Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1097

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овгийн Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0971 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овгийн Д.Э, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа гар утас худалдаалдаг ажилтай, ам бүл нэг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***,

-урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Ч.Б-тай “гэртээ харихгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, духанд зулгаралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, З овгийн Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Ч.Б-тай “гэртээ харихгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодод нь “хамрын ясны хугарал, духанд зулгаралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;

2. Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний орой 04 цаг 30 минутад хүлээн авсан талаарх тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас), дээрх дуудлагыг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас);

3. Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Д-ийн төрсөн өдөр болж байсан. Найз Э орой 20 цагийн үед намайг талбайн хажууд байрлах (нэрийг нь санахгүй байна) газарт хүрээд ирээч гэхээр нь очсон. Очиход Э, Д болон түүний найзууд гэх 6-7 залуучууд байсан. Би очоод хоёр пиво уусан. Гарахад Т гэх найз жолоо барих гээд гадна ирчихсэн байсан. Би Т-өөр жолоо бариулаад Э, Д болон Д-ийн нэг найз бид нар нэг машинд цуг суусан. Үлдсэн хэдэн залуучууд өөр машинд суусан. Саппорогийн хойд талд байрлах ** гэх бааранд орсон. Бааранд ороход шөнийн 00 цаг болж байсан. Тухайн баарны караокед шөнийн 02 цаг хүртэл суусан. Тэр хугацаанд бид 9 үүлээ 2-3 шил архи уусан байх. Баарнаас гарахад нөгөө залуучууд бүгд явчихсан байсан. Э, Т бид гурав хойшоо Саппоро тал руу зам зам гарсан. Э гэртээ харихгүй хүнтэй маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би Э-г гэртээ харчих гэж хэлсэн. Э намайг хараагаад байхаар нь шанаа хэсэг рүү нь гараараа боль гээд цохисон. Тэгтэл миний нүүр хэсэг рүү нэлээд хэдэн удаа цохисон. Би газарт уначихсан байхад хөлөөрөө өшиглөөд байсан. Төгсөө салгаад би цагдаа дуудсан...хамраас цус гарсан байсан. Гэмтлийн эмнэлэг ороход хамар хугарчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

4. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн цэнгээний газраас 03 цагийн үед Э, Б нарын хамт гарсан. Тухайн үед байсан залуучууд гэр гэр лүүгээ явцгаасан. Би дуудлагын жолооч дуудчихаад хойшоо Саппорогийн автобусны буудал руу Э, Б нарын араас зам гарсан. Зам гарсны дараа Б Э-ыг түлхээд замаас гарсан. Би тухайн үед маргалдсан асуудлын талаар мэдэхгүй байна, ард нь жаахан зайтай явж байсан учраас. Гэнэт Э Бын цээж хэсэг рүү нь гараараа түлхэхэд Б Э-ын нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Э урдаас нь нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би салгасан. Цагдаа нар ирээд Э-ыг аваад явсан...тухайн асуудал Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн хойд талын автобусны буудал дээр болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8563 дугаартай шинжээчийн: “...Ч.Б-ын биед хамрын ясны хугарал, духанд зулгаралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б намайг Саппоро үйлчилгээний төв рүү зам гарсны дараа чи яагаад замаар удаан гараад байгаа юм бэ, хурдан гар гэж хэлснээс болоод бид хоёр маргалдсан. Би гараараа Б-ын нүүрэнд 2-3 удаа цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Д.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-86 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 45 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), мэргэшсэн жолоочийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 50-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Б нь “эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч нь гомдол саналгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангаж чадна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Ч.Б-т 500,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.З овгийн Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Ч.Б-т 500,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА