| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01460/и/ |
| Дугаар | 101/ШШ2017/01807/и |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2017/01807/и
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/01807 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.О,
Хариуцагч: “Н прожект” ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 8.960.868 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.364.271 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Л.О-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/хт2017/00085 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.О-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.428.206 төгрөг “Н прожект” ХХК-аас гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагч биелүүлээгүй байгаа бөгөөд одоо хариуцагчаас анхан шатны шийдвэр гарсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2017 оны 03 дугаар сарын 16 хүртэлх 6 сарын хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэрт ажилд томилогдсоноос хойшхи хугацаанд сард 1.493.478 төгрөгийн дундаж цалин авч байсныг үндэслэн тооцож 8.960.686 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олговор нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч “Н прожект” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Манай компани Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/XT2017/00085 дугаар тогтоолыг биелүүлж Л.Ог ажилд эгүүлэн авах тухай тушаалыг гаргасан ба түүнд энэ тухай шуудан болон утсаар мэдэгдсэн. Гэтэл Л.О нь ажилдаа нэг ч удаа ирээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь ажилгүй байсан хугацааны цалинг өгөхийг шаардаж албан бичиг, итгэмжлэлийн хамт хариуцагчид өгч байсан. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сийн Худалдаа хөгжлийн банкны 495060941 тоот дансанд 1.678.022 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлд хариуцагч талыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Л.О нь 2016 оны 09 дүгээр сраын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан гэж 8.960.868 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны 8.960.868 төгрөгийг нэхэмжилж байгаа атлаа ажилгүй байсан гэдгээ нотолсон материалыг нотлох баримтанд хавсаргаагүй байна. Нөгөөтэйгүүр 2016 оны 12 дугаар сарын эхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь Л.Ог өөр ажилд орсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлсэн, мөн “Н прожект” ХХК-ийн захирал Б.Б-тай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүх дээр шүүх хуралдааны дараа уулзаад Л.О өөр ажилд орсон, ажилдаа орох бодолгүй байгаа гэж ярьсан. Үүнээс үзэхэд Л.О нь өөр ажилд орсон юм байна гэдэг ойлголтыг хариуцагч талд төрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “Н прожект” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Л.О нь “Н прожект” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэрээр Л.Ог ажилд нь эгүүлэн тогтоож, “Н прожект” ХХК-аас 3.428.206 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх явцад Л.О нь дараах байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу “Н прожект” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Огийн өмгөөлөгч Ш.С-ийн данс руу 1.678.022 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс руу 1.750.184 төгрөг, нийт 3.428.206 төгрөгийг татвар суутгаагүй дүнгээр шилжүүлсэн буюу татварын суутгал /нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал/ нийлээд 630.349 төгрөгийг буцаан гаргуулах, Л.Ог 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор болох 733.922 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Л.О-гийн данс руу шилжүүлэн олгосон байсан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа авах шийдвэр гарсан тул тус ээлжийн амралтын олговор болох 897.435 төгрөгийг /татваргүй дүн нь 733.922/ төгрөг, нийт 1.364.271 төгрөгийг Л.Огоос гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: “... Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5846 дугаар шийдвэрт 3.428.206 төгрөгийг нэхэмжлэгч Л.Од гаргаж өгөхөөр шийдвэрлэсний дагуу сайн дураар 1.678.022 төгрөгийг нэхэмжлэгчид гарган өгсөн бөгөөд шийдвэрт зааснаас ажилд эгүүлэн тогтоогоогүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийгээгүй, ажилгүй байсан хугацааны цалинг гүйцэд олгоогүй учир нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа одоо болтол дуусаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлгүй хөрөнгөжиж 1.364.271 төгрөг авсан үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өөрсдөө тооцож 1.364.271 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн нь сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч энэ мөнгийг хүлээн аваагүй байгаа. Хариуцагч шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр гаргаж өгөхдөө татвар, нийгмийн даатгалыг өөрсдөө суутгаж тооцон авч үлдэх учиртай. Үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй. Гэхдээ шүүх хуралдаанд гаргасан хариуцагч талын тайлбарыг үндэслэн татвар суутгаагүй дүнгээр шилжүүлсэн буюу татварын суутгал /нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал/ 630.349 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүхийн шийдвэрт заасан цалин хөлснөөс урьд ажилласан хугацаанд тооцож олгосон ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж маргаж байна. Энэ ээлжийн амралтын мөнгийг хуульд зааснаар бодож олгосон, анхан шатны шүүхэд тухайн цаг хугацаанд маргаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй, давах болон хяналтын гомдолд энэ талаар дурдаагүй атал одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь хариуцагч “Н прожект” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8.960.868 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл, хариуцагч “Н прожект” ХХК нь нэхэмжлэгч Л.Од холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.364.271 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Л.Ог хариуцагч байгууллагын материалын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/хт2017/00085 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр байна /хх-3-12/.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/025 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилсон, мөн 2017 оны 02 дугаар сарын 06, 18-ны өдрийн 01/33, 01/48 дугаар мэдэгдлүүд хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ажилд ороогүй, мөн нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сараас өөр байгууллагад ажиллаж байгаа гэж маргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргасан /хх-26-28, 67-70/ бөгөөд ажилд томилсон тушаалыг гардуулаагүй, харин мэдэгдлүүдийг шуудангаар хүлээн авсан, мөн Биеийн тамир, спортын газарт ахлах мэргэжилтнээр түр ажиллаж байгаа гэж нэхэмжлэгч тал зарим баримтыг үгүйсгэхгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч “Н прожект” ХХК-д өргөдөл гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойшхи хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийсний дараа тус байгууллагад ажиллахгүй тухай хүсэлтээ өгөх талаар дурджээ /хх-41/.
Зохигчдын шүүхэд гаргасан дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “Н прожект” ХХК нь нэхэмжлэгч Л.Ог ажилд томилох тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байх боловч 2017 оны 02 дугаар сарын 06, 18-ны өдөр байгууллагад ирж тушаалаа гаргуулахыг нэхэмжлэгчид мэдэгдсэнээс үзэхэд нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд бодитой томилоогүй гэж үзэхээр байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл гаргахдаа шүүхийн шийдвэрийг үндэслэн үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин олговор гаргуулахыг хүссэн байгаагаас гадна байгууллагаас удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд очоогүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг дурдсан хугацаанд ажилгүй байгаагүй, Биеийн тамир, спортын газарт ажиллаж байгаа гэж мэтгэлцэж байх боловч тэрээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажилгүй байсан хугацаанд нь олговор олгох үүрэгтэй болно.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилгүй байсан гэж үзнэ.
Нэхэмжлэлд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацааны цалинг сард 1.493.478 төгрөгийн дундаж цалин авч байсныг үндэслэн 8.960.686 төгрөг гаргуулах, мөн шүүх хуралдаан дээр тус шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олговор гаргуулахыг шаардсан ба ажилгүй байсан хугацаагаар тооцвол 2016 оны 09 дүгээр сард 678.854 төгрөг /1.493.478-814.624 /шүүхийн шийдвэрт олгохоор заасан//, 2016 оны 10-12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард 5.973.912 төгрөг /1.493.478*4/, нийт 6.652.766 төгрөг тооцох үндэстэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан шүүхийн шийдвэрт заасан 3.428.206 төгрөгийг татвар, шимтгэл суутгаагүй дүнгээр шилжүүлсэн тул суутгал 630.349 төгрөг, мөн шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор авсан тул ажлаас чөлөөлөхөд олгосон ээлжийн амралтын олговор 733.922 төгрөг, нийт 1.364.271 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг татвар, шимтгэл суутгаагүй дүнгээр шилжүүлснийг зөвшөөрч суутгал 630.349 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин ээлжийн амралтын олговорт олгогдсон 733.922 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нэхэмжлэгч “Н прожект” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байх бөгөөд түүнд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цалин, амралтын тооцоо 1.037.672 төгрөг олгогджээ /хх-38, 71/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж зааснаар нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор олгогдсон байх боловч шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор мөн олгогдсон байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс ээлжийн амралтын олговорт тооцож олгосон төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журмын 4, 5-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 11 сарын цалин 15.011.645 төгрөг байх ба нэг сарын дундаж цалин хөлс 1.364.695 төгрөг /15.011.645/11/, үүнээс ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс 62.032 төгрөг /1.364.695/22/дундаж жишиг//, хуульд заасан ээлжийн амралтын үндсэн хугацаагаар тооцвол 930.480 төгрөг /62.032*15/ байна. Гэвч хариуцагч суутгалгүй дүн 733.922 төгрөг нэхэмжилсэн байх тул уг үнийн дүнгээр шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н прожект” ХХК-аас 6.652.766 /зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.308.102 төгрөг болон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Огийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Н прожект” ХХК-д даалгасугай.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Огоос 733.922 /долоон зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан хариуцагч “Н прожект” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.О хариуцагч “Н прожект” ХХК-д 630.349 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 158.324 төгрөг, хариуцагчийн төлсөн 36.778,34 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н прожект” ХХК-аас 121.394 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлөгдсөн 144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Од, нэхэмжлэгч Л.Огоос 36.778,34 төгрөг гаргуулан хариуцагч “Н прожект” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШЗ2017/05940 | Улаанбаатар хот |
Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг
хойшлуулах тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банк төв байр хаягт байрлах “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Разно импекс гудамж, 30 дугаар байр, 15 тоотод оршин суух Шарайд овогт Батмөнхийн Хүрэлтогоо /РД:ХВ58061884/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... Нэхэмжлэлийн шаардлагаа 88.145,58 төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Хүрэлтогоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 88.145,58 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хүсэлтийг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй ба нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах, тайлбар гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Хүрэлтогоод нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулахыг шүүгчийн туслах Б.Батцэнгэлд даалгасугай.
2. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хүрэлтогоод холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсугай.
3. Шүүгчийн захирамжид зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА