| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2021/0936/Э |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2021-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1027
2021 09 23 2021/ШЦТ/1027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Улсын яллагч Ц.Батболд,
Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н П-д холбогдох эрүүгийн 2106 00000 1623 дугаартай хэргийг 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ............................
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 07 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд ..............тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Т-н толгойн тус газар хогийн шүүрээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2106 00000 1623 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхдүүд шуугиад үймүүлээд байхаар нь би М-г цааш түлхэж холдуулаад бөгсөн дээр нь нэг удаа алгадахад Энхсаруул гадаа гарч гүйгээд гудамжинд явж байсан 3 залууг дагуулаад ороод ирсэн. Орж ирсэн 3 залуу пизда минь хүүхдүүд тайван байлга гээд над руу дайраад байхаар нь би шүүрээрээ хаалганы хоёр яс модны хооронд далайж хаалга цохиж байгаад нэг залуугийнх нь толгой руу нь цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрнаас гараад явж байтал, орцноос 10-11 орчим насны хүүхэд уйлж гарч ирээд “Ахаа надад туслаач, аав согтуу агсам тавиад манай дүүг зодоод байна” гэхээр нь өөрийн найз М болон илгээмж авч явах гэж байсан эрэгтэйн хамтаар гэрт нь ортол 30 орчим насны махлаг эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ агсам тавьж байсан. Тэр хүнд ахаа та болиоч гэж хэлэхэд тэр хүн бид нар луу салаавч гаргаад хараалын үг хэлээд байсан. Тэгээд бид нар цагдаа дуудаад ирэхийг хүлээж байхад тэр хүн бид нарыг гэрээсээ хөөж гаргах гээд шүүрээр цохих гээд байсан. Бид нар гэрээс гарах гэж байгаад би гар утсаа унагаачихсан. Утсаа авах гээд доошоо тонгойход тэр хүн шүүрний ишээр миний толгой руу цохиж гэмтээсэн. Намайг шүүхээр цохих үед нь би эсэргүүцэл үзүүлээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хойд аав Ц.Д 14 цагийн үед 1 шил архи ганцаараа уусан. Тэгээд согтуу үедээ миний төрсөн дүү П.М-гзодсон. Хойд аав Ц.Д дүүг жижиг өрөө рүү дуудаж оруулсан. Удалгүй дүү уйлж эхэлсэн. Хойд аав дүүгийн гуя руу алгадсан. Тэгээд унт гэхэд миний үгийг авахгүй, дүүгийн мөр рүү өшиглөхөөр нь би айсандаа гэрээс гараад, гадаа явж байсан 3 ахаас тусламж гуйсан. Тэгээд тэр 3 ах гэр рүү ороод аавыг болиулах гээд оролдтол, аав хөх пупволктой ахын толгой руу хогын шүүрээр цохисон. Өмнө нь 2021 оны 4 билүү 5 сард миний нүүр рүү цохиж байсан. Манай дүү нарыг өмнө нь зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг өнгөрч байхад миний охин Э над руу яриад аав дүүг зодоод байна гэхээр нь би ажлаа орхиод гэр рүү очсон. Намайг гэрт ирэхэд нөхөр П-г цагдаа нар аваад явсан байсан. Охин Э-с болсон асуудлын талаар сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дүгээр сарын 28-ны өдрийн 6691 дугаартай: 1. Б.Т-н биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т-н гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Д-ийн ял шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 07 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд .......... тоотод, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Т-н толгойн тус газар хогийн шүүрээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Т, насанд хүрээгүй гэрч Г.Э, Б.Г нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дүгээр сарын 28-ны өдрийн 6691 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Т-н биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Д-ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Д-ийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Д-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Д-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар эрүүгийн хариуцлагын саналдаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Д нь хэрэг бүртгэл мөрдөн байцалтын шатнаас хэргийн үйл явдлыг үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд хувийн байдлын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-н П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ц.Д-д оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-с 130.000 төгрөгийг гаргуулж .............. дугаартай хохирогч Х овогт Б-н Т-д олгосугай.
7. Хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА