Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 51

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Ч.Мядагдбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч Ж.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэрчин овгийн Жаргалын Галбадрахад холбогдох эрүүгийн 201615000122 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/41 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Үхэрчин овгийн Жаргалын Галбадрах. /РД:ЙС79080139/

Шүүгдэгч Ж.Галбадрах нь согтуурсан үедээ 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 28-01 тоотод оршин суух Б.Лхамдаваагийн байшингийн цонхоор нэвтэрч шунахайн сэдэлтээр 42 инчийн “Монел” маркийн LCD телевизор хулгайлж 300.000 /гурван зуу мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Галбадрах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Лхамдаваагийн байшингийн цонхыг хагалж ороод  телевизор авч зах дээр зарах гэж яваад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй,  Улаанбаатар хот руу явж дүү дээрээ очиж барилгын ажил хийх гэж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Лхамдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн орчим гэрээ эргэж очиход манай байшингийн зүүн талд байх цонхыг хагалаад гэрээс 42 инчийн Монел гэсэн бичигтэй LCD телевизор алга болсон байсан. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ эргэж ирэхэд манай гэр зүгээр байсан. Гомдолгүй зурагтаа хүлээн авсан. Цонхны шилийг төлүүлэхгүй. Ж.Галбадрах нь угаасаа төлбөрийн чадваргүй хүн байгаа юм. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр 11 цагийн орчим Баасансүрэн бид хоёр хүнс бараан захын цагаан идээний хажууд 500 грамм монгол архи уух гээд байж байхад Ж.Галбадрах хүрээд ирсэн. Тэгээд Ж.Галбадрах бид гурав монгол архиа хувааж уусан. Тэгсэн Ж.Галбадрах ...манай дүүгийн зурагт байгаа тэрийг зараад өгөөч гэхээр нь би Ж.Галбадрахаас наадах чинь асуудалгүй биз, хулгайнх биш биз дээ гэхэд Ж.Галбадрах тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд Ж.Галбадрах зурагтаа аваад ирье гээд явсан. Удалгүй Ж.Галбадрах ирээд Баасансүрэн бид хоёрт зурагтаа үзүүлсэн. Тэгээд зурагтыг нь зарах гээд Гэрэл төв рүү ороход цагдаа нар араас хүрээд ирсэн”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна 11 цагийн орчим санагдаж байна. Б.Баттулга бид хоёр 500 граммын монгол архи хувааж уух гээд Хүнс бараан захын цагаан идээний шатан дээр сууж байхад Ж.Галбадрах ирсэн. Тэгээд Ж.Галбадрах, Б.Баттулга бид гурав 500 граммын монгол архиа хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа Ж.Галбадрах нь Б.Баттулга бид хоёрт манай дүүгийн телевизор байгаа, тэр телевизорыг зараад өгөөч гэхээр нь Б.Баттулга Ж.Галбадрахаас “...иймээ тиймээ зүйл байхгүй биздээ...” гэхэд Ж.Галбадрах Өмнөговь аймагт ажиллаж байгаад дүүдээ авч өгсөн телевизор байгаа асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ж.Галбадрах телевизор авч ирэх гээд явсан. Удалгүй телевизор авч ирээд Баттулга бид хоёрт үзүүлсэн. Тухайн телевизор нь “Монел” гэсэн бичигтэй хар өнгийн LCD телевизор байсан. Тэр телевизорыг “Гэрэл” төвийн 2 давхар луу авч ороход цагдаа нар ирсэн. Би Ж.Галбадрахтай телевизор хулгайлаагүй. Ж.Галбадрах нь хэлэхдээ би Өмнөговь аймагт ажиллаж байгаад дүүдээ авч өгсөн телевизор байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ж.Галбадрахад эд хөрөнгө байхгүй. Манай эхнэр Лхамдаваа 2016 оны 04 дүгээр сарын эхээр намайг Өмнөговь аймагт байхад залгаад Ж.Галбадрах ах манай гэрээс зурагт хулгайлсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №116 дугаартай: “...Хэргийн газраас хүргүүлэн ирүүлсэн гарын мөрний №1.5 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин №1.2.4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №1.5 дугаартай гарын мөрний №1 дугаартай гарын мөр Жаргалын Галбадрахын баруун гарын эрхий хурууны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна”  гэх дүгнэлт. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Галбадрахын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 48-50, 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Галбадрахын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Галбадрахыг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 43-44, 44-47 дугаар хуудас/ зэрэг болно.,

 

Шүүгдэгч Ж.Галбадрах нь согтуурсан үедээ 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 28-01 тоотод оршин суух Б.Лхамдаваагийн байшингийн цонхоор нэвтэрч шунахайн сэдэлтээр 42 инчийн Монел маркийн LCD телевизор хулгайлж 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Хохирогч Б.Лхамдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн орчим гэрээ эргэж очиход манай байшингийн зүүн талд байх цонхыг хагалаад гэрээс 42 инчийн “Монел” гэсэн бичигтэй LCD телевизор алга болсон байсан. 2016 оны 04 сарын 02-ны өдөр гэрээ эргэж ирэхэд манай гэр зүгээр байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14/, гэрч Б.Баттулга, Д.Баасансүрэн, Ж.Ганбаатар нарын мэдүүлгүүд /хх-ийн 21-22, 23-24, 17-18 дугаар хуудас/, “хэргийн газраас хүргүүлэн ирүүлсэн гарын мөрний №1.5 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №1.5 дугаартай гарын мөрний №1 дугаартай гарын мөр Жаргалын Галбадрахын баруун гарын эрхий хурууны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №116 дугаартай дүгнэлт. /хх-ийн 33-34/, шүүгдэгч Ж.Галбадрахыг сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44, 44-47/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/, шүүгдэгч Ж.Галбадрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Галбадрахад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Галбадрахыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ж.Галбадрах нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/41 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдаж байна.

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ж.Галбадрах нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ж.Галбадрахын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үхэрчин овгийн Жаргалын Галбадрахыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Үхэрчин овгийн Жаргалын Галбадрахад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Үхэрчин овгийн Жаргалын Галбадрахад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Галбадрахад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн   хугацаагаар хянан харгалзсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ж.Галбадрахын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг Ж.Галбадрахад мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Галбадрахад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР