| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2022/0354/З |
| Дугаар | 221/МА2023/0647 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0647
“Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0648 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2022/0354/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г о” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM210700000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0648 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасныг тус тус баримтлан “Г о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс “... ашигт малтмал ашигласны төлбөрт 3.5 тэрбум төгрөгийн татвар төлөх нэхэмжлэхийг хүргүүлсний дараа Татварын ерөнхий газраас тайлант хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалт, төлөлтийн байдал дээр шалгалт хийж нэхэмжлэгч компанид 6.7 тэрбум төгрөгийн татвар нэмж тогтоосон байх бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй байх тул шүүхээс нэхэмжлэгч компани нэхэмжлэхээр тогтоосон 3.5 тэрбум төгрөгийн татварын асуудлыг шийдвэрлэснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
3.2. Учир нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолын “ ... анхан шатны шүүхийн дүгнэлт хангалтгүй. Зүй нь хариуцагчийн зүгээс “татварын тайланд үндэслэн нэхэмжлэх" буюу татвар төлөхийг шаардах хууль үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Үүний тулд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын агуулга, үүний дагуу хууль тогтоогчоос шинэчлэн баталсан хуулийн зорилго, агуулга, үзэл санааг энэ хэргийн үйл баримтад холбогдуулан бүрэн тодорхойлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь заалтыг тухайн тохиолдолд хэрхэн хэрэглэж шийдвэрлэснээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу тайлбарлах хэрэгтэй” гэсэн заалтын биелэлт хангагдсангүй.
3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үүрэг дагавар болсон гэж үзэхээр байна” гэж дүгнэн “Монгол Улсын Үндсэн хуулийн Тав дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндэслэлтэй байна гэж дүгнэж, эцсийн шийдвэр гаргасан.
3.4. Улсын Их хурлаас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” 47.1.1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлалыг гэсэн утгаар ойлгоно” гэж тодорхойлсон. Энэхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан. “Г о” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул энд хамаарахгүй, харин “Т ү” ТӨХК-иас төмрийн хүдрийг худалдан авч, баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар оруулж, төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ эскпортод гаргадаг үйлдвэрлэгч юм.
3.5. Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, дээрх нотлох баримтаас харахад “Ганхүдэр орд” ХХК-ний экспортолсон хорголжин нь “ашигт малтмал” биш, бүтээгдэхүүн болох нь нотлогддог. Хариуцагчаас “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16-д зааснаар ашигт агуулгыг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолсон бол төлбөрийг давхардуулан оногдуулахгүй гэж хуульчилсан тул тус компанид давхардуулан ногдуулсан үйлдэл гараагүй байна” гэж маргаж буй хуулийг буруу тайлбарладаг.
3.6. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь заалтуудын дагуу АМНАТ оногдуулах боломжтой байна. Түүнээс биш тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авч, ашигт агуулгыг нь нэмэгдүүлж бүтээгдэхүүн экспортолсон этгээдэд АМНАТ ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.
3.7. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дүгээр тушаал нь мөн даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар хүчингүй болсон байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орсноос харахад хүчингүй болсон хуулийн заалтад нийцүүлж гаргасан тайлангийн маягтаар тайлан ирүүлэхийг шаардаж, үндэслэлгүй тайлан гаргуулж байсан нь тогтоогдсон.
3.8. Татварын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06/465 тоот албан бичигт “Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолоор ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан тул АМНАТ ногдоно” гэж хариу ирүүлсэн байдаг. Дээрх хууль, Засгийн газрын тогтоолын агуулгаас харахад Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “ ..Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуульд хамааруулан ойлгож АМНАТ ногдуулах үндэслэлгүй байгаа юм.
3.9. Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9 дэх заалт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл, 3асгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлт бүртгүүлэх, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий ба хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ЕШ2023/0741 дүгээр захирамжаар “Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Г, шүүгч Т.М нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Д.Ч-г томилсон шийдвэрийг албажуулсан байх (хэргийн III хавтасны 15 дахь талд) ба үүнээс өөрөөр уг хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэр хэрэгт байхгүй байна.
4. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч даргалж, шүүгч Ө.Б, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан хэлэлцэж, 128/ШШ2023/0648 дугаар шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдоно.
5. Тодруулбал, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгч Ө.Б, шүүгч Г.У нар хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орж, шийдвэрт гарын үсэг зуржээ. (хэргийн III хавтасны 34, 51, 60 дахь талд)
6. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ