Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1098

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ (томилолтоор), шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001357 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н овгийн Б.Б, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян-Уулын 29 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6 дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Да хүрээ зах орчмоос өөрийнх нь жолоодон явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан иргэн З.О-ыг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 4 дүгээр гудамжны *** тоотод хүргэхээр явах үедээ “гэрээ зааж өгч чадахгүй байна, танайхан руу утсаар чинь яриадахъя” гэж хэлэн утсыг нь авч хохирогч З.О-ыг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Содон хорооллын арын замд машинаас буулган, гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Н овгийн Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Да хүрээ зах орчмоос өөрийнх нь жолоодон явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан иргэн З.О-ыг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 4 дүгээр гудамжны *** тоотод хүргэхээр явах үедээ “гэрээ зааж өгч чадахгүй байна, танайхан руу утсаар чинь яриадахъя” гэж хэлэн утсыг нь авч түүнийг машинаас буулган, гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон юм...” гэсэн мэдүүлэг;      

2. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн З.О-аас цагдаагийн байгууллагад гаргасан "...миний бие 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Да хүрээ захаас Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд гэртээ хүргүүлэх гэж такси барьсан. *** дугаартай машины жолооч миний Samsung S7 маркийн гар утсыг авч зугтаасан тул хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэсэн гомдол (хх-ийн 2 дугаар хуудас);

3. Хохирогч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 12 цагийн орчим Да хүрээ захаас такси бариад таксины жолоочид Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн ** тоотод байх гэр лүү хүргээд өг, очоод хүүхдээсээ мөнгө аваад өгье гэж хэлсэн чинь таксины жолооч намайг гэрээ тодорхой зааж өгөхгүй байна гээд миний утсаар хүүхдүүдтэй ярьж байх шиг байсан. Би газраа зааж мэдэхгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны хажууд очвол гэрээ заагаад өгч чадна гэж хэлсэн чинь Содон хорооллын наана очоод “та бууж бай” гэж хэлж буулгаад миний утсыг өгөлгүй шууд яваад өгсөн. Би цагдаад хандсан. Би тухайн жолоочийг харвал танина. Миний гар утас Samsung S7 маркийн гар утас байсан. 2021 оны хавар 150,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас);

4. Гэрч Ч.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... найз залуу Б-ийн хамт таксинд явж байгаад шар хадны 2 дугаар буудлаас нэг ахыг авсан. Тэр хүн гэрээ зааж өгч мэдэхгүй байсан. Ахаа гэр чинь хаана юм бэ гээд заасан газар луу нь явсан. Худлаа заагаад байсан болохоор зам дээр буулгаад явсан. Би тэр үед найз залуу Б-д болио, гар утсыг нь авч яах юм гэж хэлсэн боловч Б мөнгөө авна гэж хэлээд уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8, 14 дүгээр хуудас);

5. Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр найз О бид хоёр манай гэр буюу Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ хотхоны *** байрны 2 тоотод ирсэн. Бид хоёр 19 цагийн үед гэрт ирээд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад түүнийг “манай гэрт хоноод явчих” гэж хэлсэн чинь О “гэр лүүгээ явна, харина” гээд байхаар нь би таксинд суулгаж өгөх гэж зам руу гарсан. ***гэсэн улсын дугаартай жижиг машин ирэхээр нь таксины жолоочид хандаж “хүргээд өгөөрэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, Цамбагаравт гэр нь байдаг...” гэж хэлж явуулчхаад гэр лүүгээ орсон. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр О над руу залгаад өчигдөр би ямар машинд сууж явсан юм бэ, тэр машины жолооч миний гар утсыг аваад намайг гудамжинд үлдээгээд явсан. Машины дугаарыг харсан уу гэж асуухад би дугаарыг нь хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);

6. Эд зүйл хураан авсан тухай: “.. Б.Б-ээс хар гэртэй, ар тал, урд талын шил хагарсан Samsung S7 маркийн гар утсыг хураан авав” гэсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 30-39 дүгээр хуудас);

7. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “хар өнгийн Samsung S7 маркийн гар утас-150,000 төгрөг” гэсэн тайлан (хх-ийн 55-56 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр найз охин А-ны хамт *** улсын дугаартай машинтай таксинд явж байхад Шар хадны ойролцоогоос нэг эрэгтэй хүн суусан. Бас нэг эрэгтэй хүн тэр ахыг миний машинд суулгаж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын Замын цагдаагийн хажууд ирээд таксинд суусан ахад гэрээ зааж өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр ах замын цагдаагийн хажуугаар дээшээ яваарай гэхээр нь дээшээ эргээд явж байтал биш байна буцаарай гээд зөндөө явуулсан. Тэр ахын утсаар эхнэртэй нь, хүүхэдтэй нь холбогдсон. Дахин нэг эгчтэй холбогдсон чинь Увс аймагт байна, наад хүнээ гэрт нь хүргээд өгөөрэй, эгч нь хэд хоногоос мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэр хүнийг таксины мөнгөө өгөөд гар утсаа аваарай гэж хэлээд гар утсыг нь аваад гудамжинд буулгаад үлдээсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64 дүгээр хуудас), оршин суугаа газрын лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 70-72 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 58-63 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 96-99 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 273 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрэмдэх гэмт хэргийн халдлагын зүйл болох гар утсыг 150,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.О нь “шүүгдэгч миний гар утсыг буцааж өгсөн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйхэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Н овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА