| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/143 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А,
Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Т-ы М-д холбогдох эрүүгийн 2113000000172 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн .... сумын .... дүгээр багт түр оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Т-ы М-, регистрийн дугаар: БА.......
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 3-4 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч В.Б-Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Т.М- мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000172 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч В.Б-Э-эний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 02-07-рх/,
2. Гэрч П.В-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-рх/,
3. Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15- 16-рх/,
4. Шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 501 дугаартай дүгнэлт, /хх-ийн 22-23-рх/,
5. Шүүгдэгч Т.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Т.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.М-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 3-4 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч В.Б-Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:
- Хохирогч В.Б-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр маань 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед ажлаас гэртээ ирсэн. Тухайн үед манайд Буянт сумаас ирсэн аав болох П.В- болон бэргэн эгч Г.А-, танил болох Ц-, охин Хосцэцэг нар байсан. Тэгэхэд нөхөр Т.М- нь гаднаас 2 шил 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч ирж задалсан. Уг архийг Г.А- эгч, Ц-, нөхөр Т.М- 4-лээ хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгсэн Ц- гэх залуу унтахгүй яриад байсан болохоор Т.М- босч түүнтэй маргалдаж хэрүүл үүсгэхээр нь би нөхөр лүү хандаж наад залуу согтуу байна, чи ч гэсэн согтуу байна, унтаж амар гэхэд надтай маргалдсан. Улмаар гараараа нэг удаа миний зүүн талын нүд рүү цохиж, хоолой хэсгээр боосон. Тэгж байтал Ц-, Г.А- хоёр манай гэрээс гараад явсан. Тухайн үед аав болох П.В- нь Т.М-ыг салгаж болиулсан. Тухайн үед 04 цаг өнгөрч байсан ба нөхөр Т.М-ыг унтуулах гэсэн боловч хүч өгөхгүй агсам тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Зүүн талын нүд хөхөрч хавдсан. Мөн хүзүү хэсгээр шалбарсан шархтай байна. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 02-07-рх/,
- Гэрч П.В-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэг мэдэхэд Т.М- агсам тавьж Ц- гэх залуутай хэрүүл маргаан гаргаж, улмаар эхнэр В.Б-Э-этэй маргалдаад түүний барьж аваад нүүр лүү нь гараараа цохих шиг болохоор нь би босоод тэр хоёрыг салгаж авсан. Тухайн үед Г.А-, Ц- хоёр гэрээс гараад явсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-рх/,
- Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.М-, В.Б-Э-э нар хоорондоо маргалдаж, улмаар босч ирээд Т.М- нь Ц- гэх залуутай хэрэлдэж маргалдаад байхаар нь би болиоч та нар унтаж амраач гэж хэлэхэд миний үгэнд ороогүй, хэсэг маргалдаад хэрүүл маргаан үүсээд байхаар нь би тэдний гэрээс гараад 1 цаг гаруй гадна сууж байгаад эргээд ороод ирэхэд Ц- гэх залуу явсан байсан. В.Б-Э-э, Т.М- нарыг цагдаа нар дагуулаад явсан байсан. ...Чухам яаж зодсон эсэхийг асуугаагүй. Би өөрөө ч хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рх/,
- Шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...иргэн В.Б-Э-ий биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацар шархтай гэмтлүүд тогтоогдлоо. ...В.Б-Э-ний дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 501 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-рх/,
- Шүүгдэгч Т.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг хоёр шил архийг Г.А-, Ц-, эхнэр В.Б-Э бид хэд хувааж уугаад 23 цаг болж байхад унтаж амарсан. Тэгсэн Ц- ах унтахгүй, агсраад байсан болохоор би босоод унтаж амар, нэг бол яваад өгөөч унтах цаг болсон байна. Бусдын амгалан тайван байдлыг битгий алдагдуулаад байгаач гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан гаргасан. Тэгж байтал эхнэр над руу хандаж, унтаж амар гэхээр нь бид хоёр хоорондоо маргалдаж, би согтуу байсан учраас эхнэрийн зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиж, бид хоёр хэрүүл маргаан гаргасан. Ингээд эцэст нь цагдаа нар ирж авч яваад эрүүлжүүлсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Согтуу байсан болохоор өөрийгөө барьж чадалгүй эхнэртэй маргалдаж ийм зүйл болсон. Дахиж ямар нэгэн асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-рх/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4.Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Т.М- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.М-ы үйлдлийн улмаас хохирогч В.Б-Э-ий биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Т.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Б-Э-ий биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон боловч түүний уг үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго бүхий нөхцөл байдлуудыг хамааруулж ойлгоно.
Харин шүүгдэгч Т.М-ы хувьд тухайн цаг мөчид согтуугаар, эхнэр В.Б-Э-ий биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго, шинжгүй байх тул түүний бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
6. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйл хэсгээр ял шийтгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Т.М-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Т.М- нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М-д улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Шүүгдэгч Т.М-д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч Т.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч Т.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй
7. Бусад асуудлаар.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Т-ы М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК