Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1028

 

 

 

 

 

 

   

    2021       09         23                                   2021/ШЦТ/1028

 

    

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Хохирогч Э.Ц,

Шүүгдэгч М.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт M-н М-д холбогдох эрүүгийн 2106 02321 1666 дугаартай  хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд .............. тоот гэртээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч Э.Ц-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, улмаар түүний биеийн эрүүл мэндэд зүүн  зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нөхрийн хамт найзынхаа төрсөн өдөрт очсон. Бид хүүхэд рүүгээ явах гэтэл хүмүүс явуулахгүй манай нөхрийг авч үлдэх гээд байсан учраас би уурлаж хоорондоо маргалдсан. Жижиг зүйлээс болж маргалдсандаа харамсаж байна. Миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2106 02321 1666 дугаартай хэргээс:

Шүүгдэгч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ц-тэй маргалдаж түүний нүүрний зүүн нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч М.М-тэй хамт пиво ууж…Баянзүрх дүүргийн ........... тоот гэртээ ирээд М.М-тэй маргалдаж…миний нүүрний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Дараа нь баруун хацарт гараараа нэг удаа алгадсан…шүүхийн дүгнэлтээр гарсан гэмтлүүдийг М.М гараараа цохиж гэмтэл учруулсан. ... М.М-тэй архи дахиж уух уухгүйгээс болж маргалдаж муудалцсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2021 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд, ........ тоот  хаягт гэр бүлийн маргаан болоод байна гэх дуудлагын дагуу хаягаар очиж шалгахад Э.Ц гэх эмэгтэй согтууруулах  ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай , мэдүүлэг өгөх чадваргүй, гэрт нь бага насны хүүхэд байхгүй, гэрийн дотор эмх цэгцтэй байсан . …Э.Ц-ын зүүн шанаа нь хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6597 дугаартай “1.Э.Ц-ын биед зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.М-н ял шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.М-н холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 19-387 тоот гэртээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч Э.Ц-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн  зовхи, хацар , шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.М-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Ц-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6597 дугаар дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч М.М-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Мөнхбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчаас шүүгдэгч М.М-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Мөнхбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М-н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч М.М-н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ц нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт M-н М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.М-н оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.М-н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Ялтан М.Мнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ц нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.САНЖИДМАА