Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/01752/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр          Дугаар 101/ШШ2017/01752           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Б-д холбогдох,

 

Хүү Б.С-д тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрт төлсөн 9.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2006 оны 04 дүгээр сараас 2009 оны 03 дугаар сарын 01-ний хооронд Т.Б-тэй хамтран Америкийн Нэгдсэн Улсын Виржиниа хотод амьдарсан бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү С-ыг төрүүлсэн. Миний бие 2009 оны 03 дугаар сарын 01-нд эх орондоо хүүгийн хамт буцаж ирснээс хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү маань түүнээс хойш миний асрамжинд амьдарч, өсч торниж байна. Тиймээс Т.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн 2009 оноос Америкийн Нэгдсэн Улсаас ирснээс хойш өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ биелүүлж хүүгээ өсгөн хүмүүжүүлэхдээ буюу эрүүл мэнд эмчилгээнд гарсан зардал, хувцас хэрэглэлийн зардал, сурч боловсроход гарсан зардлыг ганцаарааа хариуцан төлсөөр ирсэн. Хүүгээ мэдлэг боловсролтой болгохын тулд 2014 онд О төв сургуулийн нэгдүгээр ангид суралцуулсан ба 2015 оноос эхлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай О дунд сургуульд суралцуулж байгаа юм. Дээрх сургуулийн төлбөрийг миний бие дангаар хариуцан төлсөн. Т.Б нь эцэг хүний хувьд хүүгээ боловсролтой болоход нь туслах дэмжиж сургалын төлбөрийг төлөх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу Т.Б-с хүү Б.С-н сургалтын төлбөрт О төв сургуульд төлсөн 4.500.000 төгрөг, О дунд сургуульд төлсөн 4.800.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                                               

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Америкт байх хугацаандаа би мөнгө явуулж байнга холбоотой байсан. Энд ирэхэд Х.Х өөр хүнтэй суусан байсан. Х.Х нь надтай ярилцаж шийдэлгүй, өөрөө дур мэдэн өндөр төлбөртэй сургуульд хүүхэд явуулчхаад төлбөрийг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Х бид хоёр хүүгээ гэрийн ойролцоо 4 дүгээр сургуульд оруулна, хичээлийн бус цагаар секц дугуйланд явуулна гэж утсаар ярилцаж байсан. Манай ах дүүс бүгд сэхээтэн, өндөр боловсролтой хүмүүс, бага насны хүүхдийг ийм өндөр төлбөртэй сургуульд явуулах шаардлагагүй гэж үздэг. Би хүүхдийнхээ хэрэглээний юмыг нь хангаад явж байгаа. Үүрэг хариуцлага талаасаа хүүхэддээ би Х.-аас дутуугүй санаа зовж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Т.Б-д холбогдуулан хүү Б.С-д тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрт төлсөн 9.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Т.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг маргахгүй, харин надтай ярилцаж тохиролгүй хүүхдийг өндөр төлбөртэй хувийн сургуульд оруулсан тул сургалтын төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын дундаас 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.С төрсөн болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-6/.

 

Хариуцагч Т.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт  зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх талаар зохигчид харилцан тохиролцсон гэж үзэх үндэстэй.

 

Мөн нэхэмжлэгч нь хүү Б.С-ын сургалтын төлбөрт О төв сургуульд төлсөн 4.500.000 төгрөг, О дунд сургуульд төлсөн 4.800.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлд О сургуулийн Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот дансанд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4.500.000 төгрөг төлсөн баримт, мөн Төгс дэлгэрэх бүрэн дунд сургуулийн Хаан банкин дахь 0 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.400.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.200.000 төгрөг тус тус төлсөн баримт, түүнчлэн Б.С-ыг дээрх сургуулиудад суралцсан талаарх тодорхойлолтыг хавсаргасан байх /хх-35-40/ ба эдгээр баримтаар хүү Б.С-ын сургалтын төлбөрт нийт 7.100.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх үүрэг хүлээдэг байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Х-с хүү Б.С-ын сургалтын төлбөрт төлсөн зардлын тал хувь буюу 3.550.000 төгрөгийг шүүхэд гаргасан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Б.Б-с гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Х.Х-г надтай ярилцаж шийдэлгүй, өөрөө дур мэдэн өндөр төлбөртэй сургуульд хүүхэд явуулчхаад төлбөрийг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч энэ тайлбараа нотолсон баримтаа шүүхэд гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.С-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 3.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.750.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, мөн хариуцагч Б.Б-ээс 141.950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Х-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА