Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

2021        06         15                                    2021/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Х-д холбогдох эрүүгийн 2140000370035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... аймгийн .... сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06 өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлйин 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, .... регистрийн дугаартай Б овогт Н.Х

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Хнь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед ... аймгийн ... сумын 3 дугаар баг ... 3-319 тоотод оршин суух С.Х-н цоожтой байсан гэрийн хаалганы цүүг нь татаж онгойлгон орж, авдар дээр байсан дунд гарын “Гэзэг сайхан ХХК Азтан 2019.04.28” гэсэн бичигтэй 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 162,000  төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мөнгөн аягыг нь авсан нь үнэн. Мөнгөн аяганы төлбөрийг төлж, хохиролгүй болгосон тул миний ялыг  хөнгөлж өгнө үү” гэв.

2140000370035 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сард одоо хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Архи ууж явж байгаад 15 цаг өнгөрөөд 16 цаг болж байхад цагийн үед танил З, Х нарын Нарлагт байх гэрт ганцаараа очсон. Намайг гэрт нь очих үед гэрт нь хүн байхгүй гэр нь хятад дундын цоожтой байхаар нь архинд тавьчих юм авчихъя гэж бодоод цоожыг нь татсан цүүтэйгээ мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь гэр дотор нь орсон хойд талын авдран дээр 3 ширхэг мөнгөн аяга давхарлаад тавьчихсан, хамгийн дээд талын жижигт нь ааруул хийчихсэн байхаар нь доод талынх нь аяганд хийгээд жижиг мөнгөн аягыг нь аваад гэрээс гарсан. Гэрээс гараад хаалгыг нь хаагаад цүүг нь буцааж хийчихээд яваад өгсөн. З-н гэрээс мөнгөн аяга аваад цагдаагийн урд талын нийтийн байранд ирж Ө гэдэг эгчид мөнгөн аяга 30.000 төгрөгөөр авах уу, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн яг чиний аяга мөн юм уу гэхээр нь мөн миний аяга гэж хэлээд 30.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэр үед Бор-Өндөр хорио цээрийн дэглэм тогтоогоогүй архи зарж байсан учраас Дэлгэрнуур хүнсний дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад гэррүүгээ явсан. Гэрт очоод архиа ганцаараа уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

         Хохирогч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхөр З болон 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сум руу явсан. Гэрт манай том хүү А үлдсэн. А 10 сарын 03-ны орой гэртээ орох гээд ирэхэд хашаан дотор байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хүү А өөр цоож авч хийсэн байсан. Хүү А 10 сарын 03, 04-ний өдрүүдэд гэртээ орж хоносон гэж хэлсэн. Би нөхөр 3 хүүхдийн хамт Бүрэнцогт сумаас 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед ирэхэд гэрт А хүү маань байсан. Нөхөр ажилтай болохоор 15 цаг өнгөрч байхад би нөхөр 4 хүүхдийн хамт Бор-Өндөр сумын гаалийн талбай руу гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. Манай гэрийн түлхүүр 1 л байдаг болохоор аваад явсан. Тэгтээд гэртээ 19-20 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож хэвийн байсан ба түлхүүрээрээ цоожийг онгойлгоод орсон. Тэгээд авдар руугаа харахад гэрийн хойно байрлах авдран дээр байсан 3 ширхэг мөнгөн аяганы 1 ширхэг нь алга болсон байсан. Гэрийн цоож хэвийн байхаар нь хүн яаж орсныг мэдээгүй. Гэрийн тооноор орсон зүйл ажиглагдаагүй. Тэгээд 10 сарын 06-ны өдөр нөхөр маань гэрийн хаалганы цоожны цүүг гадна талаас нь татаад үзэхэд сул мултраад гарч ирж байсан. Тэгээд цүүг маань татаж онгойлгоод хүн орсон байсан гэдгийг мэдсэн. Манай алдагдсан 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга “Гэзэг сайхан ХХК Азтан 2019.04.28" гэсэн бичигтэй байгаа. Тус аягыг 2019 оны 04 сарын 28-ны өдөр Бор-Өндөр суманд явуулсан сугалаанд 20.000 төгрөгөөр ороод дунд гарын мөнгөн аяга хожиж байсан. Тус мөнгөн аяга алдагдсан. Аяган дотроо ааруул хийгээд авдран дээр тавьсан байсан чинь ааруулыг нь нөгөө мөнгөн аяган дотор хийж орхиод аваад явсан оайсан. Манай гэрээр Х гэх хүн байнга орж гардаг байсан. Х нь Бор-Өндөр суманд эрхэлсэн ажилгүй, тодорхой оршин суух гэр байхгүй, архи байнга хэрэглэдэг хүн байгаа. Х нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн ба нөхөртэй хамт 2008 онд ажиллаж байгаад танилцаад тэрнээс хойш манайхаар ирж хоол унд идэж явдаг байсан. Манай гэрээр өөр хүн орж гардаггүй. Тэгэхээр Х авсан байж магадгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7-р хуудас/

            Гэрч З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр 3 хүүхдийн хамт 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сум руу яааад 10 сарын 05-ны өдөр ирсэн. Хүү А гэртээ үлдсэн. Хүү Анхбэяр 10 сарын 04-ний орой гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдчихсэн гэрээс эд зүйл алдагдаагүй байсан тэгэхээр нь өөр цоожоор гэрийнхээ хаалгыг цоожилсон гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Бүрэнцогт сумаас эхнэр 3 хүүхдийн хамт гуртээ ирсэн. Ирээд би ажилтай байсан болохоор эхнэр 4 хүүхдийн хамт Бор-Өндөр сумын гаалийн талбай руу явсан. Явахдаа эхнэр гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. Тэгээд эхнэр 19-20 цагийн үед хүүхдүүдийн хамт гэртээ түрүүлээд ирсэн. Том хүү А  гаалийн талбай яваагүй, Хангайн хороололд эхнэрийн эгчийнд буугаад үлдсэн. Тэгээд эхнэр гэртээ очоод авдран дээр байсан дунд гарын мөнгөн аяга алдагдсан байна гэж хэлсэн. Гэрийн хаалганы цоожийг эвдээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би орой гэрт очоод харахад цоож хэвийн байсан. Гэрийн тооноор хүн орсон шинжгүй байсан. Тэгэхээр нь хаалганы гадна талаас цүүгээ татаад үзэхэд сул мултраад гараад ирсэн. Манай гэрийн хаалганы цүүг гадна талаас нь татаад хүн орсон байна гэж мэдсэн. Манайд байсан мөнгөн аягыг эхнэр 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сугалаанд оролцоод хожиж байсан. Би Х гэх хүнтэй 2009 онд хамт ажиллаж баигаад танилцаад тэрнээс хойш манайхаар орж гарч байсан. Гэхдээ манайх гэрийн түлхүүрээ өгч байгаагүй. Хааяа танидаг болохоор л манайхаар орж гардаг байсан. Х гэрийн хаалганы цүүг татаад гэрт орж мөнгөн аягыг авсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, намайг гэртээ ганцаараа байж байхад гаднаас өндөр шар Бор-Өндөр суманд байдаг 1 залуу орж ирээд 1 ширхэг мөнгөн аяга намайг 30.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 30.000 төгрөг өгч мөнгөн аягыг худалдаж авсан. Миний худалдаж авсан мөнгөн аяга “Гэзэг сайхан" ХХК Азтан 2019.04.28 гэсэн бичигтэй аяга байсан. Би тэр залуугаас хэний, юун аяга вэ? хулгайн эд зүйл биш биздээ хэрвээ чиний эд зүйл биш бол би авахгүй гэж хэлэхэд миний өөрийн мөнгөн аяга байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж аваад гэртээ тавьсан. Би надад энэ мөнгөн аяга өгсөн хүнийг дараа нь хүнээс хэн гэдгийг асуухад Х гэх хүн байсан. Надад зарахдаа өөрийнхөө эд зүйлийг гэж хэлээд зарсан. Надад энэ мөнгөн аягыг хураалгахад татгапзах зүйл байхгүй. Би Х-наас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

              “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШД-158 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-16-р хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26-р хуудас/, эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 33-35-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Н.Х нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлагийн 3-319 тоотод оршин суух С.Х-ын цоожтой байсан гэрийн хаалганы цүүг нь татаж онгойлгон орж, авдар дээр байсан дунд гарын “Гэзэг сайхан ХХК Азтан 2019.04.28” гэсэн бичигтэй 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 162,000  төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч С.Х-ын “...Тэгээд авдар руугаа харахад гэрийн хойно байрлах авдран дээр байсан 3 ширхэг мөнгөн аяганы 1 ширхэг нь алга болсон байсан. Гэрийн цоож хэвийн байхаар нь хүн яаж орсныг мэдээгүй. ... Манай гэрээр Х гэх хүн байнга орж гардаг байсан. Х нь Бор-Өндөр суманд эрхэлсэн ажилгүй, тодорхой оршин суух гэр байхгүй, архи байнга хэрэглэдэг хүн байгаа. Х нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн ба нөхөртэй хамт 2008 онд ажиллаж байгаад танилцаад тэрнээс хойш манайхаар ирж хоол унд идэж явдаг байсан. Манай гэрээр өөр хүн орж гардаггүй. Тэгэхээр Х авсан байж магадгүй гэж бодож байна..." гэх мэдүүлэг,

Гэрч Ө-н “...Би 2020 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, намайг гэртээ ганцаараа байж байхад гаднаас өндөр шар Бор-Өндөр суманд байдаг 1 залуу орж ирээд 1 ширхэг мөнгөн аяга намайг 30.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 30.000 төгрөг өгч мөнгөн аягыг худалдаж авсан. Миний худалдаж авсан мөнгөн аяга “Гэзэг сайхан" ХХК Азтан 2019.04.28 гэсэн бичигтэй аяга байсан. Би тэр залуугаас хэний, юун аяга вэ? хулгайн эд зүйл биш биздээ хэрвээ чиний эд зүйл биш бол би авахгүй гэж хэлэхэд миний өөрийн мөнгөн аяга байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж аваад гэртээ тавьсан. Би надад энэ мөнгөн аяга өгсөн хүнийг дараа нь хүнээс хэн гэдгийг асуухад Х гэх хүн байсан....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл  зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул түүнийг хүн байнга орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн  сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

   Шүүгдэгч Н.Х-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч С.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул түүнийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

          Шүүх шүүгдэгч Н.Х-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байх боловч бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

         

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Гэзэг сайхан” ХХК Азтан 2019.04.28 дугаартай мөнгөн аягыг хохирогч С.Х-д буцаан олгох нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Н.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Х-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Гэзэг сайхан" ХХК Азтан 2019.04.28 гэсэн бичигтэй 1 ширхэг мөнгөн аягыг хохирогч С.Х-д /СЩ81042809/ буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР