....Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөж, өөр албан тушаалд томилогдох хүсэлтдээ Татварын ерөнхий газрын удирдлагуудын зүгээс дарамт шахалт үзүүлдэг байсан тухай дурдсан боловч энэ тухайгаа холбогдох байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс болон Татварын ерөнхий газрын томилох эрх бүхий этгээдэд асуудал тавьж, хандаж байсан эсэхээ нотлоогүй буюу дарамт шахалт байсан болох нь тогтоогдоогүй болно.

Албан тушаалын тодорхойлолтод зааснаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-10 ангилал, зэрэглэлд хамаардаг бол Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч нь ТЗ-8 ангилалд хамаардаг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг үндэслэн Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагч З.А***гийн цалинг ТЗ-6 ангилалд хамруулж шийдвэрлэсэн.

Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө тухайн албан тушаалын цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/09 дуаар тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт, 488 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосон 2 дугаар хавсралт, 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан 491 дүгээр тогтоол, Сангийн сайдын хэрэглэл хэрэглэх, цол, түүний нэмэгдэл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалт, Том татвар төлөгчийн газрын даргын 2022 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар бүлгийн 2.2, 5.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэр бүхий 5 албан хаагчийн үндсэн цалинг эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу шинэчлэн тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгохоор шийдвэрлэсэн байна.

3. Анхан шатны шүүх “...З.А***г Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дүгээр тушаалаар Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан зохицуулалтын дагуу эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв хадгалагдахаар байхад ... хариуцагч маргаан бүхий актыг гаргаж, цалин хөлсийг бууруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй” гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

  4. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-д Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-7 зэрэглэлд хамаарч, Засгийн газрын агентлагийн улсын байцаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлтэй дүйцэж байх бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/689 дүгээр тушаалаар З.А***г мөн өдрөөс Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилж, Том татварын төлөгчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар ТЗ-10-5 дугаар шатлал, зэрэглэлийн дагуу үндсэн цалин, нэмэгдлийг тогтоосон.

  5. Улмаар Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг, 488 дугаар тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн баталсан бөгөөд үүний дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Том татвар төлөгчийн газрын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоож, үүнд З.А***гийн цалинг ТЗ-4 байхаар тогтоосон боловч Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар нэр бүхий албан хаагчдын үндсэн цалинг шинэчлэн тогтоож, үүний 4-т З.А***г ТЗ-6 ангилалаар тогтоосон нь хууль, журамд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

6. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан байх боловч 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааж, “Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” хэмээн тайлбарласан.

7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс “...Татварын ерөнхий газрын удирдлагуудын зүгээс дарамт шахалт үзүүлдэг байсан тул шилжин ажиллах хүсэлт гаргасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр ижил түвшний албан тушаал томилуулал хүсэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргасан” хэмээн тус тус тайлбарлаж байх бөгөөд сайн дурын үндсэн дээр төрийн захиргааны нэг байгууллагаас нөгөө байгууллагад дүйцэх албан тушаалд томилуулах хүсэлтийг гаргасныг хариуцагч хүлээн авч шийдвэрлэхдээ “дүйцэх” албан тушаал болох Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон боловч /уг албан тушаал нь ТЗ-6 ангилалд хамаарна/ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан “...эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэх үүргийг хариуцагчид хүлээлгэх боломжгүй юм.

8. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...З.А***г Татварын ерөнхий газрын даргын тушаалаар хэлтсийн даргаар ажиллаж байхад нь ахлах байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан байх тул З.А***гийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг тогтоох харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах үеийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ” гэх дүгнэлт үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.А***гаас Том татварын төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу 2023 оны 1, 2 дугаар сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах, 2023 оны 3 дугаар сараас хойш буруу тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

                     ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА