Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1044

 

  2021        10          13                                  2021/ШЦТ/1044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Р.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Д-д холбогдох эрүүгийн 2105 00809 0996 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатар гудамж 15 дугаар байрны 73 тоотод оршин бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилий хугацаагаар хойшлуулсан, Р.Д

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Р.Д нь 2020 оны 07 дугаар сард Баянгод дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон буйлдан” төвийн гадна хохирогч Г.Бүжинлхамын өмчлөлийн 59-90 УАА улсын дугаартай “Penualt Talisman” загварын тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч яван улмаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээг хийж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 58.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Р.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс

            Хохирогч Л.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 59-90 УАА улсын дугаартай саарал өнгөтэй Penualt Talisman суудлын авто машинтай, 2019 оны 08 дугаар сард 65.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2 хаалгатай спорт загварын машинтай болох сонирхолтой байсан ... Р.Д гэх хүнтэй танилцаж түүний зарна гэсэн 88-86 УАВ улсын дугаартай цагаан өнгөтэй, Тоёота86 спорт загварын авто машиныг үзсэн. Ингээд тухайн машиныг худалдан авахаар тохирч түүний авто машиныг өөрийн ... машинаар сольж авахаар тохирсон. Ямар нэг мөнгөний зөрүү авах талаар ярилцаагүй. Дарханнямаас авч байгаа машин нь Инвес Кор ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чамаас авч байгаа ... Penualt Talisman загварын авто машиныг зарж борлуулах, эсвэл ББСБ-ын барьцаагаа солиод Тоёота 86 загварын авто машины бичиг баримтыг чамд шилжүүлж өгнө, харин чи өөрийн авто машиныг надад шилжүүлээд өгчих тэгж байж 88-86 УАВ улсын дугаартай авто машиныг ББСБ-аас чөлөөлж чамд бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн учир би 59-90 УАА улсын дугаартай авто машины бичиг баримтыг Дарханням гэх залууд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж өгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Рокмон буйлдан төвийн гадна машинаа солилцсон. Миний авто машинд ямар нэгэн зээлийн асуудал байхгүй миний нэр дээр байсан. Ингээд би 88-86 УАВ улсын дугаартай авто машиныг жолоодоод явж байсан бөгөөд бичиг баримтаа нэр дээр авмаар байна гэхэд удахгүй, одоохон гэж байсан Ковид 19 цар тахлаар шалтаглан хойшлуулсаар байгаад сүүлдээ сураггүй алга болсон. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Инвес Кор ББСБ-аас 88-86 УАВ улсын дугаартай авто машиныг ачаад явчихаар нь яагаад авч явж байгаа талаар тодруулсан чинь Р.Д гэх хүн зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй учраас барьцаа хөрөнгөө авч байгаа гэсэн учраас Дарханнямд залилуулснаа мэдсэн. Тухайн Дарханням гэх хүн нь надаас авсан авто машиныг барьцаанд тавих, эсвэл зараад зээлийг төлнө гэсэн учраас л авто машиныг шилжүүлж өгсөн ... 0 гүйлттэй байсан, 10 орчим сарын хугацаатай унасан бөгөөд 64.000.000 төгрөгөөр үнэлнэ, ... үнэлгээнд дурдагдсан 58.000.000 төгрөгөөр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Л.Бүжинлхам, Р.Д нарын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

            2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Инвескор ББСБ болон Р.Д нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”, “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ” /хх-ийн 37-40, 41-43/,

            Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

            Кости-Эстимэйт ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Renauit Talisman 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн авто машины 2020 оны 07 дугаар сарын байдлаарх зах зээлийн дундаж үнийг 58.000.000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

            Р.Дын эзэмшлийн Хаан банкинд дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 50-54, 92-101 дүгээр хуудас/,

            Яллагдагч Р.Дын мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 07 дугаар сард өөрийн эзэмшлийн 88-86 УАВ улсын дугаартай Тоёота 86 маркийн тээврийн хэрэгслээ иргэн Бүжинлхамын эзэмшлийн 59-90 УАА улсын дугаартай Талисман маркийн тээврийн хэрэгслээр харилцан тохиролцож солихоор болсон. Тухайн үед миний машин Инвескор нэртэй ББСБ-д 15.000.000 төгрөгийн барьцаанд байсан бөгөөд энэ талаараа Бүжинлхамд хэлээд чиний машиныг би авч банк бусад тавиад өөрийнхөө машиныг чөлөөлөөд чамд шилжүүлж өгье гэдгийг хэлсэн. Тэгэхэд Бүжинлхам зөвшөөрөөд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 100 айлын Паспортын хэлтсийн орчимд нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон буйлдинг төвийн зогсоод дээрээс 59-90 УАА улсын дугаартай Талисман маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Улмаар гэрээ бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийг Нэт капитал 7 буудлын салбарт 14.000.000 төгрөгийн барьцаанд тулгаж тавиад Да хүрээ захын Авто тээврийн салбарт машины нэрийг банк бусын нэр лүү шилжүүлэн авсан. Тухайн 14.000.000 төгрөгийг онлайн покер буюу мөрийтэй тоглоом тоглоод алдсан  ... би 59-90 УАА улсын дугаартай Талисман маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж авсан 14.000.000 төгрөгийг өсгөх зорилгоор онлайн покер буюу мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Улмаар тохиролцсон ёсоор 88-86 УАВ улсын дугаартай Тоёота 86 маркийн тээврийн хэрэгслээ холбогдох банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж чадаагүй ... 59-90 УАА улсын дугаартай Талисман маркийн тээврийн хэрэгслийн нэрийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шар хадны Да хүрээ захын Авто тээврийн Үндэсний төвд шилжүүлсэн. Миний бие хохирлыг төлж барагдуулна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуудас/,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Р.Д нь Инвескор ББСБ-аас авсан зээлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгасан талаарх баримт,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 141-143 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр иргэний шинжтэй маргаан, залилах гэмт хэргийн шинжгүй, Р.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Р.Д нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны төвд  Инвескор ББСБ-ын эзэмшлийн, зээлийн барьцаанд байсан Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Г.Бүжинлхамын эзэмшлийн Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр солихдоо “Авсан авто машинаа барьцаалах эсхүл бусдад худалдан, уг мөнгөөр сольж өгсөн авто машиныг зээлийн барьцаанаас чөлөөлж эзэмшлийг шилжүүлэн өгнө” гэж хуурч, Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг шилжүүлэн авч 58.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Бүжинлхамын мэдүүлэг /хх 8-9/, Р.Д нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан талаарх баримт /хх 36-43/, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Л.Бүжинлхам, Р.Д нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 33-35/, Р.Дын эзэмшлийн Хаан банкин дахь дансны хуулгууд /хх 37-40/, Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 127-128/, Кости-Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /хх 22-23/, яллагдагч Р.Дын мэдүүлэг /хх 133-134/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

           Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйлд баримт тогтоогдлоо. Үүнд:

              - Р.Д нь Инвескор ББСБ-аас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 15.000.000 төгрөгийн зээл авч, тээврийн хэрэгслийн эзэмших эрх тус байгууллагад шилжсэн,

              - Р.Д нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Инвескор ББСБ-ын эзэмшлийн зээлийн барьцаанд байгаа Тоёота 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Бүжинлхамын эзэмшлийн Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр солихоор тохиролцсон,

              - Нэг талаас Г.Бүжинлхам нь өөрийн эзэмшлийн Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг Р.Дд шилжүүлэн өгсөн,

              - Нөгөө талаас Р.Д Инвескор ББСБ-ын эзэмшлийн Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Бүжинлхамд өгч, эзэмших эрхийг Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авах эсхүл бусдад худалдан борлуулж Инвескор ББСБ-ын зээлийг төлж, барьцааг чөлөөлөн нэр шилжүүлнэ гэж итгүүлсэн,

              - Г.Бүжинлхам, Р.Д нар нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэх зорилгоор байгуулсан,

              -  Р.Д нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Нэт Капитал ББСБ-аас Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 14.150.000 төгрөгийн зээл авсан,

              - Уг мөнгөөр зээлээ төлөлгүй, “Fortuna8886”, “Каktus” нэрээр цахим тоглоом тоглож алдсан,

              - 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г.Бүжинлхамын унаж эдэлж байсан Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Инвескор ББСБ-аас зээлийн үүргийн гүйцэтгэлд хураан авсан,

              - Р.Д нь Нэт Капитал ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа Penualt Talisman маркийн 59-90 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Т.Хишигдоржид худалдахаар тохирч зээл болон зээлийн хүүг төлүүлж, түүний хамаарал бүхий хүн болох А.Мөнхбаярын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн,

              -   Р.Д нь Инвескор ББСБ-аас авсан зээлээ 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу мөрдөн байцаалтын шатанд төлж дуусган улмаар хохирогч Г.Бүжинлхам нь Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авсан,

              - Мөрдөн шалгах ажиллагааны явцад Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

              Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

  Р.Д нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

  Бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Р.Дын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Бүжинлхамд бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг Renauit Talisman маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монголд орж ирсэн тээврийн хэрэгслийн 2020 оны 07 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээ буюу 58.000.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасантай нийцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийг “Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж учирсан хохирлын хэмжээнээс хамаарч хүндрүүлэх шинжийг тусгасны дагуу Р.Дд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүхээс Р.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд  тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас цахим орчин дахь эрсдэлтэй, мөрийтэй тоглоомд донтсон байдал, нөгөө талаас тухайн эд хөрөнгө бусдын эзэмшил, барьцаанд байгааг мэдсээр атлаа тохиролцоо хийсэн гэнэн итгэмтгий зан харилцаа, хариуцлагагүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас Л.Бүжинлхамд учирсан 58.000.000 төгрөгийн хохирол нь тээврийн хэрэгслийг буцаан авах байдлаар төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх эрсдэлээс хамгаалж хязгаарлалт тогтоосон зөв зүйтэй ба энэ тогтоол хүчин төгөлдөр болсноор хохирогчийн эзэмших эзэмших эрхийг сэргээх боломж бүрдэнэ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Р.Д нь 27 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч Р.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч О.Дарханнямын өмгөөлөгч Ч.Энхбаярын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах санал гаргасныг тус тус дурдвал зохино.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийг зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Дын шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон байдлаас үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 2, 3 дахь хэсгийг нэрлэн заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлгүй.

Шүүгдэгч Р.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс Р.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 27 настай, залуу хүн, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар бүрэн арилсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ багатай байдал, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, буруу дадал хэвшил, эрсдэлтэй зүйлд хэт автаж донтсоны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Р.Дын хувьд ажил хөдөлмөр эрхэлж олсон цалин хөлс, орлогоороо торгох ялыг биелүүлэх нь эрүүгийн хариуцлагыг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ, түүний гэм бурууд торгох ял оногдуулах нь тохирно гэж үзэж,  

Р.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

“Invesкore” ББСБ-ын эзэмшлийн Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай прокурорын зөвшөөрөл, Р.Дын эзэмшлийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тухай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаартай прокурорын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улмын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Р.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Р.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Р.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Invesкore” ББСБ-ын эзэмшлийн Toyota 86 маркийн 88-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай прокурорын зөвшөөрөл, Р.Дын эзэмшлийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тухай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаартай прокурорын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ