Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 52

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Ч.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Унзад овогт Чулууны Анхбаярт холбогдох эрүүгийн 201615000162 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Унзад овогт Чулууны Анхбаяр /РД: Й379070213/

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үөдээ 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 21 дүгээр гудамжинд иргэн Д.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар дух, цээж, зүүн шуу болон зүүн гуян тус газар нь хутгаар зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ч.Анхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тэр өдөр би Улаанбаатар хот явах гэж гэрээсээ гарсан байсан. Тэгээд 18 цагийн үед тэр айлаас гараад зах ороод захаас хойш нэг айлд очсон. Тэгээд буцаж зах орчихоод нөгөө айл руугаа 23 цагийн үед буцаад явж байтал тэр хүмүүсийн мотоцикль нь уначихсан байсан. Би мотоциклийг нь босгож өгөхдөө санамсаргүй алдаад унагачихсан. Түүнээс болоод намайг цохисон. Тэгээд би тэр хүмүүстэй барилцаж аваад л маргаан болсон. Түүнээс болж л ийм хэрэг хийсэн гэв.

Хохирогч Д.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн замын хажуугийн засварын газар гагнуур хийдэг. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед ажлаа хаагаад сэлбэгийн дэлгүүр рүү орчихоод буцаад гараад ирэхэд засварын газрын хоёр залуугийн мотоцикль хажуу тийшээ уначихсан, мотоциклийн дэргэдээс нэг залуу гудамж чиглээд явж байхаар нь би араас нь хөөе чи мотоцикль унагачихлаа шүү дээ, босгооч гэхэд тэр залуу ирээд босгохдоо мотоциклийг нөгөө тийш нь унагачихсан. Тэгэхээр нь би ямар хачин архичин энүүгээр яваад байгаа юм бэ? гээд засварын газар руу буцаж ороод дотор байсан хүмүүст гадуур хулгайч юм уу, юу нь мэдэгдэхгүй согтуу юмнууд яваад байна. Мотоциклийг чинь сая унагачихсан байна гэж хэлчихээд харихаар гараад засварын газрын булан тойртол нөгөө мотоцикль унагасан залуу намайг заамдаж аваад чи надаар мотоцикль босгуулдаг хэн юм бэ? гээд миний хамар руу цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад ноцолдож байтал тэр залуу миний дээр гарчихаар нь би хашгирсан. Тэгтэл засварын газраас Дондов гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би Дондовын хамт гудамж өгсөөд гэр рүүгээ явсан. Тэр залуу ч Дондов бид хоёрын өмнө явж байгаад цаашаа гүйгээд айлын хашаа даваад орчихсон. Тэгтэл Дондов намайг та одоо ойрхон юм чинь яваад гэр рүүгээ орчих гээд надаас салаад явсан. Намайг Дондовоос салаад гэрийнхээ гадаа ирээд хашааныхаа хаалгыг доод талаар нь онгойлгохоор явган сууж байтал ард нэг юм дуугарахаар нь суугаагаараа эргээд хартал нөгөө залуу /Анхбаяр/ миний зүүн талын гуя руу юмаар цохих шиг болохоор нь би босоод чи яах гээд байгаа пизда вэ? гээд өндийхөд дух руу цохих шиг болсон. Дух руу цохьчихоор нь махаа газар тавиад өндийхөд тэр залуу цээж рүү далайхаар нь гараараа хаатал гар юмаар зүсчих шиг болсон. Тэгээд тэр залууг барьж авах гэтэл ахиад юмаар дух руу цохьчих шиг болсон. Тэгэхээр нь би гарнаас нь барьж автал миний духнаас цус гарахад тэр залуу гараа татаж аваад зугтаасан. Тэгээд л би гэртээ ороод эмнэлэгт хүргэгдсэн. Ч.Анхбаяр нь эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  Би Ч.Анхбаяртай сайн дураараа эвлэрч, хохиролгүй болсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-ийн 37-38 хуудас/

 

         Гэрч Д.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бид нарыг гэртээ унтаж байтал гэрийн хаалга онгойлгоод хүн ороод ирсэн. Гэрийнхээ хаалгыг цоожлоогүй байсан юм байна лээ. Манай гэрлийн унтраалга манай нөхрийн дээр байдаг болохоор гэрлээ асаагаагүй. Би Анхааг яваагүй юм байна даа гээд өндийтөл Анхбаяр гал зуухны эргэнэг онгойлгоход манай нөхөр чи юу эрээд байгаа юм бэ? гэхэд
Анхбаяр юу ч эрээгүй гэж хэлчихээд буцаж хаачихаад гараад явчихсан. Гэрээс
гараад Анхбаяр нь наашаа хүрээд ир гэж хашгирах шиг болохоор нь охин
Гантуяа Анхбаярыг харахаар гэрээс гараад буцаж орж ирэхдээ юу ч алга байна гэж хэлсэн. Тэгтэл байшинд унтаж байсан манай хүү Бямба орж ирээд хашааны хаалга юун хүмүүс нүдээд байгаа юм бэ? гэхээр нь бид хоёр Анхаа ах чинь хүн зодчихсон юм уу, тархи толгойг нь хагалчихсан байна гээд байна. Анхаа ах чинь байшинд ороогүй биз? гэхэд Бямба Анхаа ах байшин дотор л хэвтэж байна шүү дээ гэж хэлээд буцаад гараад явсан. Бямба гэрт орж ирээд цагдаа нар аваад явчихлаа. Анхбаяр ах хүн дүрчихсэн юм биш үү. Намайг байшинд ороод Анхбаяр ахаас юу болсон талаар асуухад мотоцикль босгоод өгөөч гэхээр нь би босгож өгтөл намайг бүгдээрээ элбээд зодохоор нь би уурандаа хүн дүрчихлээ гэж байсан. /хх-ийн 40-41 хуудас/

 

         Гэрч Л.Батболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд гаднаас аав гүйгээд дуу алдаад л духаа дараад ороод ирсэн. Тэгээд босоод хартал духнаас нь их хэмжээгээр цус гарч байсан. Аав Лхагвадоржоос юу болсон талаар асуухад араас хүн ирээд ийм
болгочихлоо гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гараад аавын ажилладаг газар нь
гүйгээд очтол Балдандорж нэг хүний хамт байсан. Тэгээд тэд нарт аавыг хүнд
зодуулсан талаар хэлээд хэн зодсоныг нь асуухад аав чинь харихаар гарахдаа нэг
хүнтэй таараад маргалдсан. Тэр хүн нь гадаа байсан мотоциклиудыг унагаасан юм шиг байна гэхээр нь манай аавыг зодсон гэх залуу хаашаа орсон бэ? гэхэд тэр хашааг даваад орсон гээд нэг хашаа зааж өгөхөөр нь гэртээ орчихоод буцаад тэр хашааны хажууд зогсож байтал нэг хүн гэтэж яваад тэр хашаанд байх байшин руу орж байсан. Тэгэхээр 102 дуудаад цагдаа нарыг иртэл тэр айлын гадаа зогсож байгаад цагдаа нартай цуг ороход манай аавыг зодсон гэх залуу шалан дээр унтчихсан, хутгаа ширээн доогуур хийчихсэн байсан. /хх-ийн 42 хуудас/

 

         Гэрч О.Бямба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг зуны байшиндаа дүү Алтангадасын хамт унтаж байтал хашааны хаалга дуугарахаар нь босоод цонхоор хартал Анхбаяр ах хашаанд орж ирж байхаар нь буцаад орондоо ороод хэвтэж байтал 5-10 минутын дараа байшинд орж ирээд ширээний цаана очиход нь би яасан агаа? гэхэд Анхбаяр ах яагаа ч үгүй гээд ширээний цаана хэвтсэн. Тэгээд байж байтал дахиад хашааны хаалга дуугараад байхаар нь босоод гэр рүүгээ ороход аав надаас Анхаа агаа чинь байна уу? гэхээр нь сая байшинд орж ирээд хэвтсэн гэхэд Анхаа агаа чинь цустай холилдсон байна уу? Хүнтэй зодолдсон юм шиг байна гэхээр нь би буцаж байшинд ороод Анхаа ахаас та хаагуур яваад ирэв? гэхэд Анхаа ах надад ахыг нь хүмүүс зодоод тэгэхээр нь агаа нь хатгачихлаа гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гэхэд Анхаа ах засварын газрын хажууд хэдэн хүн мотоцикль босгоод өг гэхээр нь босгоод өгтөл зодчихлоо гэж хэлэхээр нь би тэгээд та яасан юм бэ? гэхэд Анхаа ах тэгэхээр нь агаа нь хатгачихлаа гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгээд би буцаж аавд орж хэлчихээд байшин руу орох гээд явж байтал гадаа цагдаа нар ирсэн. Тэгээд л Анхаа ахыг аваад явсан. /хх-ийн 43 хуудас/

 

         Гэрч С.Балдандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой Дондовын мотоциклийг янзлуулаад байж байгаад 23 цагийн орчимд Лхагваа ах харихаар гараад удаагүй байтал Дондов Лхагваа ax орилж байна гээд гарсан. Удалгүй Лхагваа ах Дондовын хамт хамраас нь цус гоожчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би наад хүнээ явуул, та ч гэсэн харь гэхэд Лхагваа ах Дондовын хамт гараад явсан. Тэгээд удалгүй Лхагваа ахыг дөхүүлээд өгчихлөө гээд Дондов орж ирсэн. Түүнээс хойш 10-20 минутын дараа Лхагваа ахын хүүхэд болох Болдоо аавын тархи руу цохьчихсон байна, хэн аавыг зодчихов гээд орж ирэхээр нь бид нар аав чинь энд согтуу юмтай заамдалцаж аваад байсан, тэр зодчихсон юм байх даа гээд Батболд, Дондовын хамт гараад тэр залуугийн давсан гэх айлын хашааг Дондовоор заалгаад Батболдын хамт хаалгыг нь нүдсэн. Тэгэхэд тэр айл хаалгаа тайлж өгөөгүй. /хх-ийн 44 хуудас/

 

         Гэрч П.Дашдондов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг засварын газар дотор мотоциклио янзлуулж байгаад засварын газраас гарахад хариугүй үхлээ шүү дээ гээд орилох чимээ гарахаар нь хартал засварын үзүүр дээр нэг эрэгтэй хүн Лхагваа гэх хүний дээр нь гарчихсан хоолойг нь боосон байсан. Тэгээд би тэр хүнийг Лхагваа гэх хүний дээрээс татаж салгасан. Намайг тэр хоёрыг салгахад Лхагвааг боож байсан залуу хашаан дээгүүр даваад Лхагваа нь урагшаа эргээд явахаар нь би засварын газар руу буцаад орсон. Лхагваа гэх хүнийг явсны дараа удалгүй хүү нь болох Батболд гэх залуу ирээд манай аавын тархи, толгой хагарчихсан байна. Юу болсон юм бэ? гэхээр нь би болсон асуудлыг хүүхдэд нь хэлсэн. /хх-ийн 45 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Лхагвадоржийн биед дух, цээж, зүүн шуу, зүүн гуяны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Уг гэмтэл нь иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 51 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3689 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн Д.Лхагвадоржийн гэх цусанд 1.1 промилли, Ч.Анхбаярын гэх цусанд 1.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1.1, 1.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 58 хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, илтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №05/35 дугаартай үнэлгээ, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Ч.Анхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Лхагвадоржоос шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 5-11, 21-22, 25-27, 32-35, 68-69, 72 хуудас/

 

Шүүгдэгч Ч.Анхбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 251 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73 хуудас/

 

Шүүгдэгч Ч.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 21 дүгээр гудамжинд хохирогч Д.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний дух, цээж, зүүн шуу болон зүүн гуян тус газар нь хутгаар тус тус зүсэж Д.Лхагвадоржийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Анхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Лхагвадоржийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Анхбаяр миний зүүн талын гуя руу, өндийхөд дух руу цохих шиг болсон. Дух руу цохьчихоор нь махаа газар тавиад өндийхөд цээж рүү далайхаар нь гараараа хаатал гар юмаар зүсчих шиг болсон. Тэгээд тэр залууг барьж авах гэтэл ахиад юмаар дух руу цохьчих шиг болсон. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн Бямба гэрт орж ирээд Анхбаяр ах хүн дүрчихсэн юм биш үү. Анхбаяр ахаас юу болсон талаар асуухад мотоцикль босгоод өгөөч гэхээр нь би босгож өгтөл намайг бүгдээрээ элбээд зодохоор нь би уурандаа хүн дүрчихлээ гэж байсан. Гэрч Л.Батболдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд гаднаас аав гүйгээд дуу алдаад духаа дараад ороод ирсэн. Тэгээд босоод хартал духнаас нь их хэмжээгээр цус гарч байсан. Манай аавыг зодсон гэх залуу шалан дээр унтчихсан, хутгаа ширээн доогуур хийчихсэн байсан. Гэрч О.Бямбын Анхаа ахаас та хаагуур яваад ирэв? гэхэд Анхаа ах надад ахыг нь хүмүүс зодоод тэгэхээр нь агаа нь хатгачихлаа гэж хэлсэн. Гэрч С.Балдандоржийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн орчимд Лхагваа ах харихаар гараад удаагүй байтал Дондов Лхагваа ax орилж байна гээд гарсан. Удалгүй Лхагваа ах Дондовын хамт хамраас нь цус гоожчихсон орж ирсэн. Гэрч П.Дашдондовын намайг засварын газраас гарахад хариугүй үхлээ шүү дээ гээд орилох чимээ гарахаар нь хартал засварын үзүүр дээр нэг эрэгтэй хүн Лхагваа гэх хүний дээр нь гарчихсан хоолойг нь боосон байсан. Тэгээд би тэр хүнийг Лхагваа гэх хүний дээрээс татаж салгасан. Лхагваа гэх хүнийг явсны дараа удалгүй хүү нь болох Батболд гэх залуу ирээд манай аавын тархи, толгой хагарчихсан байна. Юу болсон юм бэ? гэхээр нь би болсон асуудлыг хүүхдэд нь хэлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3689 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, илтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №05/35 дугаартай үнэлгээ, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Ч.Анхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Лхагвадоржоос шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Анхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

 

Хохирогч Д.Лхагвадорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн нь тус тус нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 см-ийн урттай, ажлын хэсэг нь 8.7 см, бариул нь 12.8 см урттай, бор хүрэн өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Шүүгдэгч Ч.Анхбаярын эзэмшлийн 25-94 ӨВР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-2 маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Унзад овогт Чулууны Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Унзад овогт Чулууны Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Шүүгдэгч Ч.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.  

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 см-ийн урттай, ажлын хэсэг нь 8.7 см, бариул нь 12.8 см урттай, бор хүрэн өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярын эзэмшлийн 25-94 ӨВР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-2 маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Анхбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ