Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1009

 

2021        09         17                                   2021/ШЦТ/1009

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

хохирогч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-т холбогдох эрүүгийн 2106 02480 1710 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Насан түвшин уул ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 11 дүгээр гудамжны 1057 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд дарь-Эхийн 11 дүгээр гудамж, 1057 тоот хашаанд байрлах гэрт хохирогч Б.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хамт олонтойгоо архи уусан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би амарч байгаад 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай ажлын хамт олон ажлын ойролцоо нэг газарт рхж 0.5 литрийн савлагаатай Цагаан гэх нэртэй архи 1 ширхгийг  хувааж уугаад 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-Эхийн 1057 тоот байрлах гэртээ ирээд байж байтал манай ажлын хамт олон ардаас ирэхээр нь учрыг нөхөр Ням-Очирт тайлбарлаж өгөөд манай ажлын хүмүүстэй танилцаад нөхөр Ням-Очир гэрийн ойролцоох дэлгүүрээс 0.5 литрийн Соёмбо гэх нэртэй архи нэг ширхэг, 0.33 литрийн савлагаатай Соёмбо гэх нэртэй архи нэг ширхгийг авчирч ирээд хувааж ууцгаагаад 21 цагийн орчимд манай ажлын хамт олон манай гэрээс явсан. Хамтран амьдрагч Ням-Очир нь танай ажлын хамт олонг дайлж цайлж орууллаа танай ажлынхан ингээд уугаад байж байдаг юм байна гэхээр нь би чи хүн дайлаад танилцчихаад адаг сүүлд хүнийг ингэж болохгүй гэж хэлэхэд чи муу үйлчлэгч асрагч пизда минь, чи зайлаарай пизда минь одоо чи зайл ингээд ууж идээд явж байдаг юм байна гэж хардаад миний нүүр дүү гурав, дөрөв удаа цохихоор нь дүү болох Батзоригт хэлнэ гээд гэрээс гараад хаалгын татахад цоожтой байсан тэгээд буцаад гэр лүү орох гээд байж байтал хадам аав Ганболд нь гаднаас хаалга онгойлгоход орж ирээд юу болов гэхээр нь би болсон зүйлийнхээ талаар ярьтал чи дандаа оройтдог биз дээ гээд маргалдаж байхдаа би цагдаад дуудлага өгсөн чинь хадам аав Ганболд чи юун цагдаа дуудаад байгаа пизда вэ гэж хэлээд байж байтал нөхөр Ням-Очир над руу зодох гээд дайрах гэтэл хүүхдээ барьж аваад машиндаа суулгаад аваад зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7092 дугаартай “1.Б.Энхтүвшиний биед зүүн зовхи, хацар, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Яллагдагч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 11-1057 тоотод оройн 20 цагийн үед манай эхнэр Энхтүвшин нь ажлын 6 хүмүүстэйгээ нилээд согтчихсон гэртээ ирсэн. Тэгээд манайд хоёр шил архи бөөндөө хувааж уучхаад хоорондоо ярьж хөөрөөд хоол унд идчихээд тэдний ажлынхан нь гарч явах гэтэл манай эхнэр дагаж явах гээд байсан. Тэр үед би явуулахгүй гээд хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд гараас нь татах үед намайг мөргөчихөөр нь нэг удаа нүүрэн хэсэгт нь алгадчихсан юм.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 36 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Нын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд дарь-Эхийн 11 дүгээр гудамж, 1057 тоот хашаанд байрлах гэрт хохирогч Б.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хамт олонтойгоо архи уусан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Б.Энхтүвшиний “Хамтран амьдрагч Ням-Очир нь танай ажлын хамт олонг дайлж цайлж орууллаа танай ажлынхан ингээд уугаад байж байдаг юм байна гэхээр нь би чи хүн дайлаад танилцчихаад адаг сүүлд хүнийг ингэж болохгүй гэж хэлэхэд чи муу үйлчлэгч асрагч пизда минь, чи зайлаарай пизда минь одоо чи зайл ингээд ууж идээд явж байдаг юм байна гэж хардаад миний нүүр дүү гурав, дөрөв удаа цохихоор нь дүү болох Батзоригт хэлнэ гээд гэрээс гараад хаалгын татахад цоожтой байсан тэгээд буцаад гэр лүү орох гээд байж байтал хадам аав Ганболд нь гаднаас хаалга онгойлгоход орж ирээд юу болов гэхээр нь би болсон зүйлийнхээ талаар ярьтал чи дандаа оройтдог биз дээ гээд маргалдаж байхдаа би цагдаад дуудлага өгсөн чинь хадам аав Ганболд чи юун цагдаа дуудаад байгаа пизда вэ гэж хэлээд байж байтал нөхөр Ням-Очир над руу зодох гээд дайрах гэтэл хүүхдээ барьж аваад машиндаа суулгаад аваад зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7092 дугаартай “1.Б.Энхтүвшингийн биед зүүн зовхи, хацар, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/, яллагдагч Г.Нын “...Тэр үед би явуулахгүй гээд хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд гараас нь татах үед намайг мөргөчихөөр нь нэг удаа нүүрэн хэсэгт нь алгадчихсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 36 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Г.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.Энхтүвшин гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Г.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Н нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Нын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Н нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Г.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ