| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/173 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 97А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт З.Эад холбогдох эрүүгийн 2107000000102 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ........................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........................................................................... тоотод оршин суух,
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар хорих ял авч 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ******* овогт З.Э /РД:...................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч З.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..................... ХХК-ны хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан К.Жгийн Хувэй Пи – 40 лите загварын гар утсыг “ах нь утсаар чинь хүнтэй ярьчхаад өгье” хэмээн хуурч аван залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дэлгүүрт ороод худалдагчаас хүнтэй ярих гээд утсыг нь гуйж авсан. Тэгээд өөрөө жоохон халамцуу байсан болохоор утсыг нь аваад гарсан байна. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар З.Эын өгсөн: “...14 цагийн үед ................................................ тоотод үйл ажиллагаа явуулдаг ..................... ХХК-ны хүнсний дэлгүүрт ороход миний зүс таних К.Ж наймаа хийгээд зогсож байсан. Тэгээд гар утсыг нь түр гуйж авч хүнээс мөнгө асуух санаатай “ахдаа утсаа түр өгч байгаач ах нь хүнтэй утсаар ярьчхаад өгье” гэхэд надад өөрийн Хувэй Пи – 40 лите маркийн хар өнгийн ямар нэг эвдрэл гэмтэлгүй шинээрээ шахуу утас надад өгсөн. Тэгээд дэлгүүрт утсаар ярих санаатай зогсож байтал гаднаас өөр нэг танихгүй хүн орж ирээд дэлгүүрээс бараа худалдаж авах гээд зогсож байсан. Тэгэхээр нь Жг өөр зүйлд сатаарч байх хооронд нь гар утсыг нь авч гараад архиар сольё гэх бодол гэнэт толгой дотор төрөөд шууд тэдний дэлгүүрээс гар утсыг нь авч гарсан. Гар утсыг нь авчхаад нэг ломбард ороод гар утсыг нь архины мөнгөөр тавих гэхэд наад гар утас чинь ямар ч бичиг баримтгүй байна гээд аваагүй. Ингээд Налайхад зарж чадахгүй юм байна гээд Улаанбаатар хотод очиж аргалж байгаад нэг газар зарах гээд автобусанд суугаад явсан. Тэгээд автобусанд сууж явж байгаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Офицеруудын орнуудын буудал дээр явж байсан. Тэгээд тухайн үед өмсөж байсан хар куртикнийхээ зүүн талын халаасанд хийчихсэн байсан К.Жгийн Хувай пи-40 маркийн гар утсыг шалгатал байхгүй алга болчихсон байсан...Би уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28 дугаар тал/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор К.Жгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ................................................ тоотод байрлах ..................... ХХК-ний хүнсний дэлгүүртээ наймаа хийгээд зогсож байхад 15 цагийн үед зүс таних З.Э ах манай дэлгүүрт орж ирээд “ахын дүү утсаараа ганц яриулчих, ах нь утасгүй болчхоод хүнтэй утсаар ярьж чаддаггүй” гэж гуйхаар нь би З.Эыг манай дэлгүүрээр орж гардаг нэг хороонд амьдардаг. Гэр орныг нь мэдэх учир итгээд өөрийн Хувай пи-40 лите маркийн гар утсаа өгсөн. Ингээд удалгүй З.Э ах миний утсаар хүнтэй яриад байх шиг зогсож байсан. Тухайн үед дэлгүүрт гаднаас өөр нэг үйлчлүүлэгч орж ирээд надаас бараа асуугаад миний анхаарал сарничихсан байхад З.Э ах миний гар утсыг надад буцааж өгөлгүй аваад гарчихсан байсан...2020 оны 09 дүгээр сард Тедигээс нэлээн үнэтэй худалдаж авч байсан...Би өөрийн гар утсыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6-7 дугаар тал/,
3. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 17-18 дугаар тал/
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 30 дугаар тал/
5. З.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Энэ талаар хохирогч К.Жанарке тайлбар ирүүлсэн. Иймд шүүгдэгч З.Эыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Тухайн үедээ тогтвор суурьшилтай ажил байхгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Багахангай дүүрэгт нэг компанид ажилладаг гэсэн тайлбарыг өгч байна. Эдгээр хувийн байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч З.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа. Уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, З.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..................... ХХК-ны хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хохирогч К.Жгийн Хувэй Пи -40 лите загварын гар утсыг “ах нь утсаар чинь хүнтэй ярьчхаад өгье” гэх шалтгаанаар хуурч аван залилсан болох нь:
Шүүгдэгч З.Эын “...Тэгэхээр нь Жг өөр зүйлд сатаарч байх хооронд нь гар утсыг нь авч гараад архиар сольё гэх бодол гэнэт толгой дотор төрөөд шууд тэдний дэлгүүрээс гар утсыг нь авч гарсан.” гэх,
Хохирогч К.Жгийн “...З.Э ах манай дэлгүүрт орж ирээд “ахын дүү утсаараа ганц яриулчих, ах нь утасгүй болчхоод хүнтэй утсаар ярьж чаддаггүй” гэж гуйхаар нь би З.Эыг манай дэлгүүрээр орж гардаг нэг хороонд амьдардаг. Гэр орныг нь мэдэх учир итгээд өөрийн Хувай пи-40 лите маркийн гар утсаа өгсөн... З.Э ах миний гар утсыг надад буцааж өгөлгүй аваад гарчихсан байсан” гэх мэдүүлгүүд, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч З.Эыг зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.Жг нь “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Үүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Хуулийн энэ үзэл баримтлал нь хэрвээ “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар солих гэсэн ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зэргийг/ гэсэн санаа юм.
Мөн улсын яллагч Ц.Гэрэлчимэг нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Учир нь шүүгдэгч З.Э нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой тогтвор суурьшилтай ажилгүй, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг хэргээ үйлдсэнээс хойш 2021 оны 10 дугаар сард буюу 6 сарын дараа хохирогч К.Жд хохирол төлбөрөө барагдуулсан байдал, үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй тухай лавлагаа /хх 40/, ам бүл 1, зорилтот бүлгийнх болохыг нь нотолсон Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх 45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг,
Түүнчлэн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг тогтоож прокурорын санал үйлдэж ирүүлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүхэд яллах дүгнэлт ирүүлж байгаа зэрэг зөрчлүүдийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт З.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ