Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/01673/и

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШЗ2017/05521

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “У банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “У” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38.736.723,76 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус банк нь 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “У” ХХК-тай ЗГ0001/111012 тоот зээлийн гэрээ байгуулж 178.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгосон бөгөөд тус зээлийн төлөгдөх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан бөгөөд зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул банк өөрийн эх үүсвэр рүү шилжүүлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дахин гэрээ байгуулан 3 сарын хугацаа олгосон болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч нь ЗБГ0001/111012, ЗБГ9101/140519 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж доорх хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд: эзэмших эрхтэй газар /ГД:0, НТД:8, 2100 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо, 4 хэсгийн 1,2,3 тоот/, тахианы байр /ГД:0, Ү-0, 1737,9 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо, Ш гудамж, ф42 тоот/, эзэмших эрхтэй газар /ГД:0, НТД:8, 10294 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо/. Зээл төлөгдөж дуусах эцсийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарь зөрчсөнөөс болж 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээл хүүгийн төлбөр төлөгдөөгүй дараах байдлаар хуримтлагдсан байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 37.487.635,74 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1.040.906,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 208.181,33 төгрөг. Нийт 38.736.723,76 төгрөг төлөөгүй хуримтлагдсан байна. Тус банкны зүгээс удаа дараа мэдэгдэж шаардсан хугацаанд зөрчил болон төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлаж өр төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах болохыг албан ёсоор мэдэгдэж байсан. Зээлдэгчид зээлийн зөрчлийг арилгах хугацаа олгож байсан боловч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, банкнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, гэрээнд заасан үүргээ зөрчиж, зөрчлөө арилгах талаар идэвх санаачилга гаргахгүй байгаа ба цаашид үр дүн гарахгүй нь тогтоогдоод байна. “У” ХХК-аас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 38.736.723,76 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “... У банкны нэхэмжилсэн 38.736.723,76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг надгүйгээр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У банк” ХХК нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38.736.723,76 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 38.736.723,76 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “У банк” ХХК, хариуцагч “У” ХХК нар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ0001/111012 тоот зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 178.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, мөн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хүү, хугацааг өөрчилсөн байх /хх-8, 11/ ба зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, зээл олгогдсон талаар, мөн түүний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд маргаагүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэлд зээл 37.487.635,74 төгрөг, зээлийн хүү 1.040.906,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208.181,33 төгрөг, нийт 38.736.723,76 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд дээрх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй. 

Түүнчлэн зохигчид 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗБГ0001/111012 тоот барьцааны гэрээг байгуулж,  хариуцагч нь өөрийн өмчлөлийн тахианы байр /ГД:0, Ү-0, 1737,9 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо, Ш гудамж, ф42 тоот/, эзэмших эрхтэй газар /ГД:0, НТД:8, 10294 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо/-ыг тус тус барьцаалуулсан байна /хх-9-10/.

 

Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Зээлийн гэрээний нэмэлт хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан, мөн хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул барьцаагаар хангуулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2-г/2732, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2-г/3965 дугаар шаардлагуудаар нэхэмжлэгч “У банк” ХХК нь хариуцагч “У” ХХК-д зээлийн төлбөр төлөхийг  шаардаж, барьцаагаар хангуулахыг мэдэгдэж байжээ /хх-14, 15/.

 

Иймд барьцаагаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа барьцааны гэрээнд заасан тахианы байр /ГД:0, Ү-0, 1737,9 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо, Ш гудамж, ф42 тоот/, эзэмших эрхтэй газар /ГД:0, НТД:8, 10294 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо/-ыг албадан худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан гэж байх тул эдгээр хөрөнгийн хувьд шүүх шийдвэр гаргах нь зүйтэй.   

 

Хариуцагчийн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт бичгэр гаргасан байх тул шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У банк” ХХК-ийн нэхэмжилсэн 38.736.723,76 төгрөгийг хариуцагч “У” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан тахианы байр /ГД:0, Ү-0, 1737,9 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо, Ш гудамж, ф42 тоот/, эзэмших эрхтэй газар /ГД:0, НТД:8, 10294 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 хороо/-ыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-аас 421.834 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА