| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Банзрагч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Хохирогч П.Э,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 149 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* адуут овогт Д.Эд холбогдох эрүүгийн 2107000000203 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 3 хүүхдийн хамт ...................................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* адуут овогт Д.Э /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ................... хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч П.Этэй тухайн тохиолдолд үүссэн харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч П.Эгийн нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа мөргөж биед нь хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “П.Э ахыг орой гэрт нь хүргэж өгөх хүн байхгүй гэж байсан. Би эхнэртэйгээ, хоёр найзтайгаа пиво уучхаад Налайх орж эмийн сан оръё гээд тэгсэн чинь Э ах бид хоёрыг хүргэж өгье гээд явж байсан чинь манай ажлыхан бас бөөнөөрөө цуглаад ганц нэг пиво уугаад байж байхдаа би найзыгаа гөлөг гээд хэлчихсэн чинь Э ах андуураад, над руу уурлаж агсраад би насаараа атаман байсан чам шиг хүнээр би гөлөг гэж хэлүүлэхгүй шүү гээд тийм зүйл болсон” гэв.
Хохирогч П.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мны эхнэртэй очиж уулзсан. Би яах вэ гээд хоног хугацаа зааж өгсөн. 11 дүгээр сар гартал та нар надад цувуулаад мөнгө төгрөг өгөх боломж байна уу гэж хэлтэл мэдэхгүй мөнгө төгрөг өгөх боломж байхгүй, та тэр цагдаагаар гэж хэлсэн. Энэ хүнд ял шийтгэл хүлээлгэх гээд байгаа юм бишээ. Хамгийн гол нь би хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Эын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед би ...........................................................од гудамжинд эхнэр Ч, П.Э нар болон ажлын газрынх нь хүмүүсийн хамт Боргио билүү Нийслэл нэртэй том савтай пиво 2 ширхгийг хувааж уугаад сууж байтал П.Э манай эхнэр бид хоёроор гэр лүүгээ хүргүүлэхээр болсон. Ингээд 19 цагийн үед бүгд л гэр гэртээ харихаар болоод байж байтал би хажуудаа сууж байсан нэг найз руугаа тоглоомоор “гөлөг минь” гээд хэлчихсэн чинь л үүнийг П.Э өөрийг нь тэгж хэллээ гэж бодоод над руу уурлаж “би чам шиг пиздагаар гөлөг минь гэж хэлүүлэх үү? Би цагтаа атаман явсан хүн” гээд согтуурхаад байхаар нь миний ч бас уур хүрээд духаараа түүний хамар хэсэг рүү 1 удаа мөргөчихсөн юм. Тэгээд би тухайн үедээ хийсэн үйлдэлдээ гэмшээд П.Э ахаас уучлалт гуйгаад “хоёулаа одоо шууд цагдаа руу явъя гээд цагдаа дээр очсон” тэгсэн чинь цагдаа дээр ирсэн хойноо П.Э ахад надад “ахад нь цагдаа сэргийлэх гээд яваад байдаг новшийн зан байхгүй” гээд тухайн үедээ гэртээ харьсан...эхлээд 200.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг өгсөн. Тэгтэл хэдэн өдрийн дараа П.Э ах надтай холбоо барьж “би яаралтай 1.200.000 төгрөгний хагалгаанд орох болчихлоо надад яаралтай хагалгааны мөнгө олж өг” гэхээр нь би түүнд “ахаа би боломжоороо наад хагалгааны чинь мөнгийг олж өгье, би Сүхбаатар аймаг руу нэг ажил байгаа тэрийг хийчихвэл мөнгөтэй болно” гэж хэлээд маргааш нь Сүхбаатар аймаг руу явчихсан байхад над руу П.Э ах над руу залгаад “би цагдаа, шүүхээрээ явлаа, чи мөнгө олж өгөх чинь худлаа юм байна” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор П.Эгийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед өөрийн ажилладаг ...........................................................................т үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК-д ажлаасаа тараад танил М гэж дууддаг залуутай тааралдаж хоёулаа ганц шил юм хувааж уухаар болоод дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи, Сэнгүр нэртэй том савтай пиво 1 ширхгийг аваад ...............................т ..........................гэх хүнсний дэлгүүрээс нэлээн зайтай буюу ойролцоогоор 700-800 метр холдож байгаад гадаа гудамжинд хамтдаа архиа хувааж уусан. Тэгээд шөнө 21 билүү 22 цагийн үед М бид хоёулаа нэлээн согтчихсон архи, пивоо дуусгаад харих гээд байж байтал гэнэт л ямар ч шалтгаангүй над руу агсарч намайг “муу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “ах нь гөлөг биш ээ, чи яагаад намайг гөлөг гэж байгаа юм бэ” гэсэн чинь шууд үгийн зөрүүгүй намайг заамдаж авч байгаад шууд миний хамар хэсэг рүү духаараа хүчтэй мөргөсөн. Тухайн үед мөргүүлэх үед хамраас их хэмжээний цус гарч цагдаад мэдэгдэх гэсэн боловч согтуу байсан учир тэр дороо мэдэгдэж чадаагүй...эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрөө бол М бид хоёр хоорондоо ойлголцоод салцгаасан. Маргааш нь би эмнэлэгт очоод үзүүлтэл 120.000 төгрөгөөр үзнэ гэсэн. Тэгэхээр нь би М руу залгаж түүнээс 120.000 төгрөг авсан. Тэгээд үзүүлтэл намайг Улаанбаатар хот руу очиж үзүүлж зураг авхуул гэсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хот явж Улсын Нэгдүгээр эмнэлэгт үзүүлтэл надад “таны хамар муруйчихсэн байна, хамрын дотор яс гэмтэлтэй байна. Заавал хагалгаанд орох ёстой, төлбөр 1.500.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаараа Мд хэлтэл “танд өгөх мөнгө надаа байхгүй, одоо та цагдаа сэргийлэхээрээ яв” гэж хэлээд надтай дахиж надтай холбоо бариагүй. Ийм учраас өнөөдөр ингэж цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Чын өгсөн: “...Э ахын хажууд зогсож байсан манай нөхөр согтчхоод хажуудаа зогсож байсан Цолмон руу “гөлөг минь” гээд хэлчихсэн чинь Э ах үүнийг сонсоод өөрийг нь хэлж байна гэж ойлгоод “чи намайг гөлөг гэж дууддаг юу юм бэ? Би насаараа Налайхад атаман байсан шүү” гээд агсам тавиад байхаар нь манай нөхөр тэсэлгүй уурандаа түүний хамар луу нь 1 удаа мөргөчихсөн юм. Тэгээд бид хэд тэр даруйдаа уучлал гуйгаад цагдаа дээр очоод асуудлаа шийдүүлье гэтэл Э ах манай нөхөр бид хоёрт “би цагдаа сэргийлэхээр явдаг тийм хүний мөсгүй хүн бишээ” гээд тухайн өдрөө цагдаагаасаа яваад шууд гэрлүүгээ явчихсан...эмчилгээний зардал гэж хэлээд 200.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг бас өгсөн. Тухай бүрдээ Э ах бид хоёрт гомдол санал байхгүй гэж байснаа гэнэтхэн би яаралтай 1.500.000 төгрөгний хагалгаанд орох болчихлоо мөнгө өг гээд эхэлсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6 дугаар тал/
4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/474 дүгээр: “П.Эийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 12 дугаар тал/
5. Дүрс оношилгооны хариу,
/хх-ийн 13 дугаар тал/
6. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,
/хх-ийн 43-45 дугаар тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 24 дүгээр тал/
8. Д.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 320.000 төгрөг төлсөн байдаг. Шүүх хуралдааны явцад хохирогч 2.375.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Уг хохиролтой холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хууль зүйн шаардлагыг хангаагүй тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж дурдуулах нь зүйтэй байна...
...Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргүүдийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч Д.Э нь гэм буруугийн хувьд анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээсэн. Түүний гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэж байна. Хохирлын хувьд хохирогч талаас 2.375.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг шүүхэд гаргасан хохирлын баримт нь хуулийн шаардлагыг хангаагүй. Хохирогч нь баримтаа бүрэн гаргаж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогч нь цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Хохирогч П.Эд 320.000 төгрөгийг өгсөн байдаг. Иймд Д.Эыг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
...Улсын яллагчаас 700.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Миний хувьд уг торгуулийн хэмжээ өндөр байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгчид гэм буруугийн асуудлаар тусгайлан гаргах санал байхгүй байна. Энэ хүн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, анхнаасаа буруу зүйл хийсэн гэдгээ ойлгоод хохирогчид мөнгө төгрөг өгч байсан. Цаашид гарах хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Энэ хүнд заавал ял оногдуулах талаар санал байхгүй байна. Хамгийн гол нь хохирлыг барагдуулж өгнө үү...
...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Д.Эаас бид цаашид иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжилнэ. Иймд торгуулийн шийтгэл оногдуулахгүйгээр өөр шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Цаг үеийн байдал мөн дөнгөж ажилд орж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаад заавал энэ хүнийг торгож, давхар хохирол төлбөрт унагах нөхцөл үүсэж байна. Шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг авч үзнэ үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........................хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч П.Эг “гөлөг гэж хэлээгүй байхад уурлаж, агсарлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...найз руугаа тоглоомоор “гөлөг минь” гээд хэлчихсэн чинь л үүнийг П.Э өөрийг нь тэгж хэллээ гэж бодоод над руу уурлаж “би чам шиг пиздагаар гөлөг минь гэж хэлүүлэх үү? Би цагтаа атаман явсан хүн” гээд согтуурхаад байхаар нь миний ч бас уур хүрээд духаараа түүний хамар хэсэг рүү 1 удаа мөргөчихсөн юм.” гэх,
Хохирогч П.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ямар ч шалтгаангүй над руу агсарч намайг “муу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “ах нь гөлөг биш ээ, чи яагаад намайг гөлөг гэж байгаа юм бэ” гэсэн чинь шууд үгийн зөрүүгүй намайг заамдаж авч байгаад шууд миний хамар хэсэг рүү духаараа хүчтэй мөргөсөн.” гэх,
Гэрч М.Чын “...“чи намайг гөлөг гэж дууддаг юу юм бэ? Би насаараа Налайхад атаман байсан шүү” гээд агсам тавиад байхаар нь манай нөхөр тэсэлгүй уурандаа түүний хамар луу нь 1 удаа мөргөчихсөн юм....” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/474 дүгээр: “П.Эийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Э нь “...эмчилгээний зардалд 320.000 төгрөг авсан...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин ажилгүй байсан хугацааны орлого болон эмчилгээний зардлын нэхэмжлэл нь шаардлага хангахгүй, хэлэлцэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь......шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэн зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* адуут овогт Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Э нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ