Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч Х.Ө,

хохирогч  М.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Е.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.б овогт Е-ын Е-т холбогдох эрүүгийн 2113001390138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Ш.б овогт Е-ын Е-, 1999 оны 06 дугаар сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн ....... сумын .... дугаар баг, .... бах, ..... дугаар гудамж, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ.............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.Е- нь 2021 оны 09 дүгээр сарын 08-аас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах М.А-ийн эзэмшлийн “Сагсай гол” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 659.000 төгрөгийн эд зүйл, бэлэн 70.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Е.Е- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

2. Хохирогч М.А- мэдүүлэхдээ: “Надад учирсан хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001390138 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

  1. Мөрдөгчөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үүссэн гутлын мөрийг бэхжүүлсэн байдал /хх-ийн 6-12/,
  2. Е.Е-ийн өмсөж явсан пүүзэн гутлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36/,
  3. Хохирогч М.А-ийн эзэмшлийн “Сагсай гол” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийг Е.Е-ээс хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 14-15,18-19, 20- 27/
  4. Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43, 46/,
  5. Гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/,

6. Шүүгдэгч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95/,

7. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Р-гийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/35 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-81/,

8. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Е-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Е.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Е.Е- нь 2021 оны 09 дүгээр сарын 08-аас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах М.А-ийн эзэмшлийн “Сагсай гол” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 659.000 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө 70.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Мөрдөгчөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үүссэн гутлын мөрийг бэхжүүлсэн байдал /хх-ийн 6-12/,

- Е.Е-ийн өмсөж явсан пүүзэн гутлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36/,

- Хохирогч М.А-ийн эзэмшлийн “Сагсай гол” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийг Е.Е-ээс хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 14-15,18-19, 20- 27/,

- Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай гэрийн хаалгаар ороход үүдний жижиг коридор байдаг. Уг коридороор дамжин ороход гал тогооны өрөөний ширээнд байсан даралт хэмждэг бугуйн цаг, зурагтын тавиуранд байсан самсунг загварын саарал өнгийн нөүтбүүк, түүний хажууд байсан самсунг s5 загварын гар утас, гар утасны хажууд байсан хэтэвчнээс 10.000 гаруй мянган төгрөг, унтлагын өрөөнд байсан Аймөлдирийн хичээлийн хэрэгсэлтэй улаан өнгийн цүнхийг аваад дэлгүүрээр дамжиж ордог жижиг унтлагын өрөөний орон дээр дэвтэр, номыг гаргаж тавиад аваад явсан байсан. Харин дэлгүүрээс миний тооцоолж байгаагаар “Сhаngе еssе” нэртэй тамхинаас 20 хайрцаг, “Парламент” нэртэй тамхинаас 10 хайрцаг, “Саster” нэртэй тамхинаас 10 хайрцаг, нийт 3 нэр төрлийн 40 хайрцаг тамхи алдагдсан. Гүйлгээний мөнгө хадгалж байсан цаасан хайрцгаас тухайн өдрийн орлогын мөнгийг авсан байсан. Задгай мөнгөн дэвсгэртүүд байсан. Тухайлбал уг хайрцагт 1000, 500, 100, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг өдөр бүр үлдээдэг байсан ба уг задгай мөнгийг дараа дараагийн өдрүүдэд гүйлгээний хариулт болгож ашигладаг байсан. ...Гэрт байсан хэтэвчнээс бүхэл 10.000 төгрөг, задгай 10 гаруй мянган төгрөг, нийт 21.000 төгрөг, дэлгүүрт задгай мөнгө хадгалж байсан хайрцагт байсан 49.000 төгрөг, нийт 70.000 төгрөг алдагдсан гэж тооцоолж гаргаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43, 46/,

- Гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Уг дэлгүүрийн эзэн нь Казахстан улсад байдаг. Миний ах болох Жархынбек тухайн дэлгүүрийг түрээсээр авч ажиллуулж байгаа. Ах маань 2021 оны 07 дугаар сарын дундуур Улаанбаатар хот руу явж, 09 дүгээр сарын сүүлээр ирсэн. Миний ах Улаанбаатар хотод байсан үед уг дэлгүүрийг миний бие хариуцаж ажиллаж байсан. Ах маань байхгүй байсан үед уг дэлгүүрт надаас өөр хүн ажиллуулж байгаагүй.

... Миний бие дэлгүүрт байсан үед гаднаас үл таних залуу орж ирээд “би хотоос тамхи авахуулж зарж байгаа хүн байгаа юм, та нар тамхи авах уу” гэж асуухаар нь миний бие тэр залуугаас тамхи худалдаж авсан нь үнэн. Тэр үед би тэр залуугаас “та гэрээт борлуулагч уу” гэж асуухад тэр хүн надад “би гэрээт борлуулагч биш, өөрөө хотоос тамхи авахуулаад худалддаг” гэж хэлсэн.

... Би сайн санахгүй байна. Ямар ч байсан “Еssе”, “gaster”, “парламент” нэртэй тамхи байсан байх. Тухайн үед үнийг нь тооцож үзээд нэг зуугаад мянган төгрөг өгсөн байх. Тэр үед ямар төрлийн, хэдэн ширхэг тамхийг, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Учир нь архи, тамхи, хэрчсэн гурил, талх зэрэг жижиг бараануудыг хүмүүс дэлгүүрт авч ирсэн үед бид нар худалдаж авдаг болохоор тэр залуугийн авч ирсэн тамхийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би тэр үед тамхи худалдаж аваад мөнгөө бүрэн өгөөд явуулсан. Тийм болохоор бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.

...худалдаж авсан тамхи болон бусад бараанууд зарагдаж дуусаад шинээр бараа авсан байгаа. Тийм болохоор тухайн үед худалдаж авсан тамхинууд одоо манай дэлгүүрт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- Шүүгдэгч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайх Өлгий сумын 12 дугаар багт оршин сууж амьдардаг. Тэгээд шөнө оройн цагаар “Сагсай гол” нэртэй дэлгүүрээс юм авах үед хашаанд ороод цонхоор нь юм худалдаж авдаг байсан. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед тамхи авах гэж “Сагсай гол” дэлгүүрийн хашаанд ороод хаалгыг нь тогшсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Дараа нь цонхонд нь очоод дотогшоо харахад ямар ч хүнгүй байсан ба гэрэл нь асаалттай байсан. Тэр үед тухайн гэрт хүн байхгүй юм байна гэдгийг мэдээд үүдний амбаарын цонхны салхивчийг хүчтэй татсан үед цонх онгойлгогдсон. Дотор нь байсан хамгаалах сараалжин төмрийг дотогшоо түлхсэн үед сул байсан тул тухайн салхивчаар дотогшоо нэвтэрч, гал тогооны өрөөнд орж ирэхэд ширээн дээр нь байсан даралт хэмждэг бугуйн цаг, зурагтын тавиурт байсан нөүтбүүк, түүний хажууд байсан гар утсыг авсан ба тэнд байсан түрийвчийг онгойлгож үзэхэд 10,000 төгрөг байсныг авсан. Дараа нь унтлагын өрөөнд нь орж үзэхэд хүүхдийн улаан өнгийн цүнх байсан тул тухайн цүнх дотор байсан дэвтэр номыг гаргаж тавиад хулгайлж авсан нөүтбүүк, гар утас, даралт хэмжих цагийг тухайн цүнхэнд хийж авсан. Дараа нь дэлгүүрт ороод тамхины лангуунд байсан тамхинуудаас 10 хайрцаг “Сhаngе еssе”, 10 хайрцаг энгийн “еssе”, 10 хайрцаг “Парламент”, 10 хайрцаг “Gastег” нийт 40 хайрцаг тамхийг цүнхэндээ хийж авсан ба тамхины лангууны доод талд байсан хайрцгаас задгай 10,000 төгрөг, мөн лангууны дунд байсан цаасан хайрцгаас 10,000 төгрөг хулгайлж аваад хаалгаар нь гараад явсан. Өөрөөр хэлбэл миний бие 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Өлгий сумын 12 дугаар багт байрлах “Сагсай гол” нэртэй дэлгүүртэй айлын үүдний амбаарын цонхны салхивчаар хууль бусаар нэвтрэн орж, байшингийн гал тогооны өрөөний ширээн дээр нь байсан даралт хэмждэг бугуйн цаг, зурагтын тавиурт байсан нөүтбүүк, түүний хажууд байсан, гар утас, унтлагын өрөөнөөс хүүхдийн цүнх, дэлгүүрээс 40 хайрцаг тамхи, 30,000 төгрөг бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би маш их гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Р-гийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/35 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 78-81/,

- Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авсан мөрдөгчийн “...самсунг загварын саарал өнгийн ажиллагаа хэвийн Нөүтбүүк, цэнэглэгчийн хамт, самсунг s5 загварын хар өнгөтэй, хар өнгийн кейстэй /гадар/ гар утас, загвар нь тодорхойгүй цэнхэр өнгийн оосортой, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, иргэн Е.Е-ийн өмсөж явсан niке брэндийн үдээстэй, хар өнгийн пүүз 2 ширхэг 1 хос гутлыг хураан авах ажиллагаанд оролцогч Е.Е- нь төрийн албан хэрэг хөтлөх хэл бичиг үсэг мэдэхгүй тул хэлмэрч, цагдаагийн ахлагч Т.Батыраар хэлмэрчлүүлж тус тус хураан авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Е.Е- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч М.А-т хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь иргэн М.А-ийн эзэмшлийн “Сагсай гол” хүнсний дэлгүүрт хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь эд хөрөнгөө бусдаас хамгаалах зорилготой хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Е.Е-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Е.Е-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-т 498,600 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан гэх эд зүйлсийг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн, мөн бэлнээр авсан гэх 130.000 төгрөгийг хохирогч М.А-т төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогч М.А-т төлөх төлбөргүй гэж үзнэ.

6.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “2 жилийн хугацаагаар хорих” ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Е-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Е.Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Е.Е- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Е.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан гэмт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйг авч үзэв.

Шүүгдэгч Е.Е-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Е.Е-т оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Е.Е-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

7. Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Е.Е-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Е.Е-ийн өмсөж явсан гэх “Nike” брэндийн, үдээстэй, хар өнгийн, нэг хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Е.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

“А-Б” ХХК-ын 20221 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-21-160 дугаар шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Е.Е- нь 20 хайрцаг “Esse” нэг бүрийн үнэ 3800 төгрөг, нийт 76000 төгрөг, 10 хайрцаг “Parlament” нэг бүрийн үнэ 4300 төгрөг, нийт 43000 төгрөг, 10 хайрцаг “Gaster” нэг бүрийн үнэ 5500 төгрөг, нийт 55000 төгрөг, бүгд 174.000 төгрөгийн тамхи хулгайлсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ямар ч байсан “Esse”, “Gaster”, “Parlament” нэртэй тамхи байсан байх. Тухайн үед үнийг нь тооцож үзээд нэг зуугаад мянган төгрөг өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, шүүгдэгч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...40 хайрцаг тамхийг маргааш нь Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Ж” нэртэй дэлгүүрт аваачиж 100,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Е.Е- нь энэ гэмт хэргийн улмаас 100,000 төгрөгийн ашиг олсон байна гэж үзлээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Е-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.б овогт Е-ын Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Е.Е-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Е-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Е.Е-ийн өмсөж явсан гэх “Nike” брэндийн, үдээстэй, хар өнгийн, нэг хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Е-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.    

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Е.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК