Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 29

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Б.Мөнгөншагай

                                              Шүүгдэгч Ц.Б

                                              Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЗ/329 дүгээр шүүгчийн захирамжинд прокурорын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр, Ц.Б-д холбогдох эрүүгийн 1826001320081 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оы 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Жоов овгийн Ц.Б

Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалетка 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0,5 литрийн шилтэй архи 1 ширхэг, Улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, Алилоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Диритон нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, хайч 1 ширхэг, бэлэн 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1403800 / нэг сая дөрвөн зуун гурван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Жоов овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1826001320081 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцааж, Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэлдээ: Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1403800 /нэг сая дөрвөн зуун гурван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, яллагдагч Ц.Б нь нэг төрлийн гэмт хэрэгт өмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж дүгнэн хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь яллагдагч Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралаа залгуулахаас өөр орлого, амьдралын эх үүсвэргүй болох нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаас харагдах бөгөөд Ц.Б-н 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртлэх хугацаанд 22 удаагийн үйлдлээр бусдын  эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг нэгтгэвэл хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжтэй болон хүндэрч яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталж ял оногдуулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээ болох 8 жилээс хэтрэхгүй байхаар байна. Харин яллагдагч Ц.Б-н өмнөх 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож нэгтгэвэл түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжтэй болж, түүнд оногдуулах хорих ялын дээд хэмжээ 12 жил болж яллагдагчийн эрх зүйн байдал нь дордож байна.

Иймд Ц.Б-д холбогдох Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЗ/329 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Б-г 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж 1403800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ц.Б нь 2014 оны 08 сараас 2016 оны 08 дугаар cap хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэгтээ тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,

Мөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэгтээ тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 7 cap 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Б-н 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэх үйлдлүүд нь түүнд холбогдох 2014 оны 08 сараас 2016 оны 08 дугаар cap хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 112 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө,

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь түүний үйлдсэн гэх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө тус тус үйлдэгджээ.

Анхан шатны шүүхээс Ц.Б-г нэг төрлийн гэмт хэрэгт өмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Прокуророос Ц.Б-д холбогдох хэргүүдийг нэгтгэвэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй болж яллагдагчийн эрх зүйн байдал дордохоор байна гэсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЗ/329 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.