Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа Улсын яллагч Н.Амаржаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг /цахимаар/ Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Н Эд холбогдох эрүүгийн 2140000170016 тоот хэргийг 2021 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 сарын 28-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, .. настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Х аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Н Э /РД/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 01 сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд иргэн Б.Баярсайханы хонио хариулахад унаж байсан улаан зүсмийн морийг ашиглаж Х аймгийн Ж сумын 2 дугаар багт оршин суух Б.Б 35 тооны адуу буюу олон тооны малыг Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчээрлэж байхад нь нууцаар, хууль бусаар авч бусдад 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: 1.Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Холбогдсон хэргээ мэдэж байгаа, өмнө нь мэдүүлсэн, одоо мэдүүлэг өгөхгүй.” гэв. 2.Шүүгдэгч Н.Э-ийн 2021 оны 02 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Х аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух хаягтай боловч энэ өвөл Х аймгийн төвд эгчийндээ байсан. Би Х аймгаас Б суманд ирээд нилээн хэд хоноод байсан. Б сумын төв дээр байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б сумын 2 дугаар багийн нутагт байх "Нурамт" гэх газар нутаглаж байгаа Баярсайханы гэрт очсон. Баярсайханы гэрт малыг харъя, туслах малчин хийх гэж очсон. Баярсайханыд бас Батбаатар гэх туслах малчин байдаг. Би Б сумын 2 дугаар багийн нутаг "Нурамт" гэх газарт байх Баярсайханы гэрт очоод 3 хоноод байсан. 2021 оны 01 сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд Баярсайханы хонийг нь харж яваад Б сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газарт 30 гаран тооны адуу бэлчиж байгааг харсан. Тухайн үед би ганцаараа улаан зүсмийн морьтой явж байсан. Тэгэхээр нь уг адуунууд руу очоод туугаад Баярсайханы гэрийн гадаа ирсэн. "Зээгийн энгэр" гэх газар нь Баярсайханы гэрээс хойш байсан, 7-8 км зайтай байдаг. Би Баярсайханы гэрийн гадаа 30 гаран тооны адуу тууж ирээд Баярсайхан, Батбаатар 2-той нийлж байгаад хашаанд хашсан. Би хичнээн тооны адуу тууж ирснээ тоолоогүй, 30 гаран тооны адуу байсан. Баярсайхан, Батбаатар бид 3 уг адуунуудыг хашчихаад дотроос нь ухаа хонгор зүсмийн охин даага барьж аваад, ногтлоод хашаанаас нь уясан. Ухаа хонгор зүсмийн даага барьж аваад хашаанаас үлдсэн адуунуудыг гаргаад хойш нь чигтээ хөөж явуулсан. Тэгээд эргээд Баярсайханы гэрт ирэхэд сумын хэсгийн төлөөлөгч, адууны эзэнтэй хамт ирчихсэн байсан. Би мөнгөтэй болъё гэж бодоод Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчиж байсан 30 гаран тооны адуунуудыг тууж ирсэн. Би хулгайлсан адуунаасаа 1 адуу барьж аваад бусдыг хөөж явуулна гэж бодож анх хулгай хийсэн. Тэгээд Баярсайханы гэрийн гадаа хашаанд хашиж байгаад худалдаж борлуулах гэж 1 тооны охин даага барьж авсан юм. Тэгээд эзэн нь мэдэхгүй байх гэж бодоод тамгагүй охин даагыг нь барьж авсан. ...Би Батбаатар, Баярсайхан нартай үгсэн тохиролцоогүй, бүлэглээгүй. Би ганцаараа явж байгаад хөдөө хээр бэлчиж байсан адуунуудыг тууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/ 3.Хохирогч Б.Бийн 2021 оны 01-р сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн “Давхарын нуруу” гэх газарт оршин суудаг. Манайх нийт 2 азаргатай, 70 гаран тооны адуутай. Манай Халтар зүсмийн азаргатай зүүн гуяндаа хүрээтэй ширээ тамгатай нийт 35 тооны адуу Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг “Буурлын Ухаа” гэх газарт 2020 оны 11 дүгээр сараас хойш бэлчээрлэж тогтоод байгаа юм. Би тухайн Халтар зүсмийн азаргатай адуугаа 3-4 хоноод очиж хараад бүртгэдэг байсан. Манай адуу 11 сараас хойш тухайн газраа бүрэн бүтэн байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр очиж үзэхэд манай Халтар зүсмийн азаргатай адуу байхгүй болсон байсан. Би тухайн адуугаа хайгаад Ж сумын нутаг “Давхарын нуруу”, Б сумын 2 дугаар багийн нутаг “Буурлын ухаа”, “Зүүн булан”, “Цагаан толгойн хужир”, “Баянмөнхийн нуруу” гэх газруудаар 5 хоног хайж явсан. Тэгээд тухайн газраар явж байхдаа ойр орчмын айлаар орж адуугаа асууж үзэхэд сураг гараагүй. Тэгээд 2021 оны 01 сарын 18-ны өдөр Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх уулын “Баруун тахилгат” гэх газарт манай Халтар зүсмийн адууг ягаан зүсмийн морьтой хүн тууж явсан гэсэн сураг гарсан. Тэгээд би тухайн газраар өөрийн жижиг машинтайгаа явж хайсан боловч сураг гараагүй олдоогүй юм. Манай Халтар зүсмийн азаргатай нийт 35 тооны адууг Баянмөнх ууланд байсан гэснийг тухайн газрын хүмүүс харсан байдаг. Мөн ягаан зүсмийн морьтой, бор өнгийн дээлтэй хүн хөөгөөд Б уулан дотор явж байсан гэсэн. Би халтар азаргатай нийт 35 тооны адуугаа хайж 5 хоногийн турш явсан боловч олоогүй. Миний алдсан халтар зүсмийн азаргатай адуунууд зүүн гуяндаа хүрээтэй ширээ тамгатай, 35 тооны адуунд халтар зүсмийн зүүн гуяндаа хүрээтэй ширээ тамгатай азаргатай хонгор халзан, хонгор, хээр, буурал зүсмийн 14 тооны гүү, халтар зүсмийн 3 шүдлэн адуу, хээр зүсмийн 4 тооны шүдлэн адуу, хар зүсмийн 2 шүдлэн адуу, буурал зүсмийн 1 тооны шүдлэн, мөн тамгагүй хонгор болон халтар зүсмийн 11 тооны даага нийлсэн, нийт 35 тооны адуу байсан. Манай адуун дотор содон шинж тэмдэгтэй адуу байхгүй, тухайн адуу дотор 5 тооны тамгагүй даага байгаа бусад адуунууд бүгд зүүн гуяндаа хүрээтэй ширээтэй тамгатай адуунууд байгаа. Урьд өмнө би адуугаа азаргаар нь алдаж байгаагүй. Мөн манай адуу Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Буурлын-Ухаа” гэх газарт 2020 оны 11 сараас хойш тогтож тэр газартаа бэлчээрлэж байсан өөр тийшээ гүйх боломжгүй тэр газраасаа явдаггүй юм. Манай Халтар зүсмийн азаргатай адууг хүн хөөж явсан байх гэж бодож байна. Манай адуу байсан “Буурлын-Ухаа” гэх газраас урд зүгт адуу тууж явсан байж болзошгүй мөр цасан дээр үлдсэн байсан. Би тухайн алдсан адуугаа хайгаад Баянмөнх сумын 2 дугаар багийн нутгаар машинтай явж байхдаа Баянмөнх сумын малчин гэх залуутай таараад адуугаа сураглаж асуухад 2021 оны 01 сарын 17-ны өдөр манай Халтар зүсмийн азрагатай хүрээтэй ширээ тамгатай 30 гаран тооны адууг Баянмөнх уулын дунд бор өнгийн дээлтэй ягаан өнгийн морь унасан хүн хөөгөөд зүүн урд зүгт явж байсан гэж хэлсэн юм. Би тухайн үед тэр залуугийн нэрийг асуугаагүй, ямар ч байсан Баянмөнх сумын 2 дугаар багийн малчин залуу байсан надтай тааралдахдаа улаан өнгийн хятад мотоцикль унасан, цэнхэр өнгийн хүрэмтэй, хар өнгийн малгайтай залуу байсан. Малаа зах зээлийн үнэлгээ болон орон нутгийн үнэлгээгээр үнэлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/ 4.Хохирогч Б.Бийн 2021 оны 02-р сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажииллагаанд дахин өгсөн: “...Манай адуун дотор содон шинж тэмдэгтэй адуу байхгүй тухайн адуун дотор 5 тооны тамгагүй даага байгаа бусад адуунууд бүгд зүүн гуяндаа хүрээтэй ширээтэй тамгатай адуунууд байсан, би бүгдийг бүрэн бүтэн тоогоор нь хүлээж авсан. ...Гомдол санал байхгүй. Адуу эрж хайхад гарсан зардлыг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 82 дугаар хуудас/ 5.Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х аймгийн Б сумын 2 дугаар багт Баярсайхан гэх айлд мал маллаж оршин суудаг. Намайг Баярсайханы гэрт байхад Баянмөнх сумын 2 дугаар багийн харьяат Энхмөнх Баярсайханы гэрт ирээд 3 хонож байсан. Энхмөнх нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд Баярсайханы хонины бор зүсмийн морийг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ халтар зүсмийн азаргатай яг хэдэн тооны гэдгийг сайн мэдэхгүй олон тооны адууг Баярсайханы гэрийн гадаа тууж авчирсан юм. Би сүүлд Энхмөнхөөс сонсоход 30 гаран тооны адуу байсан гэж байсан. Тухайн үед би Баярсайхантай малын хашаан дээр үхрийн баас цэвэрлэж байсан. Тэгээд Энхмөнхийн тууж авчирсан адууг Баярсайхан, Энхмөнх бид 3 хамт гэрийн хойд талд байрлах малын хашаанд хашсан. Тэгээд Энхмөнх адуун дотроос хонгор зүсмийн охин даагыг уургалж бариад ногтолж хашааны гадна гаргаж уясан. Бусад хашсан адуугаа Энхмөнх хашаанаас гаргаж зүүн хойд зүгт туусан. Тухайн адуунууд хэний адуу болохыг би мэдэхгүй. Энхмөнхийг гэрийн гадаа тууж авчраад Баярсайхан бид 2-ыг энэ адууг хашилцаад өгчих гэж хэлэхээр нь халтар зүсмийн азаргатай 35 тооны адууг Баярсайханы гэрийн гадаа малын хашаанд хамт хашсан. Хэдэн тооны адуу байсныг тоолоогүй. Миний харснаар тухайн халтар зүсмийн азаргатай адуунд буурал, зээрд гүүтэй 30 гаран тооны адуу байсан. ...Би Энхмөнхийн адуу хулгай хийж байгааг мэдээгүй. Өглөө хонинд явлаа гэж яваад ирэхдээ 30 гаран тооны адуу туугаад ирсэн. Баярсайханы гэрийн гадаа адуу туугаад ирэхээр нь хашааны амыг нь нээж өгөөд хашсан. Энхмөнх өөрөө хашаанд ороод 1 тооны охин даага барьж аваад хашаанаас уясан. Тэгээд үлдсэн адууг нь хашаанаас гаргаад зүүн хойш нь хөөгөөд явсан. Энхмөнхийг адуу хөөгөөд явсан хойно сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Би Энхмөнхтэй адуу хулгай хийх талаар ярилцаагүй. Баярсайхан бид хоёрт ямар нэгэн юм хэлээгүй, олон тооны адуу тууж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 84 дүгээр хуудас/ 6.Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х аймгийн Б сумын 2 дугаар багт эхнэр хүүхдийн хамт хувиараа мал аж ахуй эрхэлж оршин суудаг. Миний багын найз болох Батбаатар манайд ирж мал маллаж амьдраад 3 жил орчим болж байгаа юм. Мөн тухайн үед манай гэрт Баянмөнх сумын 2 дугаар багийн харьяат Энхмөнх нь Б сумын төвөөс ирээд 3 хонож байсан юм. Тэгээд Энхмөнх нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай бор зүсмийн морийг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ халтар зүсмийн азаргатай 30 гаран тооны адууг манай гэрийн гадаа тууж авчирсан. Энхмөнхийн тууж авчирсан 30 гаран тооны адууг би Энхмөнх, Батбаатар нарын хамт гэрийнхээ хойд талд байрлах малын хашаанд хашиж байгаад тухайн адуун дотор байсан хонгор зүсмийн охин даагыг барьж ногтолж хашааны гадна гаргаж уясан. Тухайн адуунууд хэний адуу болохыг би мэдэхгүй. Энхмөнхийг гэрийн гадаа тууж авчирхаар нь Батбаатар, Энхмөнх бид 3 хамт адууг хашаанд хашсан. Тэгээд Энхмөнх адуунд байсан хонгор зүсмийн охин даагыг барьж уяад бусад адууг нь хашаанаас гаргаж зүүн хойд зүгт тууж явуулсан. ...Энхмөнхийг адуу хулгайлахаар явсан гэж мэдээгүй. Өглөө хонь харахаар явлаа гэж яриад үдийн хойно ирэхдээ нийт 30 гаран тооны адуу туугаад ирсэн. Энхмөнхтэй адуу хулгай хийх талаар ярилцаагүй. Би Энхмөнхтэй уулзаж ямар учиртай адуу болохыг нь асуух цаг гараагүй. Учрыг нь олоогүй байхад сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгэхэд нь хулгайн адуу байна гэдгийг ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 86 дугаар хуудас/ 7.Гэрч Б.Э-н 2021 оны 02 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...би Н.Эийн төрсөн эгч. Н.Э нь ээж Н-ын хамт амьдарч байсан. 2004 онд ээж Н нас барсан. Н.Э туслах малчнаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ 8.Иргэний нэхэмжлэгч Б.Б-ы 2021 оны 03 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б сумын харьяат Н.Э нь миний улаан зүсмийн морийг унаж яваад 30 гаран тооны адуу хулгайлж тууж ирсэн. Э-ийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гээд миний улаан морийг битүүмжилсэн. Хэрвээ хөрөнгө хураах арга хэмжээ авч морийг хураан авсан тохиолдолд би улаан морины төлбөрийг Энхмөнхөөс нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/ 9.Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШД27 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хулгайд алдсан гэх 35 тооны адууны зах зээлийн үнэлгээг 26.500.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ 10.Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 2021/ШД94 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адуу зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-93 дүгээр хуудас/, 11.Эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, 12.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/ 13.Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р багийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 04 дугаартай тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/ 14.Х аймгийн Б сумын Хэрлэн багийн малчин Н.Энхмөнхийн 2021 оны 02 сарын 19-ний өдрийн малын тооны тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/ 15.Ц овогт Нн Э-ийн иргэний мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103, 105 дугаар хуудас/ 16.Шүүгдэгч Н.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг гарахад иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч Н.Э нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 35 тооны адуу буюу 26,500,000 төгрөгний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Б.Б нь “35 тооны адуугаа бүрэн хүлээж авсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нь 35 тооны адууг хохирогчид бүрэн хүлээлгэж өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдалд тооцсон бөгөөд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү.” гэх саналыг, улсын яллагч нь “Шүүгдэгч Н.Э-ийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан байх тул шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Э-ийг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч Н.Э-д хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих ба оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мяндсан ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан зүсмийн 900,000 төгрөгний үнэлгээ бүхий морь нь иргэн Б.Баярсайханы өмч болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэг тооны морь битүүжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, морины үнэлгээ болох 900,000 төгрөгийг шүүгдэгч Н.Э-өөс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ц овогт Н-ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц овогт Н-ын Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч Н.Э-д хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч Н.Э- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мяндсан ногтыг шүүхийн шйидвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгасугай. 8.Шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 900,000 төгрөгийг шүүгдэгч Н.Э-с гаргуулж улсын орлогод оруулж, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханы 1 /нэг/ тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ