Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1134

 

2021        10        26                                  2021/ШЦТ/1134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Ц.Батболд,

хохирогч Б.Авирмэд, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 2106 02319 1605 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Эрдэм транс ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Хилчин гудамж 7 дугаар байрны 40 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол Шүрт хотхон 52 дугаар байрны 57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Г-д Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч С.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Авирмэдийн эзэмшлийн 93-38 УБР улсын дугаартай Тоёота кровн 200 маркийн автомашиныг “зараад өгье” гэж хэлэн өөрийн эзэмшилд аван, хэсэг  хугацааны дараа “машин чинь зарагдахгүй байна, би өөрийн зээлээр авмаар байна” гэж хуурч, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг, 1506 дугаартай нотариатчаар “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан гэрчлүүлж, захиран зарцуулах эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, энэхүү үйлдлээ халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулан гэрчлүүлж, улмаар автомашиныг бусдад худалдан борлуулж, хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий олгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Авирмэд над руу ярьсан. Машин зараад өгөх боломж байна уу гэсэн. Би нөхөртэй нь багын найзууд байсан учраас туслаад өгье гэж хэлсэн. Би өөрөө машин зардаг байсан. Гэрт нь очоод тэр машиныг аваад зарах гэсэн боловч зарагдаагүй. Би өөрөө аваад мөнгийг иргүүлж өгье гээд очиж, уг машиныг 15.000.00 төгрөгөөр зарсан. Гэрээгээ хийгээд, тэр мөнгөөрөө түрээс, айлын байшин шатсан. 900.000 төгрөг төлсөн. Хохирол төлбөр төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

          Хохирогч  Б.Авирмэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг Бадарч овогтой Авирмэд гэдэг. Галбадрахыг өмнө нь таньдаггүй байсан. Талийгаач Даваабаатартай гэр бүл болсны дараа багын найз гэх байдлаар танилцсан. Миний нөхөр 2020 оны 6 дугаар сарын 15-нд өнгөрсөн. Одоо би 1-15 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх. Тухайн үед манай бага хүү 5 сартай, дараагийн хүүхэд 2 настай байсан. Галбадрах ажил явдал дээр ирээд бүгдийг нь нүдээрээ харсан. Өнгөрснийх нь дараа 6 сард ажил явдал дуусаад 9 сараас эхлээд ажилдаа орсон. Би өөрөө “Санхүү эдийн засгийн их сургууль”-д ажилладаг. Гэр ажил хоёр ойрхон учраас 2 машинаа зогсоолд тавиад төлбөр төлөөд явахад санхүүгийн хувьд хүндрэлтэй болж эхэлсэн. Галбадрах манайхыг 2 машинтай гэдгийг мэдэж байгаа. Талийгаач нөхрийнхөө нэр дээр байсан автомашиныг зарж борлуулж чадахгүй байсан. Яагаад зарж чадахгүй байсан бэ гэвэл машины гэрчилгээ гараагүй байсан. Өөрийнхөө нэр дээр байсан 9338 УБР дугаартай машинаа зарахаар болсон. 2 нялх хүүхэдтэй, ажил эхэлсэн байсан учраас гарч орж машинаа зарж чадахгүй болохоороо Галбадрахад итгээд гар утсаар залгаж энэ талаар хэлсэн. Маш сайхан урайлгах нь хүлээж авахад нь маш их баярласан. Багын найзын минь гэр бүлийн хүн учраа туслалгүй яах вэ, асуудалгүй гэсэн. Утсаар ярьсан орой ирээд машин аваад явсан. 2020 оны 09 сард машин авч яваад ерөөсөө зарагдахгүй байна гэж хэлсэн. Сүүлдээ за машин зарагдахгүй байгаа яах юм гэсэн. Буцаагаад машиныг минь авчираад тавьчих гэсэн. Боломж нь олдоод зарагдах байлгүй гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад Галбадрах над руу залгасан. Би чамтай очиж уулзмаар байна гэсэн. Галбадрах манай гэрийн хажууд ирж миний нэр дээрх эзэмшлийн машиныг өөрөө унаад ирсэн. Энэ машинаа миний нэр дээр шилжүүлээд өг гэхэд нь би гайхсан. Яагаад чамаас нэг ч төгрөг аваагүй байж чиний нэр дээр шилжүүлэх ёстой юм гэж хэлсэн. Галбадрах хэлэхдээ “чиний автомашиныг тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгө болгоод тэр нь дээрээ үндэслээд ийм зүйл хийх гэж байна” гэдэг зүйлийг ярьсан. Би гурван хүүхэдтэй, ямар нөхцөл байдалтай байгаа чи мэдэж байгаа гэж хэлтэл би чиний нэр дээр автомашинаа шилжүүлээд өгвөл найз нь одоохондоо зарж өгөхгүй. Тодорхой хугацааны дараа ахиухан мөнгөөр зарах боломжтой бол хэдэн сарын дараа үнийн дүн болон зээлийн хүү тооцоод төлбөр мөнгийг өгье гээд зээлийн гэрээ хийсэн. 10 дугаар сарын сүүлээр 900.000 төгрөг өгсөн. Мөнгө төлөх хугацаа хойшлоод ирэх тэр үед хувь хүнийхээ үүднээс бодсон зүйл нь би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй. Аливаа зүйлд цаг хугацаа гэж байдаг. Хугацаа хоцроосны алданги, торгууль гэж ямар ч зүйл аваагүй. 11 дүгээр сарын эхээр “Covid-19”-с болоод хөл хорио тогтоож хаалттай нөхцөл байдал үүссэн. Үүнийг нь би ойлгож хүлээн зөвшөөрсөн. Ингээд 11, 12 сар болсон. Гэрээ ёсоор 12 дугаар сарын 23-нд дуусах байсан. Надад өөрөө учирлаад ажил хөдөлмөр эрхлэх хэцүү байсан. Чи надад 1 сарын хугацаа өгөөч гэж анх санал тавьсан. Би бас л итгэсэн. 2021 он гарсан, тэрнээс хойш төлбөр мөнгөө нэхэхээр 7 хоногийн дараа, 14 хоногийн дараа яг болчих гээд байна гэсэн. Заримдаа гар утсаа авахаа больсон. Сүүлд нь би 5 сард хэд хэдэн удаа утасдсан. Үнэхээр чиний үйлдэл хэрээс хэтэрлээ. Би чамайг зөндөө ойлгосон. Хүүхдийн сургалтын төлбөрөөс авхуулаад санхүүгийн дарамтууд байна. Ядаж миний машиныг зарж чадахгүй бол би буцаагаад машинаа авъя. Би тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд авсан биздээ гэж хэлсэн чинь би тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгвэл би мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй, машин чинь байхгүй гэх нөхцөл байдал үүссэн. Удаа дараа өөрт нь хэлж байгаад 7 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст очиж гомдол гаргасан. Энэ бүхнээс эргээд харахад 13 сарын өмнөх талийгаач нөхрийн найз гэж итгэсэн итгэлийг ашиглаж зээлийн гэрээ хийх нэрийдлээр намайг залилж, гэр бүлийн хувьд санхүүгийн хүнд бэршээлд оруулсан тул  Галбадрахыг гэм буруутай гэж үзэж байна” гэв.     

           Хавтаст хэргээс

            Хохирогч Б.Авирмэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Даваабаатар нас барсан. Нөхөр маань нэр дээрээ нэг машинтай, би нэр дээрээ нэг машинтай байсан болохоор, би өөрийн эзэмшлийн 93-38 УБР улсын дугаартай Тоёота кровн 200 маркийн автомашиныг зарахаар шийдээд талийгаач нөхрийн найз болох С.Гтай холбогдоход найзын хувьд чамд тусална, зараад өгнө, танайд очоод машиныг чинь авъя гээд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээс ирж машиныг авсан ... энэ өдрөөс хойш 18 хоногийн дараа машин чинь зарагдахгүй байна, хэсэг харъя гэж хэлсэн, тэгснээ 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би ер нь чамтай очиж уулзъя, машиныг өөрөө худалдаж авъя, мөнгийг нь 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй өгье гэж санал тавиад бид хоёр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 1506 дугаартай нотариатч дээр очоод Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээг 18.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хийсэн. Үүнээс хойш С.Г нь надад миний Хаан банкны 5753348502 дугаартай тоот дансанд нэг удаа хүүний мөнгө гэж 900.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1505 дугаартай Б.Авирмэд, С.Г нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

            2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1506 дугаартай Б.Авирмэд, С.Г нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” /хх-ийн 33 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,

            Дамно ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18.918.474 төгрөг” гэж үнэлсэн тайлан /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 47 дугаар хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 49 дүгээр хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

            Яллагдагч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

            Яллагдагчаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

С.Гад нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Авирмэдийн эзэмшлийн Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг шилжүүлэн авч 18.918.474 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Авирмэдийн мэдүүлэг /хх 8-9/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 31-32/, Зээлийн гэрээ /хх 33/, Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх 35/, Эд зүйлийн үнэлгээ /хх 37-39/, Мөнгө шилжүүлсэн баримт /хх 29/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Авирмэд, шүүгдэгч С.Г нарын мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

- Хохирогч Б.Авирмэд нь талийгаач нөхрийнхөө найз, машины ченж ажилтай  С.Гад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад заруулахаар өгсөн,

- С.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Авирмэдтэй уулзаж тээврийн хэрэгсэл зарагдахгүй байна, уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн, зээлээр худалдан авах санал гаргасан,

- С.Г, Б.Авирмэд нар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар уг тээврийн хэрэгслийг үнийг 18 сая төгрөгөөр тохирч, 3 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан,

- Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Эвалюшн Холдинг ХХК-ий эзэмшилд шилжсэн,

- С.Г нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүү нэрээр 900.000 төгрөгийг хохирогч Б.Авирмэдийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн,

- Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд С.Гын эзэмшилд шилжсэн,

- Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Баянбатын эзэмшил шилжсэн,

- С.Г нь Toyota Crown маркийн 93-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Н.Баянбатад 15 сая төгрөгөөр худалдсан,

- Хохирогч Б.Авирмэд нь тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, худалдсан талаар огт мэдээгүй, 

- С.Г нь тээврийн хэрэгслийг эргэлтэд оруулж мөнгө олсон атлаа Б.Авирмэдэд өгөөгүй гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх үзэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэд хоорондын гэрээний маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгч С.Г нь өмгөөлөгчийн хэргийн онолыг дэмжиж, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ зэргийг хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт хэрэг үйлдэх арга болгож хийсэн үйлдэл гэж үнэлж дүгнэлээ.   

Бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул С.Гын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

С.Гын зээлээр худалдан авсан эд хөрөнгөө бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Авирмэдэд бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж С.Гыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Авирмэдэд 18.918.474 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 900.000 төгрөгийн хохирол төлөгдсөнд тооцож, үлдэх 18.018.474 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гаас гаргуулж хохирогч Б.Авирмэдэд олгох нь зүйтэй.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.Г нь 44 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Гад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч С.Гын зүгээс хохирлыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлдэг боловч хэдий хугацаанд, ямар орлогын эх үүсвэрээс хэрхэн төлөх талаар бодитой илэрхийлэл байхгүй, хохирол төлөх талаар хохирогчтой харилцан тохиролцсон баримт авагдаагүй байна.  

С.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байр суурь илэрхийлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байдал тогтоогдоогүй тул С.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар арилаагүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан С.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын хяналтад С.Гыг “Эрдэм транс” ХХК-нд жолоочоор ажиллах буюу ажил эрхлэхээс бусад хугацаанд оршин суух Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зорчих чиглэл, ял эдлэх бүсийг тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг даалгаж байна. 

С.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. С.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад С.Гыг шүүхээс тогтоосон 8 сарын хугацаанд ажил эрхлэхээс бусад нөхцөлд оршин суух хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Гаас 18.018.474 төгрөг гаргуулж хохирогч Б.Авирмэдэд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ